БНХАУ Трампын тариф эдийн засгийнх нь сэргэлтэд үзүүлэх нөлөө бага гэж бодогдуулахаар оролдож байна

БНХАУ-ын бодлого боловсруулагчид АНУ-ын тариф эдийн засгийнх нь эмзэг сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлнэ гэх болгоомжлолыг багасгах гэж оролдож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үүсгэсэн олон улсын худалдааны дайн нь дэлхийн санхүүгийн зах зээлийг хямрааж, эдийн засгийн уналт үүсгэнэ гэх айдсыг нэмэгдүүлсэн.
Гэсэн хэдий ч БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны (NDRC) дэд дарга Жао Чэншин 2025 онд эдийн засгаа таван хувиар өсгөнө гэх зорилгыг биелүүлж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна хэмээжээ. Энэ жилийн эхээр БНХАУ-ын эрх баригчид эдийн засгаа өмнөх жилтэй адилаар таван хувиар өсгөх зорилт тавьсан. Мэргэжилтнүүд тэрхүү зорилгыг биелүүлэхэд хүнд, ихээхэн амбицтай гэж үзэж байгаа юм.
Жао Чэншин эдийн засгийг дэмжих ямар нэгэн шинэ арга хэмжээ зарлаагүй ч “NDRC” нь хоёрдугаар улиралд эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлж шинэ бодлого хэрэгжүүлнэ гэжээ. Тэр “Эхний улирлын ололт амжилт нь бүтэн жилийн эдийн засгийн хөгжлийн бат бөх суурийг тавьсан. Олон улсын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн бид хөгжлийн зорилтоо бэхжүүлж, стратегийн төвлөрлөө хадгалан өөрсдийнхөө хийх ажилд анхаарал хандуулна” хэмээсэн байна.
Эдийн засгийн зорилгодоо хүрч чадна гэж түүний мэдэгдэл БНХАУ-ыг ажиглагчдын нийтлэг ойлголттой зөр буй. Олон улсын валютын сан, “Goldman Sachs” болон “UBS” гурвуулаа БНХАУ-ын 2025 болон 2026 оны эдийн засгийн хэтийн төлөвийг бууруулсан. Трампын тарифын улмаас БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилгодоо хүрэхгүй гэж эдгээр байгууллагууд үзэж байгаа юм.
Одоогийн байдлаар АНУ БНХАУ-ын ихэнх бараанд 145 хувийн гаалийн татвар оноосон. Үүний хариуд БНХАУ АНУ-ын ихэнх бараанд 125 хувийн тариф ногдуулсан юм. Ийм өндөр татвар тавьсан нь хоёр улсын хоорондын худалдааг нэг ёсондоо зогсоогоод буй.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Трампын тарифын эсрэг тэмцэхийн тулд дэмжлэг авахаар зүүн өмнөд Азийн орнуудад саяхан айлчилсан. Мөн АНУ-тай тохиролцоонд хүрэхийн тулд БНХАУ-ыг гаргуунд гаргахгүй байхыг Бээжин анхааруулсан байгаа.
Трампын худалдааны дайн БНХАУ-ын эдийн засаг хэцүүхэн нөхцөл байдалтай байхад эхэлсэн. Тус улсын эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг үл хөдлөхийн салбар хямралд орж, орлогын өсөлт саарсантай холбогдуулан дефляц үүссэн байгаа. Ирэх саруудад Бээжин эдийн засгийн өсөлтөө дэмжих шинэ бодлого танилцуулна гэж шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын Ардын банкны орлогч дарга Жоу Лан хэлэхдээ тус банк бодлогын хүүгээ, арилжааны банкнууд нөөцөд хадгалах ёстой бэлэн мөнгөний хэмжээг бууруулж, юанийн ханшийг тогтвортой барина хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадууд ажилсаг. Америкчууд хар тамхичид