Гадаад мэдээДЭЛХИЙ

Дараагийн папыг хэрхэн сонгох вэ

Гэгээн ширээт улсын тэргүүн, пап лам Францис даваа гарагт /2025.04.21/ таалал төгссөн. Түүнийг оршуулах ёслол энэ долоо хоногийн сүүлээр болох төлөвтэй байгаа юм. Дараагийн пап ламыг сонготол карменленго гэгддэг кардинал Ватиканы өдөр тутмын үйл ажиллагааг явуулна. Одоогийн байдлаар карменленгогийн үүргийг Ирланд гаралтай Америк кардинал Кевин Фаррел гүйцэтгэж байгаа. Пап ламыг сонгох хүртэл карменленго болон бусад кардиналууд сүмд нөлөөлөх томоохон шийдвэр гаргах эрхгүй юм.

Пап ламыг яаж сонгодог вэ

Папыг сонгохын тулд дэлхийн өнцөг булан бүрээс кардиналууд Ромд очиж хэлэлцэнэ. Тэд өдөр бүр чуулж сүмийн асуудлыг хэлэлцэн, дараагийн пап лам ямар зан чанартай байх талаар ярьдаг юм. Дараагийн пап ламыг сонгох кардиналууд 80-аас доош настай байх ёстой. Пап ламыг сонгох хурал Систиний сүмд явагддаг. Уламжлал ёсоор бол хурлыг эхлүүлэхээс өмнө 15 хоногийн гашуудлын хугацааг өнгөрөөдөг байна. Пап Бенедикт 2013 онд албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс өмнө кардиналууд хүсвэл чуулган эхлэх хугацааг урагшлуулах нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуульд оруулж өгсөн. Зарим кардиналууд Ромд ирэхэд асуудал тулгарвал дээд талдаа 20 хоногийн дараа хурлын эхлүүлэх ёстой.

Түүхэндээ пап ламыг сонгох кардиналуудыг гаднын нөлөөллөөс хамгаалахын тулд сүм дотор цоожилдог байсан юм. Харин орчин үед хуралд оролцох кардиналуудыг гадаад ертөнцтэй харилцахыг хориглодог болжээ. Тэднийг утас, интернэт ашиглах, сонин уншихыг хориглодог юм. Уг хоригийг Ватиканы цагдаа нар сахиулдаг байна. Хурлын эхний өдөр кардиналууд нэг удаа санал өгдөг бол бусад өдөр хоёр удаа сөнөл өгдөг аж.

Пап ламыг сонгохын тулд кардиналуудын гуравны хоёр нь дэмжсэн санал өгөх ёстой. 13 хоногийн турш хуралдсаны эцэст хэн нэгэн сонгогдохгүй бол тэргүүлж буй хоёр нэр дэвшигчийн хооронд санал хураадаг. Хурал пап ламыг сонгосны дараа тухайн нэр дэвшигчээс албыг хүлээн авах эсэх, ямар нэрээр нэрлэгдэх хүсэлтэй байгааг нь асуудаг юм. Хэрвээ сонгогдсон хүн татгалзвал хурлын процессыг дахин явуулна.

Ватиканы албан тушаалтан саналын хуудсыг тусгай химийн бодисоор шатааж, сүмийн яндангаар цагаан утаа гаргах байдлаар шинэ пап лам сонгогдсон гэдгийг зарладаг байна. Сүмийн яндангаас хар утаа гарвал санал хураалт тодорхой үр дүн үзүүлээгүй гэх утгыг илэрхийлдэг юм.

Дараагийн пап ламаар хэн тодрох магадлалтай вэ

66 настай Францын Марсель хотын хамба Жан-Марк Авелин

Жан-Марк Авелин, зургийн эх сурвалж: La Provence

Авелин нь пап Францистэй үзэл суртлын хувь ижил хамба юм. Хэрвээ тэр пап ламаар сонгогдвол 14-р зуунаас хойш Францаас тодорсон анхны пап болно. Мөн сонгогдвол II Жон Паулаас хойших хамгийн залуу пап болох юм. II Жон Паул 1978 онд 58 насандаа Гэгээн ширээт улсын тэргүүнээр ажиллаж эхэлжээ.

72 настай Унгарын кардинал Петр Эрдо

Петр Эрдо, зургийн эх сурвалж: Catholic Herald

Францис илүү прогрессив үзэлтэй байсан бол Эрдо нь консерватив үзэлтэй кардинал юм. 2013 онд Францисыг томилсон хурлын үеэр Эрдо пап ламаар сонгогдож магадгүй хүмүүсийн нэг байжээ. Европ болон Африкийн сүмүүдэд харилцаа холбоотой сайтай түүнийг шашингүй болон хөгжингүй орнуудад католик шашныг дэлгэрүүлэх хөдөлгөөнийг эхлүүлсэн хүмүүсийн нэг гэдэг.

68 настай Мальта гаралтай Бишопуудын синодын ерөнхий нарийн бичгийн дарга, кардинал Марио Грек

Марио Грек, зургийн эх сурвалж: Where Peter Is

Эхэндээ консерватив үзэлтэй гэгддэг байсан тэр олон жилийн турш Францисын Ватиканд хийсэн шинэчлэлийг дэмжиж ирсэн юм. Тэр өндөр албан тушаал хашдаг тул түүнийг олон кардинал танина. Мөн Грек харьцангуй жижиг улсын иргэншилтэй учир пап ламаар сонгогдвол ямар нэгэн дипломат болон геополитикийн асуудал үүсэхгүй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button