Судалгаа: ChatGPT их ашигладаг хүмүүс илүү ганцаардмал байдаг

ChatGPT-ийг их ашигладаг хүмүүс илүү ганцаардмал, тус хиймэл оюун ухаант чатботоос илүү хамааралтай, цахим бус нийгмийн харилцаанд илүү бага ордог гэдгийг шинэ судалгаа харуулжээ. “OpenAI” болон “MIT Media Lab”-ийн хийсэн хоёр судалгаагаараа ийм үр дүн илрүүлсэн юм.
Эрдэмтэд чатботуудтай сэтгэл хөдлөлөө их илэрхийлж, хувийн яриа өрнүүлдэг хэрэглэгчид ганцаардал мэдрэх хандлага илүү байдгийг тогтоосон байна. Гэхдээ энэ чатботоос үүдэлтэй юу эсвэл ганцаардсан хүмүүс сэтгэл зүйн холбоо хайж чатбоыг ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Судалгааг бичсэн эрдэмтэд тэрхүү эрдэм шинжилгээний ажил нь урьдчилсан байдлаар хийгдсэн гэдгийг онцолсон байна.
“OpenAI” болон “MIT Media Lab”-ийн судлаачид тэдгээр судалгааны ажлыг удахгүй шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээс харвал ChatGPT ашиглалтын цагаар топ арван хувьд ордог хүмүүс бусадтай харьцуулахад ганцаардмал байх магадлал илүү өндөр байжээ.
Дуу хоолойд суурилж харилцдаг чатботууд текст суурьтай чатботуудтай харьцуулахад эхэндээ ганцаардлыг буруулж байсан юм. Гэвч ашиглах тусам энэхүү давуу тал нь арилж эхэлжээ. Дөрвөн долоо хоногийн турш чатботыг ашигласны дараа судалгаад оролцсон эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад бусад хүмүүстэй харилцах магадлал нь бага болсон байна.
ChatGPT-гийн дуу хоолойгоор харьцдаг хувилбарыг эсрэг хүйсийн хоолойтой болгож ашигласан оролцогчид туршилтын төгсгөлд бусад оролцогчдоос ганцаардлын түвшин нь мэдэгдэхүйц өндөр, чатботоос сэтгэл зүйн хувьд хамааралтай байдал нь илүү байжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.