Mads Mikkelsen: Саад гэж харж байгаа зүйлүүд чинь амьдралын хамгийн чухал хэсэг

The Hunt, Another Round, Hannibal зэрэг киноны олон сайн уран бүтээлийн гол дүр, жүжигчин Mads Mikkelsen-ий The Talks-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
– Жүжигчин хүний хувьд үнэхээр гайхалтай дүр бүтээчихлээ дээ гэдэг мэдрэмжийг та хэдийг мэдэрдэг вэ, ийм мэдрэмж авч байсан уу?
-Жүжигчид бид өөрсдийн хийсэн зүйлийг үнэлэх тал дээр нэг их мэдрэмжтэй биш шүү дээ. Заримдаа “Энэ ч ёстой гайхалтай боллоо доо…” гэж бодтол хэн ч тэгж бодоогүй байдаг. (инээв) Харин заримдаа “Яана даа, энэ нэг л биш ээ” гэсэн дүрүүдэд хүмүүс үнэнхүү дуртай байх жишээний. Тийм болохоор өөрийнхөө дүрийг үнэлэх амар биш ээ. Жишээ нь, “Another Round” киноны бүжгийн хэсгийг санаж байна уу. Би яг үнэндээ энэ санааг эрс эсэргүүцэж байсан ч хүмүүст хамгийн их таалагддаг хэсэг.
–Танд тийм тухгүй байсан гэж үү?
-Үнэндээ би багадаа гимнастик хийдэг байсан маань их хэрэг болсон. Миний хувьд өөрийгөө давгүй байсан гэж боддог. Another Round киноны бүжгийн хэсэгт надтай хамт тоглосон Ларс Ранте ч бас гимнастикаар хичээллэдэг байсан болохоор яг тэр хэсэг бид хоёр үнэнхүү гүйж, галзуурч чадсан л даа. Гэхдээ би найруулагч Томас Винтербергтэй бараг өдөр бүр маргалдсан гэвэл ононо. “Бид яагаад үүнийг хийгээд байгаа юм бэ. Энэ чинь солиотой хэрэг. Амьдралын бодит байдлыг өгүүлж байгаа кинонд ийм үзэгдэл байх нь дэмий" гэх зэргээр маргасан. Гэтэл тэр надад “Хөөе, би чамд 150 өөр янзаар тайлбарлах гээд үзлээ, одоо зүгээр чимээгүй байж болох уу” л гэж хариулсан.
Хэрэв бид буруу зүгт явж байвал би заавал зогсооно. Учир нь бид үзэгчдэд таалагдах гэж бус, дүрдээ үнэнч байх ёстой.
– Гэтэл тэр хэсэг киноны хамгийн хайрлагдсан хэсгүүдийн нэг болсон шүү дээ?
-Тийм ээ, найруулагчийн маань бүрэн зөв байсан. Гэхдээ миний бодолд бол энэ хэсгийг кинон дээр хэрхэн бодит бус харагдаж бол гэдэгт л шаналаад байсан хэрэг. Харин одоо, бодож эргэцүүлэхээ больсон хойноо эргээд харахад “Би яагаад үүнийг хийхгүй гэж тэгтлээ зүтгээд байсан хэрэг вэ” гэж өөрөөсөө асуудаг. Заримдаа яг үнэндээ ийм л байдаг. Бүх зүйлийг тодорхой цаг хугацааны дараа болон хийгээд дуусчихсныхаа ард харахад өөр.
– Харин эсрэгээрээ, киноны аль нэг хэсэг буруу байна гэдгийг та мэдэрч чаддаг уу?
-Тэгэлгүй яах вэ, миний сул тал заримдаа миний давуу тал ч болдог. Би их зөрүүд хүн. Хэрэв бид буруу чиглэл рүү явж байна гэж бодвол би ямар ч аргаар хамаагүй өөрийнхөө санаа бодлыг заавал илэрхийлдэг. Зүгээр л олонд таалагдах гэж оролдож, мэтгээд байвал шүү дээ. Бид дүрдээ үнэнч байх ёстой” гэдэгт эцсээ хүртэл бат зогсох ёстой. Ихэвчлэн миний мэдрэмж зөв байдаг. Яахав заримдаа буруу ч байдаг л даа.
– Та өөрийн мэдрэмжийг дагах, найруулагчийн зааврыг дагах хоёрын тэнцвэрийг хэрхэн хадгалдаг вэ?
-Үнэндээ их нарийн ойлголт. Юуг барьж авч, юуг нь орхих вэ гэдгийн тэнцвэрийг олж авахы тулд өөртөө тууштай байх ёстой болдог. Гэхдээ зүгээр л сохроор дагаад байх тухай биш шүү. Заримдаа хэн нэгэн мөрөн дээр чинь зөөлөн цохиход зогсох ёстойгоо ойлгодог байх тухай юм. Кино төслийнхөө мөн чанарыг чи нэгэнт ойлгосон бол чин сэтгээлээсээ л байх хэрэгтэй. Харин карьерынхаа төлөө бол зүтгэх нь утгагүй. Энэ бол миний The Promised Land кинонд тоглосон дүрийн яг эсрэг нь. Түүх 1700-аад оны үед, Хаан Фредерик V Дани улсын хатуу ширүүн нутгийг хөгжүүлэхийг оролдож байгаа үед өрнөнө. Миний дүр бол хааны тушаалыг дагадаг цэрэг. Түүнд зөвхөн зорилго л чухал. Бусад бүх зүйл зүгээр л дайрч гарах ёстой саад төдий. Харин миний бодлоор бол тэр “саад” гэж үзэж байгаа зүйлүүд чинь л амьдралын хамгийн чухал хэсэг. Тэгж байж л зорилгодоо хүрнэ. Би бол ингэж л хардаг.
– Жүжигчин хүний хувьд та олон хоногоор зураг авалтад явж, гэр бүлээсээ хол байх гэх мэт тулгарч болох олон зүйлд хүнд шийдвэр гаргаж байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ заримдаа гэр бүлээ дагуулж явах боломж гардаг нь их сайхан. Энэ нь зугаатай, бас илүү утга учиртай болгодог. Эхнэртэйгээ ярилцаж байгаад бид хоёрт хоёуланд нь таалагдах дуртай зүйл байвал хамтдаа хийдэг. Гэхдээ хааяа өглөө гэрээс гарахдаа “Би хүүхдүүдтэйгээ үлдмээр байна” гэж бодогдох үе бишгүй. Гэвч амьдрах хэрэгтэй шүү дээ.
– Түүхэн сэдэвтэй кино дээр ажиллах танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Та өөрөө судалгаа хийдэг үү, эсвэл зөвхөн зохиолоо дагадаг уу?
-Ерөнхийдөө олон зүйл их тодорхой байдаг. Гэхдээ би өөрөө түүхэнд маш дуртай хүн. Би найруулагч Николай Арселд хэлж байсан. Бид амьдралд илүү ойр байлгахы тулд зарим нэг сэтгэл хөдлөлийг кинондоо илүү бодитоор тусгаж, өөрийн амьдралтай холбох ёстой. Тиймээс энэ тал дээр би бага зэрэг буулт хийсэн. 1880 он хүртэл үнсэлцэх гэдэг ойлголт өөрөө романтик ойлголт байгаагүй бол өнөөдөр өөр. Тэгэхээр түүхэн кинонд үүнийг нарийн бодолцож тусгахгүй бол кино маань 2023 оны кино шиг л болно. Бид тухайн цаг үеийг хүндэтгэх ёстой, бас тэр цаг хугацаанд үнэнч байх хэрэгтэй” гэж хэлсэн.
– Энэ чинь Дани улсын түүхийн чухал үе биз дээ?
-Энэ бол үнэхээр маш том үе боловч хэн ч мэддэггүй. Николай бид хоёр өмнө нь A Royal Affair гээд өөр нэгэн Данийн түүхэн кинон дээр хамтран ажилласан. Тэр киноны үйл явдлыг хүмүүс ерөнхийд нь мэддэг. Харин энэ түүхийг хүмүүс “Юу вэ, үнэхээр ийм зүйл болсон гэж үү” хэмээн хүлээж авдаг. Миний бодлоор тухайн үед хүмүүс бие биетэйгээ хэрхэн харьцаж байснаас болоод бага зэрэг ичсэн тал бий байх. Тийм болохоор түүх бичигчид энэ түүхэн үеийг алгасчихсан байх.
– Өнөөгийн Данийн кино урлагийнхан их нягт уялдаатай буюу хамтрал чухал байх шиг харагддаг. Шинэ үеийн залуус гарч ирж байгаа юу?
-Мэдээж, мэдээж. Би тэдний ертөнцөд оролцдоггүй. Тэд өөрсдийн ертөнцтэй болсон. Биднийг хөөж гаргах гээд шүү дээ(инээв). Тэд өөрсдийн зүйлийг бүтээх хэрэгтэй. Өөрсдийгөө олох хэрэгтэй. Тэгээд хэдэн жилийн дараа “Өө, энэ хүн тийм ч муу байгаагүй юм байна шүү, түүнийг дуудъя” гээд утасдах байлгүй л гэж боддог (инээв). Бид ч бас тэгж байсан. Тэр үед энэ бүлэг, тэр бүлэг гээд л бие биенээ үздэггүй байлаа. “Энэ бол хог, харин энэ бол сайн” гэж. Тэгээд томроод ирэхээрээ “Яах вэ дээ, тийм ч муу байгаагүй юм байна” гэдгийг ойлгодог л юм. Ингэж л хүн өөрийгөө тодорхойлж, дараа нь урагш алхдаг шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.