СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭнтертайнмент

АМРАЛТ: Гэр бүлийн хамт үзэхэд тохиромжтой таван гадаад кино

2021.04.04-ны контентыг эргэн сэргээв.

Амралтын өдрийг гэртээ, халуун ам бүлээрээ өнгөрүүлэхээр төлөвлөсөн уншигчиддаа зориулж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой таван гадаад киног санал болгож байна.


НЭГ. “THE PURSUIT OF HAPPYNESS”

Image result for the pursuit of happiness

Нэрт жүжигчин Вилл Смитийг чухам алдар хүндийн оргилд анхлан гаргаж, шүүмжлэгчдэд авьяас чадварыг нь таниулсан хэмээн яригддаг “The Pursuit of Happyness” кинонд аав, хүү хоёрын хайр, зүрх сэтгэлийн нандин холбоог үзүүлдэг. 2006 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн тус кино IMDb-ийн 8 оноо хүртсэнээ өнөө хэр хадгалж байна.

Ядуу тарчиг амьдралтай ч гагцхүү хүүгээ аз жаргалтай, сэтгэлзүйн хувьд юмсаар дутаж гуцах мэдрэмжгүй өсгөх гэж хичээх Крис Гарднер гэх аавын тухай энд өгүүлнэ. Хувь тавилан хүнд ачааг ар араас нь үүрүүлсээр, хүндхэн сорилтуудыг тавьсаар байх авч Крис хүүгийнхээ баяр баясгаланг таслахгүйн тулд бүхнийг хийсээр байх болно.


ХОЁР. “LIFE OF PI”

Image result for life of pi

Пулитцерийн шагналт зохиолч Ян Мартелийн “Пигийн амьдрал” романаас сэдэвлэн бүтээсэн тус уран сайхны кино 2012 онд нээлтээ хийсэн. Одоогийн байдлаар IMDb-ийн 7.9 оноотой. Амьтны хүрээлэнгийн эзний хүү Пи, Канад руу хийх усан аяллынхаа замд осолдож, элчилгүй уудам далайд завь, бар хоёрын хамт үлдэнэ. Олон өдөр хоногийг зэрлэг бартай хамт, далайд өнгөрүүлэх түүний түүх амьдралд тулгарах саад бэрхшээлүүдийн өөдөөс сөрж босох, шийр заах хэрэгтэй гэдгийг өгүүлнэ.

Киноны гол дүр өсвөр насны хүү. Хором ч уйдаамгүй дүрслэл бүхий үйл явдлууд, ухаарал хайрлам үгс, дүрүүдийн хэлхээ холбоо нийлээд гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой киноны жагсаалтад зайлшгүй багтана.


ГУРАВ. “COCO”

Image result for coco

2017 онд нээлтээ хийсэн онцлох анимейшн “Coco” багачууд төдийгүй насанд хүрэгчдэд гэр бүл, удам угсаа, цусан төрлийн үнэ цэн, утга учрыг ойлгуулах болно. Сайн сайхныг гэр бүлээсээ биш, харийн хүнээс эрж хайж, түүнийг л шүтэн биширч байсан Коко эцэстээ ухаардаг. Гэр бүл нь үргэлж түүний талд, үнэнийг өгүүлж, гэрэл гэгээг хүсэж байсан бөгөөтөл Коко хуурамч дүртэй “алуурчин” дуучны араас хүсэл мөрөөдлөө тээн зугтдаг.

Дуу хөгжмөөр баялаг учир тус анимейшн гэр бүлээрээ үзэхэд уйдамгүй, таатай мэдрэмжийг төрүүлнэ. Ширхэг мотив бүрийг нь задалж бодвол багачуудад хэрэгтэй ухаарал орших “Coco” анимейшнийг гуравдугаарт нэрлэж байна.


ДӨРӨВ. “LE SCAPHANDRE ET LE PAPILLON”

Image result for LE SCAPHANDRE ET LE PAPILLON

2007 онд нээлтээ хийсэн уянгын, драм төрлийн уран сайхны кино Le Scaphandre et le Papillon-ыг дөрөвдүгээрт онцолж байна. IMDb-ийн 8 оноотой тус бүтээл хүний амьдралын нарийн нандин утга учир хаана оршдог вэ, тэр дундаа хайр, харилцаа гэдэг ямархан амин чухал вэ гэсэн сэдвийг хөнддөг.

Elle сэтгүүлийн редактороор ажилладаг 43 настай Жан Доминик Боби гэнэтхэн цус харваж, бүх бие нь мэдээгүй болж орхидог. Авьяаслаг, өсөх ирээдүйтэй зохиолч, сэтгүүлч түүний бүтээл туурвих гар мэдээ, хөдөлгөөнгүй болж, гагцхүү нүд нь гүйцэтгэх үүргээ хадгалж үлдэнэ. Гэхдээ энэ түүнд хангалттай байв. Нүдээрээ бусадтай ойлголцож, нүд ирмэх хөдөлгөөнөөр хэрэгтэй үсгээ сонгож чаддаг болсноор тэр сэтгэл дотрохоо уудлан илэрхийлээд зогсохгүй, ном хүртэл туурвиж хэвлүүлнэ.


ТАВ. “THE INCREDIBLES”

Image result for the incredibles

IMDb-ийн 8 оноотой The Incredibles анимейшн гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой бүтээлүүдийн нэг. Энд тус анимейшний сүүлд нээлтээ хийсэн хоёрдугаар ангийг биш, 2004 онд анхлан олны хүртээл болсон нэгдүгээр ангийг онцолж буй.

15 жил хэдийнэ өнгөрсөн ч хүүхэд багачууд, томчуудын үзэх дуртай анимейшны тооноос хасагдаагүй хэвээр буй The Incredibles гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлнэ. Гишүүн бүр нь тодорхой нэг ер бусын хүч чадалтай Incredibles-ийн гэр бүл, дотроо олон асуудалтай, олны нүднээс далд амьдрах хэцүү шаардлагатай ч дэлхийг аврахын төлөө, хамгийн гол нь хайртай гэр бүлийн гишүүнээ авч үлдэхийн төлөө тэд нэгдэн тэмцэж, эрэлхэг зоригийг гаргадаг.


Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button