Украин, АНУ-ын албан тушаалтнууд Саудын Арабд уулзлаа

Украин болон АНУ-ын албан тушаалтнууд ням гарагт /2025.03.23/ Саудын Арабд уулзсан байна. Уулзалтын талаар Украины батлан хамгаалахын сайд хэлэхдээ тэд эрчим хүчний байгууламжууд болон чухал дэд бүтцийг хамгаалах тухай саналыг хэлэлцсэн гэсэн юм.
АНУ-ын тусгай элч Стив Виткофф хэлэхдээ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт гарсан хамгийн том дайныг дуусах боломжийн талаар өөдрөг үзэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Виткофф ням гарагт “Fox News” агентлагтай ярилцахдаа “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энх тайвныг хүсэж байгаа гэж би бодож байна. Даваа гарагт /2025.03.24/ Саудын Арабд бодит ахиц дэвшил гарна гэж би таамаглаж байгаа. Хар тэнгист гал зогсоох талаар жинхэнэ ахиц гарна байх. Тэрнээс цаашаа бүрэн гал зогсоох хэлэлцээ рүү шилжинэ” хэмээжээ.
Өнөөдөр АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд Саудын Арабд уулзах юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр явагдсан хэлэлцээний дараа “Хэлэлцээ хийх нь их ашигтай. Манай төлөөлөгчид үргэлжлүүлэн ажиллаж байна. Гэхдээ өнөөдөр бид түншүүддээ юу ч хэлсэн бай, Путин цохилтоо зогсоох бодит тушаал өгөх хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.