Трампын тариф БНХАУ-ын дефялцын асуудлыг даамжруулна

АНУ-ын өндөр тарифаас шалтгаалан Хятад бараа бүтээгдэхүүний гадаад захиалга огцом буурч байна. Үүний улмаас БНХАУ экспортлогчдоо дотоодын зах зээл рүү борлуулалтаа чиглүүлэхийг уриалж эхэлжээ. Гэвч энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт үүсээд буй дефляцын асуудлыг илүү гүнзгийрүүлж болзошгүй юм.
Хятадын орон нутгийн захиргаанууд болон томоохон компаниуд тарифын нөлөөнд автсан экспортлогчдод бараагаа дотооддоо зарахад туслан дэмжиж ажиллаж байна. “JD.com”, “Tencent”, “Douyin” (TikTok-ийн Хятадад хэрэглэгддэг хувилбар) зэрэг цахим худалдааны томчууд бараагаа дотооддоо зарж борлуулахыг уриалж буй.
Хятадын Худалдааны дэд сайд Шэн Чюпин өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ экспортын цохилтыг зөөлрүүлэх чухал "буфер" бол дотоодын зах зээл гэж нэрлэсэн юм. Мөн орон нутгийн удирдлагуудад экспортын тогтвортой байдлыг хангаж, хэрэглээг нэмэгдүүлэхийг тэр уриалжээ.
“Barclays” банкны Хятадын эдийн засгийн ахлах шинжээч Жөү Инкэ хэлэхдээ, экспортлох байсан барааг дотоодод хямд үнээр зарж борлуулах нь Хятад компаниудын дунд үнийн дайныг өдөөж байна гэсэн юм.
Жишээ нь “JD.com” экспортлогчдод туслах зорилгоор 200 тэрбум юаниар (28 тэрбум ам.доллар) платформ дээрээ тусгай хуудас гаргаж, экспортлогч нарт АНУ-руу гаргах байсан бараагаа таван хувь хүртэл хямдралтай борлуулахад тусална гэжээ.
Гэвч ийм хямд барааны урсгал нь компаниудын ашгийг багасгаж, ажлын байранд сөргөөр нөлөөлнө гэж Жөү Инкэ анхааруулав. Ажилгүйдэл, орлогын тодорхойгүй байдал нь хэрэглээний эрэлтэд муугаар нөлөөлж, дефляцын асуудлыг даамжруулж байгаа юм.
Өнгөрсөн хоёр жил бараг л тэг байсан хэрэглээний үнийн индекс (CPI) 2025 оны хоёрдугаар, гуравдугаар сард дараалан буурч, сөрөг рүү орсон. Хэрэглээний үнийн индекс нь инфляцыг хэмждэг үзүүлэлт билээ. Тус үзүүлэлт тэгээс буурвал дефляц үүснэ гэсэн үг. Хэрэглээний үнийн индексээс гадна үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) гуравдугаар сард жилийн өмнөхөөс 2.5 хувиар буурч, дараалан 29 дэх сардаа унасан байна.
Худалдааны дайнаас болж экспорт унаж байгаа учраас БНХАУ-д барааны бөөний үнэ цаашид ч буурч, дөрөвдүгээр сард 2.8 хувиар багасна хүрнэ гэж “Morgan Stanley” фирм таамаглажээ. Тус фирмийн шинжээчид “Энэ улиралд тарифын нөлөө хамгийн хүчтэй мэдрэгдэнэ. Учир нь БНХАУ-ын олон экспортлогч АНУ руу бараа илгээхээ зогсоосон” гэсэн юм.

“Goldman Sachs”-ын Хятадын ахлах эдийн засагч Шан Хүй хэрэглээний үнийн индекс энэ жил яг тэг хувь бол болж, 2024 оны 0.2 хувиас буурна гэж үзэж байна. Харин үйлдвэрлэлийн индекс 1.6 хувиар буурах төлөвтэй.
Шан “Хэт их нийлүүлэлтийг шингээхийн тулд дотоод болон бусад орны худалдан авагчдад зориулж үнэ буурах шаардлагатай” хэмээсэн юм. БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал нь гэнэт нэмэгдсэн тарифт хурдан дасан зохицож чадахгүй тул зарим салбарт хэт үйлдвэрлэлийн асуудал нэмэгдэж магадгүй гэдгийг тэр нэмж онцолжээ.
“Goldman Sachs” энэ онд БНХАУ-ын эдийн засгийн бодит өсөлт дөрвөн хувь байна гэж таамаглаж байгаа юм. Харин Хятадын эрх баригчид 2025 онд эдийн засгаа ойролцоогоор таван хувь өсгөнө гэх зорилт тавьсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ онд БНХАУ-ын ихэнх бараанд 145 хувийн тарифаар ногдуулсан нь сүүлийн 100 жилийн хамгийн өндөр түвшин юм. Үүний хариуд Хятад ч мөн 125 хувийн татвар АНУ-ын ихэнх бараанд ногдуулсан. Ийм өндөр тариф нь хоёр орны худалдаанд ноцтой цохилт өгч байна.
“Chanson & Co” хөрөнгө оруулалтын банкны захирал Шэнь Мэн экспортлогчдын барааг дотоодод борлуулж буй БНХАУ-ын засгийн газрын арга хэмжээ түр зуурын шийдэл байж магадгүй гэсэн юм. АНУ-ын зах зээлийг алдах нь дотоодын эрэлт хэрэгцээ сул буй Хятадын экспортлогчдод ихээхэн дарамт болж, үнийн дайн, ашиггүй байдал, төлбөрийн хоцрогдол, бараа буцаалт зэрэг асуудлыг дагуулж байна.
Шэнь Мэн “АНУ-ын хэрэглэгчдэд бараагаа өндөр үнээр байсан компаниуд дотоодын зах зээлд бараагаа борлуулах нь зүгээр л нөөцөө цэвэрлэж, богино хугацаанд мөнгө эргэлдүүлэх гэсэн оролдлого юм. Ашиг бараг байхгүй” гэсэн юм. Ашиг бага буй нөхцөлөөс болж зарим экспортлогчид хаалгаа барьж магадгүй байна. Харин зарим нь үйлдвэрээ ажиллуулахын тулд алдагдалтай ч гэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.
Трампын тарифын улмаас Хятад компаниуд хаалгаа барьж эсвэл цомхотгол явуулсан тул энэ нь ажилгүйдлийг нэмэгдүүлнэ. “Goldman Sachs”-ын Шан Хүйгийн хийсэн тооцоогоор АНУ-руу бараа гаргадаг үйлдвэрүүдэд 16 сая орчим хүн, буюу Хятадын нийт ажиллах хүчний хоёроос дээш хувь нь ажилладаг аж.
Мөн дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-ын засаг захиргаа “de minimis” хэмээх бага 800 ам.доллароос бага үнэтэй бараа татваргүй оруулж ирэх хөнгөлөлтийг цуцалсан. Энэ нь “Shein”, “Temu” зэрэг Хятадын цахим худалдааны компаниудад томоохон цохилт болсон.
“Eurasia Group” фирмийн Хятадын асуудал эрхэлсэн захирал Ван Дань хэлэхдээ, “de minimis”-ийн цуцлалт, мөнгөн урсгалын бууралт нь жижиг дунд үйлдвэрүүдийг дампуурлын ирмэгт хүргэж байна. Экспортод тулгуурласан БНХАУ-ын бүс нутгуудад ажлын байр олноороо алдагдаж байгааг тэр дурджээ. Энэ жилийн хотын бүсийн ажилгүйдлийн түвшин 5.7 хувьд хүрч, албан ёсны зорилтот түвшин болох 5.5 хувиас давна гэж Ван Дань таамаглаж байна.
Үл хөдлөхийн салбар нь хямралд орж, дотоодын эрэлт суларсан БНХАУ-ын эдийн засгийг сүүлийн хэдэн жил экспортын орлого авч явсан юм. “Nomura” фирмийн Хятадын эдийн засгийг судлаач Тин Лу саяхан гаргасан санамж бичиг дээрээ үл хөдлөхийн хямрал дээр АНУ-ын тариф нэмэгдэж байгаа нь БНХАУ-ын эдийн засаг хоёр том хүндрэлтэй тулгарна гэдгийг харуулж байсан гэжээ.
Эх сурвалж: CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад эдийн засгийн ун�##�тад орвол Бид дагаад том цохилт авна!!! Нүүрс авахаа больж засаг мөнгө хэвлэж инфляц маш их өсөж төгрөгийн ханш хог болно ,ядуур�##� туйлдаа хүрч нэг л зам үлдэнэ