УЛС ТӨР

Ялалт “зөгнөсөн” Хэнтийн томилолт

-МАН-Д ХАМГИЙН ХАЛГААТАЙ ГЭГДДЭГ ЖАРГАЛТХААН СУМАНД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨВ-

СЕХ-ноос Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эрхээ улс төрийн нам 11 албан ёсоор гардаж аваад буй. Нөхөн сонгууль ирэх сарын 30-ны өдөр зохион байгуулагдана. Тиймээс ч улс төрийн намууд Хэнтий аймгийн 42-р тойрогт ихээхэн анхаарал хандуулж, сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа эхлэхийг хүлээж байгаа юм.

Ийм эгзэгтэй үед Хэнтий аймагт намаасаа нэр дэвшинэ гэгдэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн томилолтоо тус аймгаас эхлүүлэв. Ерөнхий сайдын томилолтын багт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар багтжээ. Томилолтын багийнхан Хэнтий аймгийн МАН-д хамгийн халгаатай сумаар нэрлэгддэг Жаргалтхаанд онцгой ач холбогдол өгөв.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жаргалтхаан суманд тухайлан ажиллахдаа 47 жилийн өмнө баригдсан хуучин сургуулийг нь шинэчилж өгөхөөр болсноо зарлаж, 3.2 тэрбум төгрөгөөр эрчим хүчний асуудлыг нь шинэ хичээлийн жилээс өмнө шийдвэрлэж өгөхийг салбарын сайдад нь даалгалаа. Ингээд зогсохгүй  Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, суманд нь пургон машин бэлэглэлээ.

Сонгуулийн жил Засгийн эрхийг атгаж байна гэдэг ийм л давуу талтай. Бусад улс төрийн намууд сурталчилгааны хугацаагаа хүлээж, элдэв үйлдэл хийвэл хуулийн зөрчих болчих эрсдэлтэйг тооцоолон сууж буй. Тэгэхэд манай Ерөнхий сайд тэнд  жинхэнэ “жаалж” байгаа юм.  Засгийн газрын тэргүүн аймгуудаар ажиллаад, бас бус асуудлыг нь шийдээд явдаг. Ийм хэлбэр дор Хэнтий аймгийг Засгийн газар бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж “эргэв”.

“У.ХҮРЭЛСҮХ НЭР ДЭВШИХГҮЙ БОЛ Ж.ОЮУНБААТАР ЯЛАЛТ БАЙГУУЛНА”

Угаас  хан Хэнтийчүүд  У.Хүрэлсүхэд элгэмсүү. Түүнийг анхлан УИХ-д итгэл өвөрлүүлэн илгээсэн ард түмэн нь билээ. Хэнтийн аймгийн 42-р тойрог сулрах үеэр хамгийн түрүүнд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэлцэж байсан ч шийдвэртэй хариу огт хэлээгүй. Тэрээр нэгэнтээ“Одоогийн өмсөж буй давхар дээл маань надад хангалттай” гэж дуугарсан нь ч бий.

Гэвч 2020 оны сонгууль зохион байгуулагдахад ердөө жилийн өмнө тэр дахин нухацтайгаар бодож үзэх үзэх шаардлагатай тулгарсан. АН-аас Хэнтий аймгийн засаг дарга асан Ц.Оюунбаатар нутагтаа нэр хүнд сайтай. МАН-аас У.Хүрэлсүхээс өөр хүн очвол тэр Хэнтийд өлхөн гарна гэгдэж буй. Ж.Оюунбаатар сонгуульд ялалт байгуулчихвал  сөрөг хүчин албан ёсоор бүлэгтэй болох том эрсдэл эрх баригчдыг хүлээнэ гэсэн үг.

Нөгөө талд МАХН-тай эв зүйгээр тохироо хийж, Н.Энхбаяраас өөр хүн дэвшүүлэх асуудал ихээхэн чухал байгаа. Парламентад Н.Энхбаяр орж ирвэл АН-д, МАН-д халгаатай учир хоёр нам энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй байх чиглэлд ихээхэн анхаарсан хэвээр байна. Энэ мэт улс төрийн гарцаагүй нөхцөл байдлын улмаас МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгаас нэр дэвших нь нам дотроо бараг л тодорхой болчихоод байна.

Тиймээс ч орон нутгийн томилолтоо Хэнтий аймгаас сүр дуулиантайгаар эхлүүлж, Засгийн газар тэргүүлж яваа давуу талаа ашиглаж байна гэж харагдав.

Ж.МЯДАГБАДАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button