Хиймэл оюун ухаанаар хийсэн кино Оскарт нэр дэвшиж болно гэж Академи үзжээ

АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны Академи 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна гэж мэдэгдэв. Энэ мэдэгдлийн хажуугаар Академи дүрэм, зохицуулалтдаа томоохон өөрчлөлт гаргасан гэдгээ танилцуулсан юм.
Ингэхдээ Академи санал хураалтыг хэрхэн явуулах, хиймэл оюун ухааны тусламжтай хийсэн киног өрсөлдүүлэх эсэх гэх мэт асуудлыг тусгаж өгсөн шинэчлэл хийсэн байна. Шинэ дүрэмдээ Академи хиймэл оюун ухаана ашиглах нь кино аливаа төрөлд нэр дэвшихэд давуу эсвэл сул тал болохгүй гэж тусгаж өгчээ.
Хиймэл оюун ухаан болон оюуны өмчийн асуудал зураг үүсгэдэг хиймэл оюун ухаан гарснаас хойш яригдаж байгаа. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хиймэл оюун ухааны хэрэглээ томоохон ярианы сэдэв болсон юм. Гуравдугаар сард болсон Оксараар The Brutalist кинонд тоглож шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Эйдриан Броди авсан. Тус кино Бродигийн аялгыг Унгар хүн мэт сонсогдуулахын тулд хиймэл оюун ухаан ашигласан юм.
The Brutalist кино арван төрөлд нэр дэвшсэн. Ийм олон төрөлд нэр дэвшсэн киног бүтээхдээ хиймэл оюун ухаан ашигласан нь ёс зүйн маргаан дэгдээсэн юм. Мөн Оскарын шагнал хүртсэн Emilia Perez, Dune: Part Two кинонууд хиймэл оюун ухаан ашигласан байна.
Хиймэл оюун ухааныг хүмүүс өдөр тутамдаа өргөн хэрэглэх нь нэмэгдэж байгаа. Гэсэн хэдий ч кино урлагийн салбарынхан хиймэл оюун ухааны хэрэглээнээс болгоомжилж буй. 2023 онд Холливуд ажил хаялт хийхдээ хиймэл оюун ухаан хүмүүсийн ажлыг орлоно гэж анхааруулсан юм. Жүжигчин Сюзан Сарадон ажил хаялт явагдаж байх үед “BBC” агентлагт “Миний бие, нүүр, дуу хоолойг аваад миний сонголтоос үл хамааран ашиглана гэдэг нь асуудал” гэжээ.
Ажилт хаялтын үеэр уран бүтээлчид өөрсдийнх нь нүүр царай, бүтээлийг буруугаар ашиглахаас хамгаалах хэлэлцээг студиүдтэй хийсэн юм.
Эх сурвалж: Interesting Engineering
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.