Украин валютаа ам.доллароос холдуулж, евротой холбох талаар авч үзэж байна

Украины Төв банкны ерөнхийлөгч Андрей Пышный “Reuters” агентлагт хэлэхдээ тус улс ам.доллароос холдож байгаа гэжээ. Дэлхийн худалдааны харилцаа хагарч, Европтой холбоо нь гүнзгийрч байгаа учир Украин валютаа ам.доллар бус евротой холбож магадгүй аж.
Пышный “Reuters” агентлагт имэйлээр мэдээлэл өгөхдөө “Европын холбоонд элсэх боломж, манай орны аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтад Европын үзүүлэх үүрэг нэмэгдэж буй явдал, дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал болон олон улсын худалдаа хагарч буй нь төв банк Украин гривенийн лавлах валютаар евро байх ёстой эсэхийг авч үзэхэд хүргэж байна” гэжээ.
Тэр нэмж “Энэ ажил нь нарийн төвөгтэй, өндөр түвшний олон талын бэлтгэл шаардана” хэмээсэн байна. Ам.доллар нь олон улсын худалдаанд давамгай ашиглагддаг, дэлхийн нөөц валют. Ийм учир Хонконг болон Саудын Араб гэх мэт томоохон эдийн засгууд валютаа ам.доллартой холбодог.
Гэвч Ерөнхийлөгч Доналд Трампын удирдлага дор АНУ сүүлийн зуун жилд үзэгдээгүй өндөр тариф тогтоож, худалдааны дайн эхлүүлсэн. Трамп ийм алхам гаргасан нь ирээдүйд ам.доллар дэлхийн нөөц валют гэх статусаа хадгалж үлдэж чадах эсэх тал дээр зарим ажиглагчид эргэлзэхэд хүргэсэн юм.
Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш ам.долларын ханш томоохон валютуудын эсрэг есөн хувиар буурчээ. Зарим шинжээчид ам.долларын хүчийг нөөц валютын статустай нь холбохоос анхааруулдаг.
ОХУ-ын түрэмгийлэлтэй дөрөв дэх жилдээ тэмцэж буй Украин Трамп улсад нь үзүүлж буй зэвсгийн тусламжийг түр зогсоохыг харсан. Харин Европын удирдагчид Украинын зэвсэгт хүчнийг бэхжүүлэхээ амласан байгаа. Гэхдээ энэ тал дээр ахиц дэвшил гарахгүй байна.
Пышный хэлэхдээ дэлхийн валютын зах зээлийн бүх хэсгийг ам.долларын гүйлгээ давамгайлж байгаа ч еврогийн гүйлгээ дунд зэргээр өсөж байгаа гэсэн юм. Украин 1996 онд үндэсний мөнгөн дэвсгэрт болох гривенийг гаргаж, ам.долларын нөөц валют болгон ашигласан.
ОХУ 2022 оны хоёрдугаар сард цэргээ оруулсны дараа Украины төв банк капиталын хяналт тогтоож эхлэн, ам.доллар ойролцоогоор 29 гривентэй тэнцэхээр хатуу тогтоож өгчээ. Гэвч төсвийн тэнцвэргүй байдал үүссэний улмаас гривенийн ханшийг бууруулах шаардлага тулгарсан юм.
2023 оны аравдугаар сард Төв банк хатуу ханш тогтоодог системээс татгалзсан байна. Үүний оронд ам.долларт суурилсан уян хатан ханшийн бодлого руу шилжсэн. Энэ шинэ тогтолцоо нь ханшийн хэлбэлзлийг зөөлрүүлэх, валютын зах зээл дахь төрийн оролцоог зохицуулах зорилготой.
Европын Холбоо бараг жилийн өмнө Украин, Молдав хоёрыг гишүүнээр элсүүлэх хэлэлцээг эхлүүлсэн. Гэхдээ энэ хоёр улс гишүүн болох хүртлээ урт, хүндрэлтэй замыг туулна. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хоёрдугаар сард хэлэхдээ, хэрэв Украин доогийнхоо хурдаар улс төр, шүүхийн шинэчлэлээ үргэлжлүүлбэл 2030 он гэхэд Европын Холбооны гишүүн болж магадгүй гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.