Нийгэм мэдээ

Сүмогийн их аваргуудын багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтангадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтангадас одонгоор шагнажээ.

“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа нь Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн амжилтад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шагнал гардуулсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа, Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Мөн сүмо бөхөөр хичээллэж, барилдаж ирсэн Монголын үе үеийн бөхчүүд, Их аваргуудыг амжилтад хүргэхэд чин сэтгэл, уйгагүй зүтгэлээ зориулж, хүүхэд залуучуудад Японы соёл, зан заншил, сүмо бөхийн ёс жаягийг таниулан сурталчилж ирсэн Асахифүжи Сүгиномори Сэйяа багшийн гавьяа зүтгэлийг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны 07 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон нь хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болно гэдгийг тэмдэглэв.

Асахифүжи Сүгиномори Сэйяа нь 1981 оноос сүмогийн дэвжээнд барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртсэн бөгөөд 1992 онд зодог тайлсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш /ояаката/-аар тасралтгүй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, сүмод сонирхолтой хүүхэд багачуудад мэдээлэл түгээж, сүмогийн спортод хөл тавихад нь тусалжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2025 21:39

МАНы гишүүн болгочооч

Холбоотой мэдээ

Back to top button