Трампыг эсэргүүцэж буй зарим европчууд АНУ-руу аялахаас татгалзаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны томоохон түншүүддээ гаалийн татвар тавьж, Гринланд болон Канадыг нэгтгэнэ хэмээж, улсынхаа Украины дайны бодлогод эрс өөрчлөлт хийсэн. Энэ мэт алхмыг нь эсэргүүцэж буй зарим европчууд АНУ-руу аялахаас татгалзах болжээ.
Дани улсын иргэн Кеннет Браск хоёр жилийн өмнө Флорида мужид загасчлалын аялал хийсэн нь их таалагдсан тул энэ жил дахин аялахаар төлөвлөж байсан юм. Гэвч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Трамп Цагаан ордонд хүлээн авч уулзсан нь маргаанаар дууссаныг үзсэний дараа тэр аяллаа цуцалсан байна. Браск “Reuters” агентлагт хэлэхдээ “Би тэр уулзалтыг хараад ноён Трамп ерөнхийлөгч хэвээр байгаа цагт би хэзээ ч АНУ-руу аялахгүй” хэмээж, Трампыг насанд хүрсэн хүн шиг авирлаагүй гэсэн юм.
Браск бол Трампын алхмуудын улмаас аяллын төлөвлөгөөгөө өөрчилж буй европчуудын нэг. Европын холбооны мэдээлснээр 2023 онд европчууд АНУ-руу аялахдаа 155 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Тэгвэл АНУ-ын Үндэсний аялал жуулчлалын албаны (NTTO) урьдчилсан мэдээллээр бол баруун Европоос АНУ-д ирсэн жуулчдын тоо хоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 хувиар буурчээ. 2024 оны хоёрдугаар сард харин жуулчдын тоо 14 хувиар нэмэгдсэн.
Улс орноор нь авч үзвэл Словениэс ирж буй жуулчдын тоо 26 хувиар буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Тус улсын дараа Швейцарь, Бельги улс оржээ. Данийн автономит нутаг болох Гринландын талаар Трампын хэлсэн үг даничуудыг их дургүйцүүлжээ. Дани улсын иргэн Ким Кугел “Reuters” агентлагт хэлэхдээ Калифорни руу хийх аяллаа цуцалж, Америкийг дэмжигч мэт харагдахгүйн тулд өөрийнхөө шивээс дээрх од болон зураасыг арилгуулсан байна.
“NTTO” мэдээлснээр Даниас АНУ-руу ирж буй жуулчдын тоо хоёрдугаар сард зургаан хувиар буурчээ. Харин 2024 оны хоёрдугаар сард долоон хувиар нэмэгдэж байсан юм. Европын аялал жуулчлалын агентлагууд болон компаниуд “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө АНУ-руу аялах талаар хайлт буурч байгаа тул бусад чиглэлд сурталчилгаа явуулахад төвлөрч байгаа гэжээ.
Копенхаген дахь “Albatros Travel” компанийн ахлах менежер Стин Альбрехстен “Үйлчлүүлэгчдийн хандалт муу, Дани болон Гринландын одоогийн нөхцөл байдлаас хамаарч бид АНУ-руу хийх аливаа аяллын талаарх сурталчилгаанд нэг ч мөнгө зарцуулахгүй байх шийдвэр гаргасан” хэмээсэн юм. Гадаад жуулчид дотоодын аялагчдаас долоогоос найм дахин их мөнгө зарцуулдаг тул энэ нь АНУ-ын аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөө үзүүлнэ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп