Top StoriesНийгэм мэдээ

"Бие даалтын 7 хоног"-оор сурагчдад чиглэсэн үйл ажиллагаа бий юу, тэд хэрхэн амардаг вэ

Бие даалтын долоо хоног хот, хөдөөгийн сурагчдад хэрхэн хэрэгждэг вэ?

2024-2025 оны хичээлийн жилд сурагчид анх удаагаа бие даан хөгжиж, суралцах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бие даалтын долоо хоногтой болсон. Уг долоо хоногоор суралцагчид бие даан суралцаж, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадвараа хөгжүүлэх, нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцахад түлхүү анхаарах боломж нэмэгдэх юм. Угтаа бие даалтын долоо хоногийн зорилго нь сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, тэдний мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх чадварыг дээшлүүлэхэд оршино.

Тиймээс бие даан суралцах эдгээр өдрүүдийг нийслэлийн болон орон нутгийн сурагчид хэрхэн өнгөрүүлдэг тухай сурвалжиллаа.

Бид энэхүү нийтлэлийг бэлтгэхдээ бага, дунд, ахлах ангийн сурагчид болон эцэг эх, орон нутгийн болон нийслэлийн сургуулиудын багш нараас тодрууллаа.

-Сурагчид: Өмнө нь хөдөө явсан. Энэ удаа ангийнхантайгаа аялана, гэртээ амарна-

-Та хоёр хэддүгээр анги вэ. Өнгөрсөн өвөл бие даалтын долоо хоногтой болж, танхимаар хичээллээгүй. Тэр өдрүүдэд юу хийж, өнгөрүүлсэн бэ?

-Сурагч 1: Бид хоёр одоо долоодугаар ангид сурдаг. Өмнөх бие даалтын өдрүүдэд хөдөө байдаг өвөө, эмээ дээрээ очсон. Хотын утаа их, ханиад их байх үед нь хөдөө явсан болохоор гоё өнгөрүүлсэн. Цөөхөн хоног ч гэсэн ёстой гоё амраад ирсэн.

-Сурагч 2: Харин би найзтайгаа яг адилхан амарсан. Хөдөө хамаатан дээрээ очсон. Одоо бол аялалдаа явчхаад, гэртээ амарна. эж, аав хоёр дулаан орж байгаа учраас сургалт, секцэд явуулна гэсэн. Би одоо юунд явах эсэхээ шийднэ. Тэгээд л амрах байх. Амраад гэр

-Харин одоо энэ бие даалтын долоо хоногоороо юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Сурагч 1: Ангийнхантайгаа нэг өдөр аялалд явна. Тэгээд бусад өдрүүдэд нь гэртээ амарна байх. Долоо хоногийн хоёр, гурван өдөр би сэлэлтээр хичээллэдэг. Сураглтдаа бас сууна. Тэгээд үлдсэн цагийг нь ер нь гэртээ л өнгөрүүлнэ.

-Сурагч 2: Би ч бас аялалд явна. Тэгээд багш даалгавар өгвөл хийнэ. Бусдаар гэртээ амарна.

-Хэддүгээр анги вэ, бие даалтын долоо хоногоороо юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Одоо тавдугаар анги. Гэртээ л байдаг. Математик, монгол хэл хоёрт даалгавар өгдөг учраас даалгавраа хийчхээд, гарч роллер унана гэж бодож байна. Өмнөх амралтаар нь хүйтэн байсан болохоор даалгавраа хийчхээд гэрээсээ гараагүй. Харин одоо гадаа гоё болж байгаа болохоор найзуудтайгаа тоголно.

-Бие даалтын долоо хоногоор нь сургуулиас нь даалгавар өгдөг үү?

-Өгдөг. Өмнө нь бид нар ангиараа музей үзэж байсан. Харин одоо бол хүүхэд нэг бүрийг ном уншаад, номын тэмдэглэл бичиж ир гэсэн. Бас зарим өдөр нь сургууль дээр үйл ажиллагаа зохион байгуулах юм шиг байна лээ. Өнгөрсөн удаагийн амралтаар музей л үзсэн. Тэгээд гэртээ амарсан. Угаасаа утаа ихтэй, ханиад амархан хүрчихдэг байсан болохоор ер нь гэрээсээ гардаггүй байсан.

-Одоо хэддүгээр анги вэ, хичээлийн даалгавар, нэмэлт ажиллах юм өгдөг үү?

-Долоодугаар анги. Хичээлийн даалгавар нэг их өгдөггүй юм. Номын тэмдэглэл бичиж ирээд, ярьж өгөөрэй л гэдэг.

-Хэддүгээр ангид суралцдаг вэ, бие даалтын долоо хоногоо хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Есдүгээр анги. Сургууль дээр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бас багш нар нэмэлт давтлага өгдөг болохоор сургууль дээр их ирдэг. Гэхдээ хичээлийн үеийнх шиг олон цагийг энд зарцуулахгүй. Арай бага цаг хугацааг сургууль дээр цөөн хэдэн цагийн нэмэлт давтлага аваад, хичээлээ хийх бодолой байна.

-Бие даалтын долоо хоногоороо юу хийх вэ?

-Ерөөсөө л сайхан унтана даа. Арваннэгдүгээр анги болохоор даалгавар өгөөд байдаггүй юм. Өмнөх амралтаар музей үзэж байсан. Тэгээд найзуудтайгаа уулзаад, амарч л өнгөрүүлдэг. Харин одоо бол гэртээ амарч, унтаж өнгөрүүлнэ. Хавар болоод нэлээн ядарч байгаа. Өглөө хичээллэдэг болохоор эрт босно, сургуульдаа ирнэ. Тараад, гэрлүгээ харихдаа л их ядарчихсан байдаг. Энэ амралтыг аюулгүй байдалд суралцах гэсэн хөтөлбөртэй гэсэн. Аюулгүй байдалд суралцаад, шим тэжээлтэй хоол хүнс идэж, нойроо л сайн авна.

-Бие даалтын долоо хоног нь чиний хувьд амралт шиг санагддаг уу, биеэ даагаад суралцах танхимаас гадуурх сургалт шиг санагдаг уу?

-Амралттай байсан ч хичээлтэй байсан ч би мөнхийн бэлтгэлтэй. Тиймээс надад аль алин шиг нь санагддаггүй ээ. Энэ удаагийн амралтаар нь цэргийн ангид очиж, бэлтгэлээ хийнэ. Тэгэхээр угаасаа надад бүх өдөр л адилхан бэлтгэлтэй өдөр байдаг. Харин өмнөх амралтаар нь найзуудтайгаа заал авч байсан санагдаж байна. Ер нь ганц, хоёр өдөр нь ангийнхантайгаа уулзаж, олноороо юу хийж болохоор байна. Тэрийгээ л хийсэн.

-Ер нь ийм танхимаас гадуур өөрийгөө хөгжүүлэх өдөртэй байх нь ямар санагдаж байна вэ?

-Бага ангийнханд л юу юм гэхээс биш. Бид нарт нэг их амралт шиг, сургалт шиг санагдаггүй ээ. Долоохон хоног яг юу хийнэ гэж. Бараг л улирлын амралтын эхний долоо хоног шиг л өнгөрдөг. Тодорхой хийх юм байхгүй. Тэгснээ биеэ даана гэхээр мэдэхгүй ээ. Нэг л сонин санагддаг. Зүгээр хичэлээ орчихвол шулуухан даа.

-Бие даалтын долоо хоногоороо юу хийх вэ, сургуулиас нь ямар нэгэн хөтөлбөр зохиогдох уу?

-Одоо арванхоёрдугаар анги болохоор ЭЕШ-дээ бэлдэнэ. Манай сургуулиас багш нарын давтлагын цаг зарлагдаж байгаа. Долоо хоногийн хоёр өдөр нь хоёр цагаар монгол хэл, ахиад гурван өдөр нь хоёр цагаар математик ч юм уу. Тиймэрхүү байдлаар давтлагаа авна. Өмнөх бие даалтын өдрөөр нь өвөл байсныг ч хэлэх үү, гэртээ байсан.

-Бие даалтын долоо хоногоо хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Дүүгээ харна. Манай дүү одоо нэгдүгээр анги. Тиймээс дүүтэйгээ хоёулаа үлдэж, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, даалгаврыг нь хийнэ. Надад нэг их хийгээд байх даалгавар байхгүй учраас. Амралтын бүхий л өдөр хоногийг дүүтэйгээ л хамт өнгөрүүлдэг. Одоо ч яг адилхан дүүгээ л харж, гэртээ үлдэх байх.

-Өмнөх бие даалтын долоо хоногоороо юу хийж өнгөрүүлсэн бэ?

-Ихэнх цагийг гэртээ. ЭЕШ-даа бэлдсэн. Харин ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлээд, сургуулиас давтлагын хуваарь гаргана гэсэн. Тэгэхээр энэ амралтыг ч бас монгол хэлний шалгалтдаа бэлдэж, өнгөрөөх байх.

-Ер нь бие даан суралцах долоон хоногтой байх нь зөв үү?

-Мэдэхгүй ээ. Тийм ч зүгээр санагддаггүй. Ерөөсөө бие дааж, суралцах нөхцөл байхгүй шүү дээ. Тийм байхад зүгээр л хичээлийг нь оруулаад, улирлын амралтынх нь хугацааг сунгачихвал нэг мөсөн амар дөө. Бие даалтын долоо хоног гэсэн нэртэй л болохоос биш бараг улирлын амралт шиг.

Сурагчдын дийлэнх нь "Бие даан суралцах долоо хоног"-ийг гэртээ амралтын байдлаар өнгөрүүлдэг тухай хуваалцлаа. Үргэлжлүүлэн бид эцэг эхчүүдээс энэ өдрийн талаарх байр суурийг нь сонслоо.

-Эцэг эхчүүд: Олон дахин амраагаад байхаар хүүхдүүд хичээлдээ явах дургүй болж байна-

-Бие даан суралцах долоо хоногийн сурагчдад гаргаж өгдөг болсон. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Ёстой ингэж ажил хийж байгаа мэт оронцоглохоо болимоор юм. Манай хүүхэд одоо хоёрдугаар анги. Юун бие даах, амралт шиг л өнгөрнө. Амралт их байхаар энэ хүүхэд чинь хичээлдээ явах дургүй болоод, олигтой ч сурахгүй байна. Их амраагаад байвал болж л өгвөл "Сургуульдаа явахгүй" гээд байдаг. Бие даалтын долоо хоног гээд өвөл амраагаад байсан. Яах вэ, хүйтэн сэрүүний улиралд утаа ихтэй учраас долоо хоног амраачихаж байгаа юм. Гэхдээ энэ хүүхэд гэртээ байхдаа яаж, юунд нь бие даан суралцах вэ дээ. Гэрийнхэн нь л харин ширээний ард тогтвортой сууж сургах гэж хичээдэг. Бусдаар ёстой дэмий шийдвэр. Мушилзсан ч гэсэн сургуульдаа явж байвал зүгээр.

-Бие даалтын долоо хоногоороо танай хүүхэд юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Өдөржин унтана. Унтаж сэрээд утас оролдоно. Юун бие даах. Сургуулиас нь ч даалгавар өгдөггүй. Яг л улирлын амралт шиг өнгөрүүлдэг. Хүмүүс ханиад томууны үеэр амраах нь зөв л гэсэн. Жил болгон л зунаас бусад улиралд ханиад томуу их дэгддэг. Тэр болгонд нь амраагаад байж болохгүй шүү дээ. Хүүхдүүд чинь суралцаж, суурь мэдлэгээ авах хэрэгтэй. Тэртээ тэргүй олон жил ханиад томууны асуудал яригддаг. Ганцхан энэ жил томуу гараад байгаа биш шүү дээ. Дасан зохицоод, эцэг эхчүүд нь анхаарал тавиад суралцуулах л хэрэгтэй. Бие даах долоо хоног бол илүү зүйл.

-Бие даан суралцах долоо хоногоор танай хүүхэд яг суралцаж чаддаг уу. Ийм өрүүдтэй байх нь хэр оновчтой вэ?

-Хоёр талтай л даа. Угтаа бол хичээлд нь явуулж, юм сургамаар байдаг. Гэртээ байгаа хүүхэд яаж бие дааж, юунд суралцах юм. Харин нөгөө талаараа энэ халвдарт өвчин гарсан үед гэртээ байх нь зөв санагдаж байгаа юм. Гэхдээ ингэж хоёрын хооронд байснаас улирлынх нь амралтыг л нэмчихвэл болох байх. Бие даалтын өдрүүдээд цахимаар сургалт орно л гэдэг. Амжилттай болдог эсэхэд нь эргэлзэж л байна.

-Танай хүү "Бие даан суралцах долоо хоног"-оо хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Аль болох зүгээр суулгахгүй, сургалт, секцэнд явуулдаг. Хичээлтэй үед нь ч явуулдаг. Гэхдээ ингэж олон янзын нэршилтэй амралт өгөх нь их буруу. Уншиж, бодож чадахгүй нэг үе гарч ирэх нь байна. Дандаа л амралт гэсээр байгаад хичээлээс хойш суугаад, юу ч хийхгүй хүүхдүүд байгаа харагддаг. Энэ нь буруу шүү дээ. Ерөөсөө л бага ангиас нь суурийг нь сайн тавьж, хичээллэх байтал дандаа л амралт гээд амраачихдаг. Бие даах байтугай багштайгаа байхдаа ч хүүхдүүд юм сурахгүй байна шүү дээ.

-Бие даалтын долоо хоногийг сурагчдад олгох нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Манай хүүхэд наймдугаар анги. Гэртээ л амардаг. Бие дааж сурдаггүй байх. Гадуур ханиад, томуутай байгаа юм даа л гэж бодож байна. Тэрнээс биш иймэрхүү амралт ч ёстой илүү байх.

Эцэг эхчүүд "Бие даалтын долоо хоног"-ийн талаарх сэтгэгдлээ ийн хуваалцлаа. Харин одоо хөдөө, орон нутагт багшилдаг хоёр багш, нийслэлийн ЕБС-ийн багштай холбогдож, бие даалтын долоо хоног хэрхэн хэрэгждэг талаар ярилцлаа.

-Бие даалтын долоо хоногоор дотуур байр хаадаг. Тиймээс хүүхдүүд хөдөө гэрлүгээ явчихдаг-

-Танай сургуульд "Бие даалтын долоо хоног" хэрхэн хэрэгждэг вэ?

-Булган аймгийн ... сумын багш: Өмнөх нь намар таарсан болохоор урлаг, спортын наадам зохион байгуулаад их боломжийн байсан. Хүүхдүүд ч өөрсдөө тэрэндээ их идэвхтэй. Харин одоо бол сургуулиас хөтөлбөр гаргасан ч суралцах хүүхэд байхгүй. Дотуур байранд хүүхэд байлгахгүй учраас ихэнх нь хөдөө гэр лүгээ явчихдаг. Уг нь улирлын амралт гэж орон нутгийнханд арай урт амралт оногддог. Тийм байхад сумын төвд бие дааж , суралцах хөтөлбөрт хамрагдах хүүхэд их цөөн. Бүгд л явчихна. Ийм үр дүнгүй юм хийж байхаар зүгээр хичээлийг нь оруулах хэрэгтэй. Адаглаад, уншиж, бичээд дадлагажаад байвал өөрсдөд нь л хэрэгтэй. Хотын сурагчдад л энэ нь сайн хэрэгжих байх. Үзэж, харах юм ихтэй улс. Манайх шиг жижиг сум орон нутагт бол тохирохгүй. Сургалт гээд л нэг юм зохион байгуулдаг. Хичээлийн дундуурх тав, арван минутын завсарлагаанаар орж ирээд, заачих юмнууд байдаг. Галын аюул, газар хөдлөлтөөс сэргийлэх талаар брошур тараагаад багш нар нь ч орж чадна. Тийм байхад, энэ бие даах өдөр бол үнэхээр бид нарт хэрэггүй.


-Дархан-Уул аймгийн ЕБС-ийн багш: Угтаа энэ санаа нь зөв. Хүүхдүүд өөрсдөө мэдлэгийг бүтээж, суралцаж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Гэхдээ энэ утгаараа манайд хэрэгжтэл нэлээн олон жил шаардагдах байх. Одоо бол хүн бүр амралт гэж харж байгаа. Уламжлалт байрлалаар заадаг, багш нарт энэ нь их бүтэшгүй л санагддаг. Сурагч, эцэг эхчүүд нь ч амралт гэж хардаг болохоор идэвхтэй бус. Уг нь аймгийн онцгой байдлын газраас сургалт зохион байгуулаад л байгаа юм. Суралцах хүүхдүүд нь цөөхөн л дөө. Ихэнх нь ийш, тийшээ явчихдаг. Тэгэхээр үүнийг хэрхэн үр бүтээмжтэй шийдвэр болгох уу гэдэг дээр яамныхан дахиад ажиллах хэрэгтэй байх. Нийтээрээ амралт гэж харж байгаа байдлаас, тэр дундаа орон нутагт бол арай өөр арга хэмжээгээр зохиогдох нь зөв гэж бодож байна.


-Нийслэлийн ЕБС-ийн 45 дугаар сургуулийн захирал: Манайх нэгдсэн шугамаар хөтөлбөр гаргаж, анги ангиар нь өдөр зарлаж, хүүхдүүдээ хамруулдаг. Тийм шийдлээр ажиллаж, нэг, хоёр өдрийг нь өөрсдөд нь хэрэгтэй байдлаар зарцуулахгүй бол яг л улирлын амралт шиг налайгаад ороод ирдэг. Угтаа бол сурагчид өөрсдөө мэдлэгээ бүтээгээд бие даах нь зөв ч гэсэн. Хараахан бүрэн хэрэгжих болоогүй л байна. Цөөн цагаар сургуулиас гадуурх үйл ажиллагаа зохион байгуулахаар зарим эцэг эх, "Хүүхэд амраасангүй" гэж уурлана. Тэгэхээр энэ нь яг амралт юм уу, сургалт юм уу гэдгийг л сайтар ойлгуулмаар байна. Бид ч хэрэндээ хичээж байна.

Дээр дурдсанаар бие даалтын долоо хоног нь сурагчдын бие даан суралцах, хөгжих боломжийг олгох зорилготой, танхимын сургалтаас гадуурх хугацаа юм. Энэ хугацаанд сурагчид тодорхой чиглэл, сэдвээр өөрсдөө судалгаа хийх, бүтээлч байдлаа хөгжүүлэх, соёл урлаг, спорт, чөлөөт ажиллагаа зэрэг үйл ажиллагаанд оролцож, хичээл, онолын мэдлэгийг практикт ашиглах боломжийг олгох ёстой.

Сурагч өөрийн хүсэл сонирхлоороо тухайн долоо хоногт хүссэн сэдвээр судалгаа хийж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх ёстой өдрүүд юм. Гэтэл манайд энэ долоо хоног үр дүн муутай талаар эцэг, эхчүүд шүүмжилж байна.

Тэдний хэлж буйгаар, өмнөх бие даах долоо хоногоор нь зарим багш энэ өдрүүдэд нэмэлт даалгавар өгчээ. Бие даан суралцахаасаа илүү хуулан бичиг хийж, алдаа оноотой даалгавар хийх нэрийдлээр нүүр халхалсан байдалтай байгааг эцэг эхчүүд онцолж байлаа. Сурагчид ч энэ өдрүүдийг амралт гэж хүлээн зөвшөөрч, байгаагаа илэрхийлсэн. Иймд, энэ тал дээр цаашид анхаарч илүү үр дүнтэй өнгөрүүлэхэд тал, талын харилцан ойлголцол, санал санаачилга чухал байна.

Нэмэлтээр олон улсын туршлагаас хуваалцахад,

Олон улсад сургуулиуд бие даалтын долоо хоногийг тогтмол зохион байгуулдаг. Зарим орны жишээг хүргэе.

Норвеги- “Судалгааны долоо хоног”

Норвегийн сургуулиудад сурагчид долоо хоногийн турш судалгааны сэдвийг чөлөөтэй сонгож, түүнийхээ дагуу судалгаа хийж төсөл боловсруулахыг дэмждэг байна. Улмаар тэд мэргэжилтнүүдтэй ярилцаж, номын сан, интернэтээс мэдээлэл цуглуулж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлдэг.


Япон-“Хоёрдугаар хичээлийн үе”

Японы сургуулиудад сурагчид бие даалтын долоо хоногоор “Хоёрдугаар хичээл” хэмээх сургалтад хамрагддаг. Энэ сургалт нь сурагчдын бие даан суралцах, авьяас, сонирхлыг хөгжүүлэх зорилготой. Тухайлбал, сурагчид сонирхлынхоо дагуу олон төрлийн сэдвийг сонгож, тэр сэдвээр илүү дэлгэрүүлж судлах боломж олгодог. Жишээлбэл, урлаг, шинжлэх ухаан, спорт, технологи гэх мэт сэдвээс сонгон энэ тал дээр бие даан судалгаа хийдэг.


АНУ-"Бие даалтын долоо хоног”

Сурагчид өөрийн сонирхолд нийцсэн сэдвийг сонгож, түүний хүрээнд судалгаа, төсөл боловсруулна. Ингэхдээ олон сурагчид хамтран ажиллах боломжтой бөгөөд энэ нь тэдний хамтын ажиллагаа, харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд тусалдаг. Улмаар хийсэн судалгааны үр дүн, төсөл, бүтээлээ бусдад танилцуулдаг. Үүнд, график, видео, интерактив хэрэгсэл ашиглах боломжтой бөгөөд олон шинэлэг санааг тусгах боломжтой байдаг.


Дээрх туршлагаас харахад, бие даалтын долоо хоног нь сурагчдын судалгаа хийх, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх ур чадвараа сайжруулахад түлхэц болж буй. Мөн тодорхой сэдэв, хүрээг бий болгосноор үр дүнтэй цаг хугацааг ашиглах боломж нэмэгдэж байгаа нь олон улсын арга барилуудаас тодорхой харагдаж байна. Иймд манай улс цаашид бие даалтын долоо хоногийг системтэй, төлөвлөгөөтэй зохион байгуулж, орон нутаг, хотын ялгаагүй. Сурагчдын сонирхол, авьяас чадварыг харгалзан, судлах, шинэ санаа гаргах, боломжийг олгох нь зүйтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 09:31

Юу ч хийлгэхгүй амраамаар байна

Зочин
Зочин
3 сар 27, 2025 09:13

ednuusiin aylah gej yu baihawdee. aaw eej owoo emeeedee tusal

Зочин
Зочин
3 сар 27, 2025 16:33

Нэрнээс цаашгүй. Дандаа сургууль руу нь дуудаад. Байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button