Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Даланзадгад сумын шинэ суурьшлын бүс дэх 1400 хүүхдэд зориулсан 25 тэрбумын хөрөнгө оруулалт

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурван сайхан хороололд "Оюу Толгой" компанийн хөрөнгө оруулалтаар 1200 хүүхдийн сургууль 200 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ. Гурван сайхан хороолол нь аймгийн төвөөс алслагдмал, Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд хамаардаг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд гэрээсээ 4-6 км хол зорчиж цэцэрлэгтээ очдог байжээ. Тус бүсэд шинэ цэцэрлэг, сургууль баригдсанаар суурь боловсролын үйлчилгээ ойртож, хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа очих гэж хол зам туулахгүй, тав тухтай орчинд сурч, хүмүүжих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн сургууль болон цэцэрлэгийг хамтад нь байгуулснаар Даланзадгад сумандаа анхны сургууль, цэцэрлэг хамтарсан "Цогцолбор" болж байгаа юм.

Бид Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шинээр ашиглалтад орсон 33 дугаар цэцэрлэг болон VI сургуулийн нээлтийн үеэр нь очив. Ийнхүү тус цогцолборын багш, сурагчид болон сумын удирдлагуудтай уулзаж, сурвалжилга мэдээлэл бэлтгэлээ.

Тус сургууль нь энэ оны гуравдугаар сарын 29-нд ашиглалтад оржээ. Оюу Толгойн компанийн Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 19.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан бөгөөд дөрвөн хичээлийн блок бүхий иж бүрэн цогцолбор юм.

Ингэхдээ тус сургуулийг ГОХДС-аас дараах байдлаар бүрэн тохижуулжээ.

  • Сурагчдад зориулсан ширээ сандал, самбар хэрэгсэл бүхий анги, танхим
  • Мэдээлэл зүй, хими, дүрслэх урлаг, технологийн кабинет
  • Акустик доторлогоотой урлагийн заал
  • Сагс, гар бөмбөг, теннис тоглох боломжтой спорт заал
  • 300 хүүхдийн багтаамжтай номын сан
  • 550 хүүхэд хооллох хүчин чадалтай гал тогоо, хоолны заал
  • Багш, ажилчдын хичээл бэлтгэлийн өрөө
  • Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гүйлтийн зам бүхий гадна спортын талбайтайгаараа тус сумандаа анхдагч орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ сургууль болов.

Ийнхүү шинэ сургуультай болсон сурагчидтай уулзаж, тэдэнд өмнө нь тулгардаг байсан асуудал нь одоо хэрхэн шийдэгдсэн талаар тодрууллаа.

VI сургуулийн 11Б ангийн сурагч Э.Гүндэгмаа:

-Өмнө нь сургууль гэр хоёрын хооронд 60 минут алхдаг байсан. Одоо таван минутын дотор л гэрлүгээ харьдаг-

-Ахлах ангийн сурагчийн хувьд сурах орчин нь шинэчлэгдэхэд, ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Миний хувьд энэ сургуульд хичээллээд хоёр сар л болж байна. Гэртэйгээ ойрхон сургуульд суралцсан чинь маш олон давуу талууд надад нээгдсэн. Өмнө нь хичээлээ тараад гэр лүгээ хариад сонгондоо суух гээд буцаад ирэх гэж нэлээн цаг зарцуулдаг байсан. Тийм болохоор харилгүйгээр өлссөн ч гэсэн заримдаа тэсдэг байсан. Бүр боломгүй бол ээж, ааваасаа мөнгө авдаг байсан. Харин одоо тэгэх шаардлагагүй. Сургууль гэр хоёр ойрхон болохоор өлсөхөө больсон. Өвлийн цагт эрт харанхуй болдог. Тэр үеэр гэр сургууль хоёр хол байхад нэлээн хүндрэлтэй байсан. Хүйтэнд сургуулиасаа гэр хүртэл цаг гаран алхана. Заримдаа их оройтоод харьж чадахгүй айна. Нэлээн асуудал тулгардаг байсан. Одоо бол нэг ч асуудалгүй суралцаж байна. Өмнөх сургуульд хичээл тарсны дараагаар хичээлээ хийж суух анги танхимгүй байсан. Харин шинэ сургууль маань хичээл хийх олон боломжтой. Бүр сургуулийнхаа коридорт ч суух боломжтой. Тийм болохоор ирэх жил өгөх ЭЕШ-даа илүү сайн бэлдэж, суралцана гэж бодож байна.

VI сургуулийн 2А ангийн сурагч Ц.Бадамаа:

-Шинэ сургуулийн бүх юм нь гоё. Дандаа гоё хоол өгдөг. Бас спорт зааландаа бөмбөг хийдэг өрөө байдаг нь их таалагддаг-

-Шинэ сургуульд орохоосоо өмнө хэр удаан хугацаанд сургууль руугаа явдаг байсан бэ?

-Өмнө нь гуравдугаар сургуульд сурдаг байсан. Зөндөө удаан, их алхаж байж сургуульдаа очдог. Харин одоо бол ээж маань сургуульд ажилладаг. Тийм болохоор бид гурав хамтдаа сургууль, цэцэрлэгтээ ирдэг.

-Энэ сургуулийн юу нь чамд хамгийн их таалагдаж байна вэ?

-Хуучин сургуулийн ширээ сандал нь муухай модон байсан. Харин одоо шинэ ширээ, сандалтай. Бас тараг, сүү печень, жимс гээд дандаа гоё амттан өгдөг. Би биеийн тамиртаа их дуртай болсон. Зөндөө том заалтай болохоор хичээл ороход их гоё.

-Дүүтэйгээ нэг газар сурах нь чамд ямар санагддаг вэ?

-Ёстой гоё байдаг. Гэхдээ ихэвчлэн би эрт тардаг. Тийм болохоор буцаж ирээд дүүгээ тарахаар нь хамт тоглож байгаад, ээжтэй хамт харьдаг. Дүүгийн цэцэрлэгийн гадна зөндөө том тоглоомууд байдаг болохоор гэрийн даалгавраа хийчхээд ирж тоголчхоод явдаг. Энэ нь надад бүр гоё санагддаг.

Тус сургуулийн багш нарын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Тиймээс залуу багш нарын төлөөлтөлтэй ярилцаж, тэдний санаа бодлыг хуваалцлаа.

Хөдөлмөрийн багш Х.Бямбацогт:

-Манай сургуулийн багш нар нэгэнтэйгээ сайн ойлголцож, чаддаг. Тиймээс нэгнээ дэмжиж, сурагчиддаа үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг-

-Ажиллаад хэр удаж байна вэ?

-Би өмнө нь хувиараа л бүтээл хийдэг байсан. Шинэ сургууль ашиглалтад орохтой зэрэгцээд багшлах санал авсан. Нэлээн бодож байж мэргэжлээрээ ажиллах шийдвэр гаргасан. Үнэндээ нэлээн хүнд санагдсан. Гэвчиг шинэ орчин тойрон болон хамт ажиллах багш нараасаа урам зориг ихэд авсан. Үеийнхээ залуучуудтай хамтарч ажиллахаар илүү урам авдаг юм байна. Бид нар дундаасаа 750 мянган төгрөг нийлүүлж байгаад сургуулийнхаа үүдний хэсгийг тохижуулсан. Ингэхдээ аймгийнхаа гол онцлогийн нэг болох "Хэрмэн цав"-ыг тодотгосон. Илүү бодитой хийхийн тулд хээг нь товойлгож, загвар гаргасан. Бусад багш нар маань гар бие оролцож, өнгө будгаар ялгаж маш том үүрэг гүйцэтгэсэн.

-Сургуулийн орчин солигдож, өөрчлөгдөх нь багш нарын хөгжилд хэр нөлөөлж байна вэ?

-Манай сургууль дэвшилтэт технологийг түлхүү ашигладаг болсон. Үүнийгээ дагаад багш нар чадваржих шаардлага үүсэж байна. Сурагчдадаа ч үлгэр жишээ болсон багш байхын тулд шинэ технологи бүрийг судалж, ашигладаг болсон байх хэрэгтэй. Манай сургуульд хэд хэдэн хичээлийн кабинет байгуулагдана. Одоохондоо хараахан тоног төхөөрөмж ирээгүй байна. Төхөөрөмжүүд ирвэл технологийн хичээлийн хэрэглэгдэхүүнүүд шинэчлэгдэнэ. Илүү их чадвар шаардаж, юмсыг сурах байх гэж бодож байна.

VI сургуулийн захирлаар боловсролын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа газарзүйн багш Г.Отгонбаяр томилогджээ. Тэрбээр зургаадугаар сургуулийг "байгалийн ухааны гүнзгий" сургууль болгох зорилготой ажиллаж байгаагаа хуваалцлаа.

-Говь нутгийн хүүхэд нутгийнхаа онцлогыг ойлгож, таньж, мэдэх ухаанд суралцах ёстой-

-VI сургуульд хичнээн хүүхэд суралцаж байна вэ?

-Манай сургууль өнөөдрийн байдлаар нийт 1470 сурагчтай үүнээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулиас 800 хүүхэд, гуравдугаар сургуулиас 400 хүүхэд, нэгдүгээр сургууль болон бусад сургуулиас 100 гаруй хүүхэд шилжин ирж суралцаж байна.

Ингэснээрээ тэдгээр сургуулиудын ачаалал ч гэсэн мэдэгдэхүйц буурсан гэж болно. Бид өөрсдийн судалгаанаас үзэхэд зарим сурагчид маань өмнө нь 5-7 км замыг туулж сургуульдаа ирж очдог байсан бол  одоо манай сургуульд хамгийн холоос ирдэг сурагч хоёр км замыг туулдаг. Энэ нь өөрөө хүүхдийн аюулгүй байлгах талаас сургуульдаа ирэх буцах, эцэг эхчүүд ч мөн хүүхдүүдээ хүргэхэд ойр төхөм болж байгаа. Манай сургуулийн онцлог давуу тал нь орчин үеийн тоног төхөөрөмж хэрэгслүүдээр бүрэн хангагдсан, суралцах орчин сайтай тохилог сайхан сургууль, хүүхдүүд ч үүнд сэтгэл өндөр байдаг.

-Говийн хүүхдүүд нутгийнхаа давуу талыг хэрхэн яаж, сургалтын системээсээ олж авдаг вэ, суралцах, мэдэх ёстой зүйлсүүд юу байна вэ?

-Бид сургуулиа байгалийн ухааны төрөлжсөн сургууль болох зорилт тавин ажилладаг, үүнийхээ дагуу тухайн чиглэлийн хөтөлбөрийг боловсруулаад боловсролын яаманд батлуулах нэн тэргүүний шаардлага байгаа. Мэдээж манай улс орон болоод манай говь нутгийн хувьд байгалийн асуудал маш олон тохиолддог. Өмнөговь нь тэр дундаа байгалийг хамгийн өргөн цогц хүрээнд ашигладаг, аялал жуулчлал болон уул уурхайн чиглэлд улсын дээд түвшинд хүртэл ашиглаж байдаг. Энэ чинээгээр манай байгаль өөрөө сульдаж доройтох асуудал их гарах учраас байгаль ухааны төрөлжсөн сургууль болох зорилттой. Мэдээж байгаль ухааны төрөлжсөн сургуулийн төгсөгчид нь байгалийг ажиглан таньж, мэддэг, хайрладаг, хамгаалдаг байх, мөн энэ чиглэлээр мэргэжил эзэмших суурь хөтөлбөр боловсруулж нарийн мэргэжлийн инженер техникчид, байгаль орчны мэргэжилтнүүдийг эртнээс бэлтгэхээр зорилт тавин ажилладаг. 

-Ажиллах боловсон хүчний хувьд, хэр нөөцтэй байгаа вэ?

-Манай сургууль одоогоор 66 багштай, ирэх намрын улиралд 100 орчим байхаар төлөвлөсөн, багш нарийн нөөц бүрэн хангагдсан гэж болно. Манай багш нарын 60 хувь нь 1-5 жил ажиллаж байгаа шинэ залуу багш нар, тиймдээ ч тэр үү хийж бүтээх тал дээр их эрч хүчтэй байдаг.

Тус сургуулийн дотоод орчин хүүхдэд ээлтэй тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Мөн үдийн цайны санхүүжилтийг нутгийн удирдлагууд нь нэмэгдүүлж, сурагчдад чанартай хүнс өгдөг гэдгийг сургуулийн багш нар болон сурагчид хэлж байлаа.

Энэ сургууль, цэцэрлэгийг яагаад Гурван сайхан хороололд барьж, байгуулах болсон талаар ГОХДС-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Гурван сайхан хорооололд сургууль, цэцэрлэг барьж, байгуулах болсон шалтгаан юу байсан бэ?

-Гурван сайхан хороололд баригдсан сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, Өмнөговь аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байгаа хэрэг.

Энэ жил ГОХДС-ийн 10 жилийн ой тохиож байгааг онцлон хэлмээр байна. “Оюу толгой” компани 2015 оноос хойш жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, хэрэгжүүлж ирсэн. 1200 хүүхдийн зургаадугаар сургууль, 200 хүүхдийн 33 дугаар цэцэрлэг нь нийт 24.2 тэрбум төгрөгийн төсвөөр бүтээн байгуулагдсан нь Өмнөговь аймгийн төдийгүй улсын хэмжээнд орон нутаг дахь боловсролын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэгт зүй ёсоор орно. Хамгийн чухал нь энэхүү сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор маш олон хүүхэд аюулгүй, бүрэн бүтэн гэртээ харьж, сургуульдаа ирдэг болсон. Мөн сайн сургалт, чанартай боловсролыг эзэмшиж чаддаг болсон нь бидний бүтээн байгуулалтын гол зорилго.

100 хүүхдийн суух боломжтой номын сан
Бага, дунд ангийнханд зориулсан шүүээ
Бүх төрлийн секц, дугуйлан хичээллэх боломжтой бүрэн тоноглогдсон спорт заал

-AR-ыг сургалтдаа нэвтрүүлсэн 33 дугаар цэцэрлэг-

Ийнхүү шинээр ашиглалтад орсон 33 дугаар цэцэрлэг рүү орж танилцав.

Нийт 4,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан тус цэцэрлэг нь 2024 оны есдүгээр сарын 1-д ашиглалтад орж, найман бүлэгтэйгээр хичээллэж байна. Иж бүрэн тохижилт, шаардлагатай тоглоом наадгай, AR Puzzle буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан бодит болон виртуал ертөнцийг хослуулсан хөтөлбөртэй гэдгээрээ онцлог.

Мөн тус цэцэрлэгийн

  • Тайзны акустик доторлогоо, хөгжмийн зэмсгээр тоноглогдсон урлагийн заал
  • 200 хүүхдийн хоол үйлдвэрлэх хүчин чадал, тоног төхөөрөмжөөр бүхий гал тогоо
  • 3 бүлэгт Шимт хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүн;
  • Багш нарын хичээл бэлтгэлд зориулсан зөөврийн компьютер зэрэг орсон юм. Гадна тоглоомын талбай зэрэг сургуулийн өмнөх боловсролын орчны стандартад нийцүүлэн ГОХДС-аас тохижуулжээ.

33 дугаар цэцэрлэгт шилжиж ирсэн хүүхдүүд нэлээн хоцрогдолтой байсан бөгөөд одоо хоцрогдолтой нэг ч хүүхэд байхгүй талаар "Бэлтгэл А" бүлгийн багш Ш.Буянжаргал хуваалцлаа.

-Цэцэрлэгийн сургалтаас онцлох хөтөлбөрүүдийн тухай дурдвал?

-Манай цэцэрлэг AR болон уламжлалт хэв маягийг хослуулж, хичээллэдэг. Говь нутгийн хүүхдүүд багаасаа эх орон болон Говийн өвөрмөц, онцлог шинж чанарын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тиймээс цэцэрлэгээ ерөнхийд нь монгол өв уламжлал гэсэн байдлаар тохижуулж, сурагчиддаа хичээлээ ордог.

-Өөр цэцэрлэгээс хүүхдүүд шилжиж ирж, нэг анги болсон байх. Тэд хэр зэрэг хоцрогдолтой байсан бэ?

-Ерөнхийдөө маш их хоцрогдолтой. Манай бүлэг бол сургуулийн өмнөх насны бүлэг. Таван настны хийж чаддаг байх ёстой, мэддэг байх ёстой юмс нэлээн дутуу дулимаг орж ирсэн. Харин энэ хугацаанд хоцрогдлоо нөхөж, сайжирсан гэхэд болно. Хүүхдүүдэд AR ашиглан хичээл орох нь тэдний сонирхлыг ихэд татдаг. Тиймээс хичээлдээ ч ирэх дуртай, оролцоо ч сайтай байдаг.

-Сургууль, цэцэрлэг хамтдаа байх нь ямар давуу талтай вэ?

-Ерөөсөө цэцэрлэг болон сургуулийн багш нарын эргэх холбоо маш сайн болно гэсэн үг. Зүгээр нэг хүүхдийг цэцэрлэг төгсгөөд явуулах биш сургуульд орсных нь дараа ч холбоотой байх. Нөгөөтээгүүр хүүхдүүд хэр зэрэг биеэ даах ухаанд суралцсан байгаа эсэхийг нь сургуулийнх багшаас мэдэж болно. Ингээд цаашлаад цэцэрлэгийн хөтөлбөрүүдэд ч нэмэлт өөрчлөлт орж болно. Ер нь сумандаа анхны гэгдэх цогцолбортой болсон нь багш, ажилчид, хүүхдүүдийн хувьд хамгийн том дэвшил юм.

33 дугаар цэцэрлэг "Шимт" хөтөлбөр явуулж эхэлснээр эцэг эхчүүдтэй хамтран хүүхдүүдийн бие бялдар, насны онцлогт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болжээ. Мөн "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх бүлгийн хүүхдүүд цэвэр сүү уух дадалтай болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зрчин
Зрчин
4 сар 24, 2025 09:27

Энэ өглөг биш. ОТ дараа нь гаргасан зард�##�даа тооцож тайланд оруулдаг

Зангараг
Зангараг
4 сар 25, 2025 06:58

Хүүхэд бол монголын гэрэлт ирээдүй.

Холбоотой мэдээ

Back to top button