БНХАУ-ын үйлдвэрлэл сүүлийн жилд үзэгдээгүй хэмжээгээр өсжээ

БНХАУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гуравдугаар сард сүүлийн нэг жилд байгаагүй хурдан өсөлтийг үзүүлжээ. Даваа гарагт /2025.03.31/ нийтлэгдсэн үйлдвэрүүдийн судалгаагаар бол шинэ захиалгууд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн байна.
Энэ үзүүлэлт нь Хятадын 18 их наяд ам.долларын эдийн засгийг дэмжих сүүлийн үеийн төсвийн бодлого үр дүнгээ өгч буйн шинж тэмдэг юм. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэмэгдсэн нь АНУ-ын нэмэлт худалдааны хориг тогтоохоос өмнө гадаад худалдан авагчид бараагаа урьдчилж их хэмжээгээр худалдан авч байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж буй.
Гэхдээ энэ өсөлт удаан үргэлжлэхгүй байж магадгүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт /2025.04.02/ хариу гаалийн татвар тавих шинэ бодлого зарлах төлөвтэй байна. Трамп хариу татвар улс орнуудад ногдуулбал БНХАУ-ын бараанд шинэ татвар тогтоох эрсдэлтэй.
Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд эргэж ирснээсээ хойш БНХАУ-ын импортод тавьдаг гаалийн татварыг 20 хувиар нэмсэн. Тэрбээр БНХАУ-ыг АНУ руу үхлийн аюултай фентанил нэртэй мансууруулах бодисын гол түүхий эдүүдийг хууль бусаар нийлүүлж байгааг хязгаарлах тал дээр хангалттай арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байгаа юм.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо (NBS) мэдээлснээр худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) гуравдугаар сард 50.5 болж өмнөх сараас өссөн байна. Энэ нь 2024 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Үйлчилгээ, барилгын салбарыг хамарсан үйлдвэрлэлээс бусад PMI мөн өсөж, 50.8 болжээ. Хоёрдугаар сард тус индекс 50.4 байсан. “Capital Economics”-ийн Хятадын эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүн Жулиан Эванс-Притчард "Эдгээр тоон үзүүлэлтүүд нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт эргэн идэвхжиж, АНУ-ын гаалийн татвартай нүүр тулж байгаа ч экспорт одоогоор тогтвортой хэвээр байгааг харуулж байна" гэж хэлжээ.
Гэсэн ч үйлчилгээний салбар сул хэвээр байгаа тул эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд саарсан байх магадлалтайг тэр онцолсон юм. АНУ-ын гаалийн татварын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байсан ч БНХАУ энэ жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтоо өмнөх жилийнхтэй адил таван хувь хэвээр үлдээсэн. Цар тахал 2022 оны сүүлээр дууссанаас хойш БНХАУ-ын эдийн засаг голчлон экспортын өсөлтөөр сэргэж ирсэн. Трампын гаалийн татварын эрсдэл энэхүү таван хувийн өсөлтийн зорилгод нь эрсдэл учруулж буй.
Үүний эсрэг БНХАУ-ын Засгийн газар эдийн засгаа дэмжих шинэ арга хэмжээнүүд авч, мөнгөний бодлогыг зөөлрүүлэн, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд илүү их анхаарал хандуулахаа амласан. Дотоодын эрэлт нэмэгдэж байгаагийн нэг илрэл нь шинэ захиалгын индекс 51.8 болж, сүүлийн 12 сарын хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн явдал юм.
Үндэсний статистикийн товчооны ахлах шинжээч Жао Чиньхэ жижиг, дунд үйлдвэрүүдийн PMI өнгөрсөн сард сайжирсан бол томоохон компаниудын хувьд өмнөх сартай харьцуулахад хүндхэн байсан аж. “Economist Intelligence Unit”-ийн ахлах эдийн засагч Сюй Тяньчэнь "Энэ бол сайн үзүүлэлт, гэхдээ хангалттай сайн биш. Шинэ захиалга нэмэгдсэн ч бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч байгаад би санаа зовж байна. Үзүүлэлт бидний хүлээлтээс арай сул байлаа. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбар эдийн засгийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл болсоор байна " гэж тэр хэлэв.
БНХАУ-ын эдийн засаг энэ оныг сул эхлүүлсэн. Учир нь жижиглэнгийн худалдааны өсөлт бага зэргийн сэргэлт үзүүлсэн ч дефляцийн дарамт, ажилгүйдэл нэмэгджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Савж унат�##� уншлаа сайхан маанаг орчуулсан мэдээ байна. Б.Буяндоржын англи хэл эдийн засгийн мэдлэг гэж Дунд голын шавхайнаас дор юм
Хятадууд хөдөлмөрч хүмүүс. Тэнд архичин байхгүй