Трамп худалдааны дайныг үргэлжлүүлэн хурцатгах хүсэлгүй гэх мессежийг өглөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ, БНХАУ бие биедээ хариу татвар нэмж тавьж буй өрсөлдөөн зогсож магадгүйг илтгэсэн зүйл хэлжээ. Тус хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны дайн олон улсын санхүүгийн зах зээлийг цочроогоод байгаа.
Цагаан ордноос Трамп сэтгүүлчдэд тарифын тухай ярихдаа “Гаалийн татварыг илүү өндөр болоосой гэж би хүсэхгүй байна. Учир нь өсгөсөөр байвал хүмүүс юм худалдаж авах боломжгүй болно. Тийм учраас би тарифыг нэмэх шийдвэр гаргахгүй байж магадгүй. Хүмүүс юм худалдаж авахыг би хүсэж байгаа. Тариф нэмэгдсээр байвал хүмүүс юм худалдах авахгүй шүү дээ” гэж хэлжээ.
Трамп дөрөвдүгээр сарын хоёронд дэлхийн 180 гаруй оронд гаалийн татвар тавьсан. Тэдгээр орнуудад бүгдэнд нь суурь 10 хувийн татвар мөн АНУ-ыг хамгийн их мөлжсөн гэх орнуудад илүү өндөр тариф ногдуулсан билээ. Үүнээс нэг долоо хоногийн дараа Трамп бодлоо өөрчилж өндөр тариф ногдуулсан орнуудын гаалийн татвар хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулсан.
Гэхдээ тэр БНХАУ-д ногдуулах татвараа хойшлуулалгүй эсрэгээр нь хоёр ч удаа нэмж 145 хувь болгосон юм. Үүний хариуд БНХАУ АНУ-ын бараанд тавих татварын 125 хувь хүргэж нэмэгдүүлсэн. Гэхдээ Трамп одоо худалдааны дайныг үргэлжлүүлэн хурцатгах сонирхолгүй гэх мессежийг өглөө. БНХАУ ч гэсэн өнгөрсөн долоо хоногт тарифын тооны тоглоомд хариу өгөхгүй хэмээж тарифыг дахин нэмэгдүүлэхгүй гэсэн дохио өгсөн юм.
Тариф ногдуулснаас хойш БНХАУ харилцаа тогтоосон, хоёр тал тохиролцоонд хүрч чадна гэж өөдрөг үзэлтэй байгаагаа Трамп илэрхийлсэн. Хоёр тал харилцаатай байгаа гэсэн ч “Reuters” агентлагт эх сурвалжууд хэлэхдээ хэлцэлд хүргэх хэмжээний чөлөөтэй, өндөр түвшний харилцаа үндсэндээ байхгүй гэжээ.
Сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп хоёр улсын хоорондын хэлэлцээний мөн чанар, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй шууд холбоотой байгаа эсэх асуултад хариулахаас удаа дараа татгалзсан.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайн урт хугацааны турш үргэлжилбэл дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Дэлхийн худалдааны байгууллагын ахлах эдийн засагч Ральф Осса АНУ, БНХАУ-ын бие биедээ тавиад буй гаалийн татварын улмаас дэлхийн худалдааны хэтийн төлөв ихээхэн хэмжээгээр муудсан гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Жирийн хүмүүс л хамгийн хохирч, наад захын хэрэгцээний зүйлээ худ�##�дан авч чадахгүйд хүрнэ.