Ерөнхий сайд Карни: Канад хэзээ ч АНУ-ынх болохгүй

Канадын Ерөнхий сайд Майк Карни мягмар гарагт /2025.05.06/ АНУ-д анхны удаа айлчилсан байна. Тэрбээр Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай анхны удаа бие биеэ харж ярилцахдаа Канадыг хэзээ ч худалдахгүй гэжээ. Трамп албан тушаалаа хүлээн авсныхаа дараа Канадыг АНУ-ын 51 дэх муж болгоно гэж хэд хэдэн удаа хэлсэн.
Карни Трамптай уулзсан уулзалтаа бүтээлч байсан гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Харин Трамп уулзалт гайхалтай явагдсан хэмээжээ. Трамп хоёр улс нэг орон болох талаар хэлэлцэхгүй гэсэн ч тийм зүйл болбол гайхалтай гэрлэлт болно хэмээсэн байна. Тэгвэл Карни Канад АНУ-д нэгдэх тухайд “Зарахгүй, хэзээ ч зарахгүй” гэж хэлжээ. Трамп үүнд хариулахдаа “Болохгүй гэж хэзээ ч битгий хэлж байн” хэмээсэн байна.
Карни Трампын үйлдлийг урвалт гэж хэд хэдэн удаа шүүмжилж байсан юм. Гэсэн ч хоёр улсын удирдагч Цагаан ордонд уулзахдаа нэг их сөргөлдөлгүй, харин сэтгүүлчдийн өмнө бие биеэ магтжээ. Трамп Канадаас гадна Гринланд, Панамын сувгийг эрхшээлдээ авна гэж хэлсэн нь олон улсаас шүүмжлэл дагуулсан билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.