Хойд Солонгосын зүгээс АНУ-ыг цэргээр заналхийлэхээ зогсоо гэв

БНАСАУ ням гарагт /2025.05.25/ мэдэгдэл хийхдээ АНУ эх нутагтаа санаа зовж л байвал зэвсэгт хүчнээрээ бусдыг заналхийлэхийг зогсоохыг уриалсан байна. Хойд Солонгосын Батлан хамгаалах яамны бодлогын албаны дарга хэлэхдээ АНУ-ын эх газрын аюулгүй байдлын баталгаа нь бусад үндэстний эсрэг цэргийн заналхийлэл, түрэмгийллээс татгалзахаас хамаарна гэжээ.
Тус улсын төрийн өмчит “KCNA” агентлаг мэдээлснээр тэр албан тушаалтан АНУ саяхан тив алгасагч баллистик пуужин туршсаныг иш татаж, АНУ тэрхүү туршилтаа батлан хамгаалах үйлдэл гэдэг хэр нь Хойд Солонгосын туршилтыг заналхийлэл гэж үзэн логик бус сэтгэлгээ гаргадаг хэмээсэн юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын агаарын хүчин Minuteman III нэртэй тив алгасагч баллистик пуужинг туршсан билээ.
Тэр албан тушаалтан АНУ цөмийн зэвсгээ хөгжүүлж буйгаас үүсэж байгаа аюулгүй байдлын тогтворгүй нөхцөлийн эсрэг дайнаас сэргийлэх хүчин чармайлт гаргаж байгаа гэжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.