Пап Францис эмнэлэгт амьсгал хураахад маш ойрхон байжээ

Ромын пап Францис эмнэлэгт хэвтэж байхад буюу хоёрдугаар сарын 28-нд түүнд амьсгалын замын хямрал үүсэж, эмч нар эмчилгээг зогсоох талаар авч үзсэн байна. Гэсэн ч тэд Францисын эд эрхтнүүдийг нь эрсдэлд оруулж магадгүй түрэмгий эмчилгээ хийхээр шийджээ.
88 настай Францисын эмч Сержио Альфиери хэлэхдээ пап лам болон түүнтэй ойрын хүмүүс тэр шөнийг давахгүй байж магадгүй гэдгийг ойлгож байсан гэсэн юм. Альфиери “Corriere della Sera” сонинд “Бид эмчилгээг зогсоож түүнийг тавьж явуулах эсвэл бусад эрхтнүүдийг нь гэмтээж болох өндөр эрсдэлтэй боломжит бүх эм, эмчилгээг хийж үзэх үү гэдгийг сонгох хэрэгтэй болсон. Эцэст нь бид эмчилгээг үргэлжлүүлэх сонголтыг хийсэн” хэмээсэн байна.
Францис 38 хоногийн турш эмнэлэгт хоёр уушгины хатгаагаа эмчлүүлсний дараа ням гарагт /2025.03.23/ гарсан. Түүнийг эмч нар хоёр сарын турш ажиглах бөгөөд энэ хугацаанд Францис олон нийт цугласан үйл ажиллагаанд оролцохоос татгалзах ёстой аж. Дөрөвдүгээр сарын 20-нд болох Улаан өндөгний баяраас өмнө Францис ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эсэх дээр Ватикан мэдэгдэл хийгээгүй юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.