Хойд Солонгос ОХУ-руу цэрэг илгээсэн гэдгээ анхны удаа хүлээн зөвшөөрлөө

БНАСАУ Украины эсрэг хийж буй дайнд ОХУ-ын талд байлдуулахаар цэрэг илгээсэн гэдгээ анхны удаа өнөөдөр /2025.04.28/ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн ОХУ Умард Солонгосын цэргүүд байлдаж байгаа гэдгийг анхны удаа мэдэгдсэн юм. Хойд Солонгосын төрийн өмчит “KCNA” суваг мэдээлэхдээ Ким Жон Уны тушаалаар байлдсан цэргүүд Украин цэргүүд довтлоод байсан ОХУ-ын газар нутгийг чөлөөлөхөд чухал хувь нэмэр оруулсан гэжээ. Москва, Пёнян өмнө нь Хойд Солонгос цэргүүд ОХУ-ны талд байлдаж байгаа гэдгийг үгүйсгэж байсан.
Тус суваг улсынхаа эрх баригч намын мэдэгдлийг иш татан мэдээлэхдээ Курск мужийг чөлөөлөх тулалдаан ялалтаар өндөрлөсөн нь ОХУ, Хойд Солонгосын стратегийн хамгийн өндөр түвшний нөхөрлөлийг харуулсан хэмээсэн юм. ОХУ өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ Украины цэргүүдийг ОХУ-ын газар нутгаас бүрэн гаргасан гэсэн. Харин Киев уг мэдээллийг үгүйсгэж Белгородод цэргүүд нь байлдаж байгаа хэмээсэн байна.
“KCNA” мэдээлснээр Ким Жон Ун “Шударга ёсын төлөө тэмцсэн хэн бүхэн эх орныхоо нэр төрийн төлөөлөгчид, батрууд юм” гэж хэлжээ. Украины албан тушаалтнууд мэдээлснээр Хойд Солонгос нийтдээ 14 мянган цэрэг ОХУ-руу илгээсэн байна. Тэд өнгөрсөн жил 11 мянган цэрэг илгээж, энэ жилийн эхээр нэмж 3 мянган цэрэг илгээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.