Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Америкийн шилдэг их сургуулиудтай дайтаж, олон тэрбумын санхүүжилтийг царцаалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дахь бүрэн эрхт хугацааныхаа эхэнд Америкийн шилдэг их сургуулиудыг онилон ажиллаж байна. Тэр 2024 онд сонгуулийн кампанит ажлаа явуулахдаа дээд боловсролыг засна гэж амлалт өгсөн. Трамп “Америкийн өв соёл болон барууны соёл иргэншил рүү марксист дайралт хийхэд тусалдаг сургуулиудын санхүүжилттэй нь ярина. Манай коллежууд коммунист суртал ухуулгыг дэмждэг өдрүүд удахгүй дуусна” гэсэн юм.

Мөн өөр нэгэн кампанит үйл ажиллагааны үеэр тэр “Хэт нэг талыг барьсан үзэлтэй хүмүүсийг ялж, энгийн үзэлтэй оюутнуудад зориулж кампусуудаа эргүүлэн ав” гэж хэлсэн байна. Трамп шилдэг их сургуулиудыг өөрийнхөө захиргааны бодлогод нийцүүлэхийн тулд санхүүжилтийг нь системтэйгээр царцааж шахалт өгөх болсон.

Түүний захиргаа их сургуулиудад үзүүлж буй шахалтын эхний шатаа еврей хүмүүсийг гадуурхаж буй явдалтай тэмцэнэ гэх байдлаар хийсэн. Трамп ажлаа хүлээн аваад есөн хоногийн дараа их сургуулиудын кампус дээр еврей хүмүүсийг гадуурхаж байгаа явдалтай тэмцэнэ гэх гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан юм.

Цагаан ордны мэдээлснээр тэрхүү тушаал нь “2023 оны аравдугаар сарын долооноос хойш Америкийн кампус болон гудамжинд еврей хүмүүсийг гадуурхах хэрэг тэсэрсэнтэй тэмцэхийн тулд Холбооны бүх нөөцийг төвлөрүүлэх хүчтэй арга хэмжээ авч буй хэрэг” гэжээ. Одоо их сургууль тус бүрийн эсрэг Трампын захиргаа ямар арга хэмжээ авсныг харцгаая.

Эхлээд Колумбын их сургуулийг буулгаж авсан нь

Хоёрдугаар сарын гурванд АНУ-ын Хууль зүйн яам еврей хүмүүсийг гадуурхах явдалтай тэмцэх ажлын хэсэг байгуулсан юм. АНУ-ын боловсролын нарийн бичгийн дарга Линда МакМахон ярилцлага өгөхдөө “Эдгээр их сургуулиуд холбооны санхүүжилт авч байгаа. Тиймээс холбооны санхүүжилт авч байгаа бол бид та бүхнийг холбооны хуулийг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгахыг хүсэж байна” гэжээ.

Тус ажлын хэсэг хоёрдугаар сарын 28-нд эхний ээлжид мөрдөн шалгах эхний арван их сургуулийг зарласан. Тэдгээр их сургууль нь Колумбын их сургууль, Жорж Вашингтоны их сургууль, Харвардын их сургууль, Жонс Хопкинсийн их сургууль, Нью-Йоркийн их сургууль,Лос Анжелес дахь Калифорнийн их сургууль, Беркли дэх Калифорнийн их сургууль, Өмнөд Калифорнийн их сургууль, Миннесотагийн их сургууль, Нортуэстерн их сургууль юм.

Трампын захиргаа эхэлж Колумбын их сургуульд шахалт үзүүлсэн. Гуравдугаар сарын долоонд Трампын захиргаа Колумбын их сургууль олгох 400 сая ам.долларын санхүүжилтийг царцааж хэд хэдэн шаардлага тавьсан юм. Шаардлагад кампус дээр жагсаал хийх үед амны хаалт зүүхийг хориглох, еврей хүмүүсийг гадуурхах явдлыг шинээр тодорхойлох, кампус дахь 36 цагдаад оюутнуудыг баривчлах эрх олгох, Ойрх дорнод, Зүүн Ази, Африк, Палестиныг судлах төвийг удирдах эрхтэй шинэ ахлах албан тушаал үүсгэх гэх мэт зүйлс багтаж буй.

Колумбын их сургуулийн нүүрээ халхалсан оюутан кампус дээр хаалт хийж буй дүр зураг

Гуравдугаар сарын 21-нд Колумбын их сургууль Трампын захиргааны шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Өнгөрсөн жил АНУ-ын их сургуулиудын кампуст Газын зурвасын дайныг эсэргүүцсэн жагсаал болсон. Тэрхүү жагсаал нь Колумбын их сургуулийн нүүрээ хаасан оюутнууд кампусын нэг байр руу хүчээр нэвтэрч, хаалт халхавч босгон зарим ажилчдыг хүчээр хорьсон гэх хэргээс үүдэлтэй юм.

Одоо Харвардын их сургуульд их хэмжээний дарамт үзүүлж эхлэв

Трампын захиргаа гуравдугаар сарын 31-нд Харвардын их сургуульд олгох 256 сая ам.долларын гэрээ, 8.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг шалгана хэмээсэн. АНУ-ын Ерөнхий үйлчилгээний албаны ахлах ажилтан Жош Груенбаум “Харвард еврей хүмүүсийг гадуурхаж буй явдлыг зогсооход чиглэсэн сүүлийн үеийн арга хэмжээ нь сайшаалтай ч гэсэн холбооны татвар төлөгчдийн шаргуу ажиллаж олсон долларыг авахын тулд илүү ихийг хийх хэрэгтэй” гэжээ.

Дөрөвдүгээр сарын 11-нд Харвардын их сургуулийг засаглалдаа шинэчлэл хийж, бодлогоо шинэчилж гавьяанд суурилж ажилд авах, сургууль элсүүлж эхлэх, DEI буюу эмэгтэйчүүд, яс үндэс болон хүйсийн цөөнхийн бодлогодоо гүн өөрчлөлт хийх гэх мэт зүйлсийг Трампын захиргаа нэмж шаардсан юм.

Харвардын ерөнхийлөгч Алан Гарбер үүнд хариу өгч захидал бичихдээ шаардлага нь холбооны засгийн газарт Харвардыг хянах боломж олгож, мэдлэгийг эрэлхийлэх, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой хувийн байгууллага болох сургуулийн үнэ цэнд заналхийлнэ гэсэн. Гарбер шаардлагыг биелүүлээгүй тул АНУ-ын Боловсролын яам Харвардад олгох 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт, 60 сая ам.долларын үнэлгээ бүхий гэрээг царцаасан байна.

Үүний дараа Трамп Харвард татвараас чөлөөтэй байдаг статусыг нь цуцлахаар төлөвлөж эхэлсэн. Трамп “Харвард улс төр, үзэл суртал болон терроризмын сэдэлтэй зүйлийг дэмжсээр байвал татвараас чөлөөлөгддөг статусаа алдаж, улс төрийн байгууллага хэмээн татвар төлөх ёстой. Татвараас чөлөөлдөг статусыг олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулсан тохиолдолд л олгодог” гэж тус их сургуулийг шүүмжилсэн юм. Мөн Трамп нэмж нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаахаар төлөвлөж байгаа гэж “Wall Street Journal” өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Харвардын их сургууль хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаасныг нь төлөө Трампын захиргааг шүүхэд өгсөн байгаа.

Шахалт үзүүлсэн бусад их сургууль

Гуравдугаар сарын 19-нд Трампын захиргаа Пенсильванийн их сургуульд холбооны санхүүжилтийг олгох 175 сая ам.долларын санхүүжилтийг түдгэлзүүлсэн. Цагаан ордон мэдэгдэл хийхдээ энэ нь тус сургууль эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй өрсөлдөхөд хүргэж байсан шалтгаантай хэмээсэн юм. Трамп ажлаа хүлээн авсны дараа трансжендер эмэгтэй тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөхийг хориглосон гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан.

Дөрөвдүгээр сарын нэгэнд Трампын захиргаа Принстоны их сургуульд олгох 210 сая ам.долларын санхүүжилтийг царцаасан юм. Үүнээс долоо хоногийн дараа тус их сургууль Трампын захиргааны шаардлагыг биелүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Цаашлаад дөрөвдүгээр сарын гурванд Трампын захиргаа Брауны их сургуульд олгох 510 тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаасан. Дөрөвдүгээр сарын найманд Трампын захиргаа Корнеллын их сургуульд олгох нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаасан юм.

Эх сурвалж: Reuters, Town and Country Magazine

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нянбаа
Нянбаа
4 сар 24, 2025 09:26

Харвард бол маш муу хөтөлбөртэй сургууль. Манайхаас сурсан нөхдүүд дандаа соц философи, идеатай болж ирэн төрсөн эх орноо үгүйрүүлэн хоослож байна. Трампын энэ арга хэмжээ маш зөв. Дэмжиж байна.

Зочин
Зочин
4 сар 24, 2025 10:57

Их сургууль сүм хийдүүдээ татвараас чөлөөлдөг амeрикийн бодлого зөв шүү

Зочин
Зочин
4 сар 24, 2025 11:34

Mash zuv. Harvard-iin, post communist ulsaas uls turchdiig surgadag hutulbur nileed asuudal daguulj bga, Manaid ch tugsugchid n hel am ih tataldag.

Зочин
Зочин
4 сар 24, 2025 13:48

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 24, 2025 22:01

Гажиг өвгөн

Холбоотой мэдээ

Back to top button