Нетаньяху айлчилж буй Унгар ОУЭШ-ээс гарахаа мэдэгдлээ

Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаал гаргасан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху пүрэв гарагт /2025.04.03/ тус шүүхийн гишүүн Унгар дахь айлчлалаа эхлүүлсэн. Түүний айлчлал эхлэх үед Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан улсыг ОУЭШ-ээс гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Энэхүү шийдвэрийг Нетаньяху сайшааж, зоригтой бөгөөд зарчимтай алхам хэмээжээ.
Өнгөрсөн жил Олон улсын эрүүгийн шүүх Израилын Ерөнхий сайд Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант, Хамасын зэвсэгт хүчний удирдагч Мохаммед Дейфийг Газын зурваст дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн баривчлах тушаал гаргасан. Уг тушаал гараад удаагүй байхад Орбан Нетаньяхуг урьж, түүнийг баривчлахгүй хэмээн мэдэгдээд ОУЭШ-ийн тушаалыг ичгүүргүй гэж шүүмжилсэн юм.
Орбан Нетаньяхутай хэвлэлийн бага хурал хийхдээ “Энэ бол шударга шүүх байхаа больсон, харин улс төрийн шүүх болсон. Улс төрийн шүүх болсон гэдэг нь Израилын талаар гаргасан шийдвэрээс нь харагдаж байна” гэжээ. Израил ОУЭШ-ээс Нетаньяхуг буруутгасныг няцааж, улс төрийн зорилготой, еврей хүмүүсийг гадуурхах үзлээс гаралтай хэмээсэн билээ.
Олон улсын эрүүгийн шүүх нь 2002 онд Ромын дүрмийг баталснаар үүсгэн байгуулагдсан засгийн газар хоорондын шүүх юм. ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргээр хувь хүнийг яллах эрхтэй анхны бөгөөд цор ганц байнгын үйл ажиллагаа явуулдаг олон улсын шүүх.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ шүүх ч задрах нь дээ