Рубль дэлхийн хамгийн сайн үзүүлэлттэй валют болоход Трамп нөлөөлөв

Орос рублийн ханш ам.долларын эсрэг чангарч, он гарснаас хойш дэлхийн хамгийн сайн үзүүлэлттэй валют болсон байна. “Bloomberg”-ийн цуглуулсан тоо баримтаар бол он эхэлснээс хойш биржийн бус зах зээл дээр рублийн ам.доллартой харьцах ханш 38 хувиар чангарчээ.
ОХУ-ын Төв банк мэдээлснээр гол худалдааны түншүүдийн валюттай харьцах рублийн бодит үр дүнтэй ханшийг инфляцыг оруулан тооцоход гуравдугаар сард өмнөх сарынхаас 7.1 хувиар өссөн байна. Харин нэгээс гуравдугаар сард өмнө жилийн мөн үетэй харьцуулахад валютын ханш 19.2 хувиар өссөн аж.
Рублийн өгөөж эрсдэл багатай капиталуудад тооцогддог Шведийн крона, Швейцарын франкийг хүртэл үзүүлэлтээрээ давсан байна. Крона он гарснаас хойш ам.долларын эсрэг 13 хувь, франк 11 хувь чангарсан юм. Дэлхий дахинаа хамгийн үймээн самуунтай үед хөрөнгө оруулагчид худалдан авах нь нэмэгддэг уламжлалт капитал болох алтыг хүртэл үзүүлэлтээрээ рубль давжээ. Алтны үнэ энэ он гарснаас ам.доллартой харьцуулахад 23 хувиар нэмэгдсэн байгаа юм.
Рублийн ханш яагаад чангарав

Украины дайн эхэлснээс хойш ОХУ зэвсэгт хүчиндээ их хэмжээний мөнгө зарцуулах болсон. Үүний улмаас инфляц нэмэгдэж, ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 21 хувь болгон нэмэгдүүлсэн нь рублийн ханш өсөхөд нөлөөлж буй. Хүү өндөр байгаа нь ашиг хийх сонирхолтой гадаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, рублийн эрэлтийг нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид ОХУ-д тээвэр арилжаа хийж байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулагчид бодлогын хүү багатай орноос мөнгө зээлж, бодлогын хүү өндөртэй улсад хөрөнгө оруулалт хийх байдлаар нэмэлт ашиг олдог юм. Үүнийг тээвэр арилжаа (carry trade) гэдэг.
“Capital Economics” фирм үзэж буйгаар бодлогын хүүгийн түвшнийг дор хаяж энэ оны хоёрдугаар хагас хүртэл ийм өндөр түвшинд барих ёстой аж. Мягмар гарагт /2025.04.15/ нийтлэгдсэн тоо баримтаас харахад ОХУ-ын инфляц арван хувийг давсан байна.
Үүний зэрэгцээ барууны орнууд хатуу хориг арга хэмжээ ногдуулсан ч гэсэн ОХУ-ын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь рублийн ханш өсөлтөд тус болсон байна. 2025 оны эхний хоёр сард ОХУ-ын гадаад худалдааны тэнцэл 18.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ өсөлтийн тодорхой хэмжээ нь импорт буурсантай холбоотой. Тус хугацаанд импорт таван хувиар буурч, ОХУ-ын экспортлогчдын гадаад валютаар борлуулалт хийх нь 25 хувиар нэмэгдсэн байна. “Meduza news” агентлаг мэдээлснээр Орос экспортлогчид борлуулалтаар олсон гадаад валютаа рублиэр арилжих нь нэмэгджээ. Энэ нь рублийн эрэлтийг ихэсгэсэн байна.
Ханш нэмэгдсэнд улирлын зүй тогтол ч гэсэн нөлөөлжээ. Оны эхэн үед импортын үйл ажиллагаа буурдаг тул Орос компаниуд гадаад валют эрэлхийлэх нь буурсан байна. Харин экспортын үзүүлэлт сайтай гарсан нь гадаад валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, рублийн ханшийг өсгөхөд хувь нэмэр үзүүлжээ.
Рублийн ханшинд мөн Кремлийн хөрөнгийн хяналт тусалдаг. Тус хяналтын дор гадаад компаниуд ОХУ-аас хөрөнгөө татахыг хориглож, капиталаа тусгай дансанд байршуулахыг Москва шаарддаг юм. “T-Investment” фирмийн эдийн засагч Софяа Донец “Хөгжиж буй улс орнуудын валютаас ялгаатай нь рублийн ханш гаднын зах зээл руу капитал урсах эрсдэлийн дарамттай тулгардаггүй. Хөрөнгийн хяналт нь ОХУ-ыг үүнээс ихээхэн хамгаалсан” гэжээ.
Трампын нөлөө

АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трамп эргэн ирж Вашингтон, Москвагийн харилцааг хурдацтай сэргээсэн. Дайнаас хойш АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд огт уулзаагүй байсан бол Трамп ажлаа хүлээн авснаас сарын дараа Саудын Арабд хоёр тал хэлэлцсэн юм. Тус хэлэлцээний дараа ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев хэлэхдээ АНУ-ын бизнесүүд ОХУ-ыг орхин гарснаар 324 тэрбум ам.доллар алдсан гэж хэлсэн. Мөн тэр АНУ-ын бизнесүүд энэ оны хоёрдугаар улиралд ОХУ-ын зах зээлд буцаж орж ирэх магадлалтай гэсэн юм.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины дайн дууссаны дараа АНУ, ОХУ хоёрын аль аль нь ашиглаж болох эдийн засаг, геополитикийн онцгой боломжууд бий гэж хэлсэн. Харин Трамп Москватай эдийн засгийн хөгжлийн зарим хэлэлцээ хийхийг оролдож байгаа хэмээсэн билээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын ОХУ-ын талаарх үзэл бодолд эерэг нөлөө үзүүлсэн юм. Зарим гадаад хөрөнгө оруулагчид ОХУ-тай найрсаг орнуудаар дамжин Орос хөрөнгө худалдан авч байгаа. Энэ нь мөн рублийн эрэлтийг нэмэгдүүлжээ.
Мөн Трамп хоёр долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын хоёронд дэлхийн улс орнуудад гаалийн татвар оноосон. Трампын зарласан тариф ам.долларт итгэх хөрөнгө оруулалтын итгэлийг сулруулсан юм. Ам.долларын ханш суларсан тул рублийн ам.доллартой харьцах ханш нэмэгдсэн байна.
Рублийн ханш чангарч байгаа нь Кремлийн хувьд тааруухан мэдээ
Рублийн ханш хүчтэй байх нь Кремлийн хувьд тийм ч таатай мэдээ биш юм. Учир нь ханш хүчтэй байснаар ОХУ-ын экспорт олон улсад өрсөлдөх чадвар буурч, их хэмжээгээр нэмэгдэж буй төсвийн зарлагадаа ашиглах рублийн хэмжээг бууруулна.
ОХУ-ын газрын тосны орлого ихэвчлэн ам.доллароор орж ирдэг бол зарлага нь рублиэр хийгддэг. Иймээс рублийн ханш чангарвал төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулах рублийн хэмжээ буурна гэсэн үг. ОХУ 2025 онд улсын төсвийн алдагдал ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэнэ гэх тооцоолол гаргасан. Гэвч Сангийн яамны сүүлийн үеийн мэдэгдлээр алдагдал илүү өндөр байх магадлалтай байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times, Business Insider, The Telegraph
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Монгол мөнгө одоо чихрийн цаас болсон байна.
Буяндорж сэтгүүлч ээ, гарчиг чинь агуулгатайгаа таарахгүй байна. Чиний өгсөн гарчигаар бол зөвхөн 1 хүнэс ш�##�тга�##�сан, харин доторх агуулгаараа олон зүйлээс ш�##�тга�##�сан байна. Хүмүүсийн сонрхол татах гэж гарчиг өгдөг байд�##� зөвхөн шар хэвлэлд л байдаг даа.