Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламжийн ажил 58 хувьтай байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 58 хувьтай үргэлжилж байна.
"Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 2023 оноос он дамнан хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр дөрвөн байршилд туннелийн ажил, Ард Аюушийн өргөн чөлөөнд 31.1 урт метр ган дам нуруутай төмөр бетон гүүрийг барьж дууссан. Газар шорооны ажил 80 орчим хувьтай байна. Цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зам, гүүрэн байгууламжийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөсөн. Гэвч авто замтай холбоотой шугам сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудлууд үүсэж байна. Одоогоор авто замын нийт талбай дээр хийгдэх газар чөлөөлөлт дууссан. Харин дам нөлөөлөлд өртөж байгаа буюу хажуу налуу хэсэгт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна” хэмээн НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн мэдээлэл өглөө.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.