Трамп Путинтэй утсаар ярьсныхаа дараа ОХУ, Украин гал зогсоох хэлэлцээ шууд эхлүүлнэ хэмээв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.05.19/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан байна. Үүний дараа Трамп мэдэгдэл хийхдээ ОХУ, Украин гал зогсоох хэлэлцээ шууд эхлүүлнэ гэжээ. Харин Кремль гал зогсоох тохиролцоонд хүрэхэд цаг авна хэмээсэн юм. Мөн Трамп Европын орнуудын хамтаар Москвад нэмж хориг тавихад бэлэн биш гэх мессежийг өгсөн байна.
Трампын Путинтэй хийсэн дуудлагаас харвал Путин нэг их буулт хийлгүй, АНУ-ын нэмэлт хоригоос зайлсхийж чадсан бололтой. Москва гал зогсоох тохиролцоог зөвшөөрөхгүй байсан тул Европын орнууд ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авсан. Трамп Путинтэй ярьсныхаа дараа Украин болон Европын удирдагчидтай мөн холбогдсон юм. Путинтэй ярьсан дуудлага хэрхэн явагдсаныг сонссоныхоо дараа Европын орнууд Москвад үзүүлж буй хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлэх шийдвэрт хүрчээ.
Европ, АНУ, Украины эрх баригчид энхийн хэлэлцээ болох зай гаргаж өгөхийн тулд ямар нэгэн болзол тавилгүй 30 хоног гал зогсоохыг шаардаад буй.
Трампын хувьв хориг арга хэмжээний дарамтыг нэмэхэд Европтой хамт алхам хийхэд бэлэн биш байгаа гэх мессежийг өгчээ. Москваг энхийн тохиролцоонд хүргэхийн тулд, өөрөө сүрдүүлж байснаараа нэмж хориг хэмжээ яагаад авахгүй байгаа гэдгийг Трампаас сэтгүүлчид асуусан байна. Үүнд тэр “Яагаад гэвэл ямар нэгэн зүйл хийх боломж байгаа гэж бодож байгаа болохоор. Хэрвээ хориг тавивал нөхцөл байдлыг улам дордуулна. Гэхдээ нэмж хориг тавих боломжтой үе гарч болно” гэж хариулсан юм.
Трамп Украины дайны асуудал маш том эго оролцож байна гэжээ. Ингэж хэлснийхээ дараа тэр дахиад л ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй бол дайныг зогсоох гэсэн хүчин чармайлтаа орхино хэмээсэн байна. Трамптай ярьсныхаа дараа Путин мэдэгдэл хийхдээ дайныг зогсоох хүчин чармайлт ерөнхийдөө зөв замаар урагшилж байна гэжээ.
Тэрбээр Сочи хотоос сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “ОХУ Украины талд ирээдүйн энх тайвны хэлэлцээрийн санамж бичиг байгуулах санал тавина гэж АНУ-ын ерөнхийлөгчтэй тохиролцсон” хэмээсэн байна. Кремлийн туслах Юрий Ушаков хэлэхдээ Трамп, Путин хоёр гал зогсоох тохиролцооны цаг хугацааны талаар ярилцаагүй, харин хоригдол солилцох талаар хэлэлцсэн хэмээсэн юм. Тэд есөн Америк иргэний, есөн Орос иргэнээр солилцох тухай ярилцсан аж.
ОХУ-ын төрийн өмчит хэвлэлүүд мэдээлснээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва, Киев хоёр энх тайван, гал зогсоохын санамж бичгийг боловсруулах нарийн төвөгтэй харилцааны өмнө ирээд байна гэжээ. Тэр “Тохиролцоонд эцсийн хугацаа гэж байхгүй, байх боломжгүй. Хүн бүр тохиролцоонд аль болох хурдан хүрэхийг хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ мэдээжийн хэрэг асуудлын бэрх хэсэг нь нарийн ширийн зүйлсдээ байгаа” хэмээсэн байна.
Европ, Украины орнууд шууд, ямар нэгэн болзолгүй гал зогсоохыг шаардаж байгаа. Харин Кремль үүнд хариу өгөхдөө хэлэлцээ хийж, гал зогсоох тохиролцооны нарийн ширийн зүйлийг тодорхойлох хэрэгтэй гэх хариу өгч байсан. Тэгвэл энэ удаа ч гэсэн тохиролцоонд хүрэх эцсийн хугацаа гэж байхгүй, байх боломжгүй гэж "тойруулав".
Даваа гарагт /2025.05.19/ Трамп Путинтэй утсаар ярив. Кремлийн мэдэгдлээс харвал ОХУ дахиад л гал зогсоох хэлэлцээг тойруулж байгаа бололтой. Харин энхийг тогтоогч гэж дурсагдах хүсэлтэй хэмээсэн Трамп дуудлагаас гал зогсоох тохиролцооны ямар нэгэн зүйлийг тодорхой болгож чадалгүй өнгөрөв.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэцүү асууд�##�.байна.дайн.зогсоосоо???