Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин өчүүхэн буулт хийж зорилгодоо ойртсоор байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай харилцаагаа сэргээж, АНУ-Европын хооронд хагарал үүсгэх зорилгодоо ойртсоор байна. Ингэхдээ тэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Украины дайныг зогсоох хүчин чармайлтад өчүүхэн буулт л хийв.

Мягмар гарагт /2025.03.18/ Трамп, Путин хоёр утсаар ярихаас өмнө АНУ Украины дайнд 30 хоног гал зогсоохыг ОХУ-аар зөвшөөрүүлэхээр ажиллаж байсан. Украин тэрхүү гал зогсоох тохиролцоог зарчмын хувьд зөвшөөрч дэмжсэн юм. Үүний оронд Путин хоёр тал энергийн дэд бүтэц рүү довтлохгүй байх илүү бага цар хүрээтэй гал зогсоохыг зөвшөөрсөн.

Энэ тохиролцоо нь дайн эхэлснээс хойш хоёр тал ямар нэгэн байдлаар дайсагналыг бууруулсан анхны тохиолдол болсон. Цагаан ордон дараагийн шат болгон Хар тэнгист болон байлдааны талбарт бүрэн гал зогсоох тухай хэлэлцээг эхлүүлнэ хэмээсэн юм.

Гэсэн хэдий ч ОХУ одоогоор цэргийн довтолгоогоо үргэлжлүүлэн явуулах боломжтой. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Украины арми ОХУ-ын Курск муж руу нэвтрэн довтолсон. ОХУ-ын хүчин Курск дахь Украин цэргүүдийг хөөн гаргахад ойрхон буй.

Трамптай утсаар ярихдаа Путин гал зогсоох нөхцөлийг дахин илэрхийлж, байлдааныг зогсоосон үед Украин барууны зэвсгүүдийг хүлээн авахгү, нэмж цэрэг татахгүй байх ёстой гэсэн юм. Украин энэ нөхцлийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Зургийн эх сурвалж: CNN

Лондон дахь Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ОХУ-ын талаарх мэргэжилтэн Найжел Гоулд-Дэвис хэлэхдээ Путин өргөн хүрээнд гал зогсоох тохиролцоог шууд бусаар няцаасан гэжээ. Тэр нэмж Трамп ОХУ-д нэмж хориг тавин, эдийн засгийн дарамт шахалт үзүүлнэ гэдгээ сайн илэрхийлэхгүй л бол Путин өргөн хүрээнд гал зогсоох талаар авч үзэхгүй хэмээсэн байна.

Гоулд-Дэвис “Тэр гал зогсоох тохиролцоог сонирхож байгаа гэж хэлсэн ч Путин хүлээн авах боломжгүй хэд хэдэн нөхцөл тавьсан. Энэ нь тойруу аргаар үгүй гэж хэлсэн явдал” гэжээ.

Тэгвэл 1990-ээд онд ОХУ-ын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Андрей Козыров Дождь сувагт хэлэхдээ Трамп ямар ч амжилт гаргаагүй хэмээсэн байна. Тэр “Дайныг үргэлжлүүлж, Америкийг хянах нь Путиний ашиг сонирхол” гэжээ. Козыров хэлэхдээ Путин эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхыг зөвшөөрснөөрөө ямар ч буулт хийгээгүй.

Улс төр судлаач Татьяна Становая “Энэ бол мэдээж хоёр орны харилцааг Украины мөргөлдөөнөөс шууд хамааралтай байдлаас холдуулж буй Путиний хувьд томоохон амжилт” гэсэн байна.

Кремльтэй ойр Орос эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ “Путин Трампт шахалт үзүүлж, дайныг үргэлжлүүлэхийг оролдож байгаа. Украинчууд ухран, бага багаар ард түмэн болон газар нутгаа алдана” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button