НИЙГЭМНийгэм мэдээ

Д.Ундармаа: Би дөрвөн нас хүртлээ утас үздэггүй, утас гэж мэддэггүй байсан

Аавынхаа дулаахан алгыг чанга атгаж, нөгөө гартаа ууттай бэлгээ барин, том том нүдээ гайхан гялалзуулсаар бяцхан зочин маань студид маань орж ирлээ. Энэ өхөөрдөм охиныг Д.Ундармаа гэдэг. Тэрбээр 50 дугаар сургуулийн 1г ангийн сурагч. Өдөр тутмын амьдралынхаа мөчүүдийг хуваалцаж, ролик дээр уран хөдөлгөөнөө харуулсан бичлэгүүдээ “Роликчин охин” нэртэй цахим хуудсандаа байршуулан, олон биш ч гэлээ цөөн тооны үнэнч дэмжигчидтэй болсон нэгэн. Түүний тэмүүлэл, авьяас, эерэг эрч хүч нь гэр бүл, найз нөхдийнхөө бахархал, хайртай охин болоход нь хүргэжээ. Хүүхдийн гэнэн томоогүй зан, цэвэр цагаахан хүсэл мөрөөдлөөр дүүрэн бяцхан Ундармаагийн ертөнцийг та бүхэнд хуваалцъя.

-Чиний ролик чадварлаг унаж байгаа дүрс бичлэгийг цахим хуудсаар харсан. Хэзээнээс ролик унаж сурсан бэ. Анх унаж сурахад бэрхшээлтэй, хэцүү байсан болов уу?

-Би 3 настай байхдаа ролик унаж сурсан. Анх унахад хэцүү санагдаагүй.Яах вэ одоо байгаагаасаа удаан явдаг байсан. Болъё гэж бодоод болих гэж байсан ч хэсэг унаад сурч чадсан.

-Их хэцүү олон хөдөлгөөн хийж байх шиг харагдсан. Хэт хурдлах юм уу, өндрөөс огцом буухад заримдаа айдаг уу?

-Ямар ч үед айдас байдаггүй. Харин ч гоё байдаг. Би ролик унаж байхдаа үсэрч, ухарч, огцом зогсолт хийж чадна. Уначихвал дахиад л давтаад хийдэг. Тийм болохоор айхгүй явж чаддаг болсон.

-Хэн анх роликыг танилцуулж, чамд зааж өгсөн бэ?

-Аав маань зааж өгсөн. Гэхдээ манай аав ролик унадаггүй. Унаж чадахгүй байх. Бага байхад нь ролик гэж байгаагүй юм чинь. Дээр үед ролик ч байгаагүй. Одоогийн хот ч гэсэн өөр байсан шүү дээ. Аав утаснаасаа л анх роликыг харсан байх. Дандаа л утаснаасаа юм үздэг. Тэр үедээ л ролик гэдэг юмыг мэдээд надад заая гэж бодсон байх.

-Аав нь утаснаасаа мэдээлэл авдаг юм байна. Харин Ундармаагийн хувьд утасны хэрэглээ бий юу. Хэрвээ байдаг бол ямар хэмжээгээр ашигладаг юм бол?

-Би дөрвөн нас хүртлээ утас үздэггүй, утас гэж мэддэггүй байсан. Зурагт ч гэсэн надад үзүүлдэггүй байсан. Заримдаа яах вэ дуу сонсдог. Надад нэг чихэвч байдаг байсан. Одоо цэнэг нь дууссан байна лээ. Миний санахаар эвдрээгүй л дээ. Цэнэглэгчийг нь санамсаргүй дээр нь гишгээд эвдэлчихсэн юм. Танай энэ зургийн аппаратаас арай жижиг аппаратыг тэр цэнэглэгчээр хамт цэнэглэдэг байсан. Тэр явдлаас хойш чихэвчээр ч дуу сонсохоо болиод бараг 5 нас хүрч байж л утас, зурагт хоёрыг аав, ээжийн зөвшөөрлийг асууж үзэж эхэлсэн.

-Зурагт болон утасны хэрэглээ маш бага байсан байна шүү дээ. Одоо хэрэглээ нь ямар вэ?

-Одоо ч гэсэн бараг үздэггүй дээ. Ээжийн утсыг хааяа авдаг. Сүүлд ээжийн утсаар нэг зомбитой хүүхэлдэй үзээд хайлтыг нь устгаж чадаагүй. Тэрний хайлтыг устгачихмаар л байна. Харамсалтай нь би устгаж чадахгүй. Ээжийн утсыг авахдаа "YouTube" орохгүйгээр татсан тоглоомоо л тоглож байна даа.

-Чи тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг бэ. Өөр сонирхол, хичээлэлдэг зүйлс бий юу?

-Чөлөөт цагаараа ролик унахаас гадна юманд авирдаг. Бас гар турник дээр олон юм хийж чадна. Аавтайгаа хамт өдөр бүр гадаа гардаг. Цаг агаар ямар ч байсан хамаагүй байнга гадаа гарч хэсэгхэн ч хамаагүй тоглодог. Багадаа бас хөлбөмбөгийн дугуйланд явдаг байсан. Тэр үед би 2 настай байсан. Гэхдээ муу сураад байсан болохоор больчих шиг болсон. Уул нь би өөрийгөө муу байсан гэж бодохгүй байна.

-Нэгдүгээр ангиа төгсөж байгаа юм байна шүү дээ. Сургуульд сурсан нэг жил ямархуу байв даа. Цэцэрлэг сургууль хоёрын аль чамд илүү сайхан санагдаж байна?

-Цэцэрлэг гоё л доо. Гэхдээ сургуултьд орсон сэтгэгдэл гоё байгаа. Тоо бодоод, цэх суух надад таалагддаг. Математик, монгол хэлний хичээлдээ илүү дуртай. Гэхдээ бодоод байхад бүх л хичээл гоё.

-Чи ямар хүүхэлдэйн кино үзэх дуртай вэ?

-"Peppa pig" үзэх дуртай. Миний нэг үзсэн анги дээр галт уул хийсэн юм л даа. Би түүнийг туршиж үзнэ гэж бодож байгаа. Бас шинжлэх ухааны тухай гардаг хүүхэлдэй кинонуудад дуртай. Маш их сонирхол татдаг.

-Ундармаагийн хамгийн хайртай тоглоом нь юу вэ?

-Эмчийн тоглоом, барби, бамбарууш бас машин. Зөвхөн хөвгүүд л робот, машин, супер баатруудаар тоглох албагүй шүү дээ. Би уг нь "Avengers"-ийн баатруудыг авмаар байгаа байхгүй юу. Аав, ээж хоёр авч өгөхгүй л байна. Охин хүүхэд гээд ийм тоглоом сонирхдоггүй л гэж бодоод байх шиг байгаа юм. Ядаж ганцыг авчихвал санаа амарлаа.

-Ярилцлага эхлэхээс өмнө чи надад шүдний дагина миний шүдийг аваад явсан гэж ярьсан шүү дээ. Тэрний талаар дэлгэрэнгүй яриад өгөөч?

-Миний доод талын голын шүд уначихсан юм. Одоо бол ургачихсан байна л даа. Унасан шүдээ унтахдаа дэрэн доороо үлдээчихдэг юм. Шүдний дагина гэхдээ яаж дэрэн доогуур ордог гэдгийг би ойлгодоггүй. Эхний унасан шүдэнд минь мянган төгрөг л үлдээсэн байсан. Бамбар л авч хүрэхээр мөнгө. Дараагийн том араа шүдэнд таван мянган төгрөг үлдээсэн байсан. Шүдний дагина гэхдээ ээж биш шүү. Жижигхэн нисдэг зүйл байгаа. Үүнээс харвал амьдрал дээр ид шид гэж байдаг л байхгүй юу.

-Ид шидтэн гарч ирээд чамайг гурван хүслээ хэлээрэй гэвэл чи ямар гурван хүсэл хүсэх бэ?

-Барби тоглоомыг амьтай болгомоор байна. Чөтгөрөөс айхгүй оронд нь найзалдаг болмоор байна. Хамгийн сүүлийн хүсэл нь эмч тариа тарьдаггүй, тариа тарих шаардлагагүй болоосой гэж хүснэ. Гэхдээ би тарианаас айдаггүй байхгүй юу. Тариа тариулчихвал зайрмаг идэж болохгүй. Харин би зайрмагт үнэхээр дуртай. Бас усанд орж болохгүй гэдэг. Харин би усанд орох дуртай. Ийм учраас би сүүлийн хүслээ ингэж хүсэж байгаа юм. Тэрнээс тариа тариулах тийм ч аймаар зүйл биш. Хүүхдүүд л өөрт нь хэрэгтэй гэдгийг ойлгохгүй айгаад байдаг.

-Чамайг юу хамгийн аз жаргалтай болгодог вэ?

-Гадаа тоглох, ном унших, роликоор гулгах намайг жаргалтай болгодог. Уурласан үедээ ном уншихаар зүгээр болчихдог. Би шинэ содон юм мэдэж авах дуртай. Тийм болохоор уур хүрвэл анхаарлаа өөр тийш нь хандуулаад тайвширдаг.

-Сургуульд сураад бусдын тусламжгүйгээр өөрөө ном уншиж сурсан нь чамд ямар мэдрэмж төрүүлсэн бэ. Одоо ном их уншиж байна уу?

-Би их хурдан уншиж сурсан. Номыг бол заримдаа л уншдаг. Ойрд зав гарахгүй л байна. Зурагтаа багасгачихвал ном унших цаг гарах гээд. Хичээлээ тараад гэртээ ирээд хоолоо идчихээд даалгавраа хийдэг. Тэгээд унтах хүртлээ хэсэг зурагт үзээд байгаа учраас ном унших зав олдохгүй юм. Зурагт ойрдоо их үзээд зурагтад удирдуулаад л байна.

-Зурагтдаа удирдуулахаа болиод ном унших талаар бодож байна уу. Чамд сонголт хийхэд хэцүү байгаа юм уу?

-Уул нь бага зэрэг ухаараад номоо уншдаг болчихвол номдоо татагдаад зурагтаа мартах байх. Тэгээд эрдэм номдоо сайн болно. Номыг багштай зүйрлэдэг гэж багш хэлсэн.

-Чиний хамгийн сайн найзыг хэн гэдэг вэ. Та хоёр хэрхэн сайн найзууд болсон түүхээ хуваалцаач?

-Миний хамгийн сайн найзыг Уянга гэдэг. Уянга бид хоёр нэг л мэдэхэд найзууд болсон. Яг яаж гэдгийг үнэхээр мэдэхгүй бас санахгүй байна. Гэхдээ Уянга надад захиа өгсөн. Захиандаа "Чамаар зөндөө их бахархдаг шүү Ундармаа" гэж бичсэн байсан. Би хариуд нь "Захиа явуулсанд баярлалаа. Чи миний хамгийн сайн найз" гэж бичсэн. Энэ нь бид хоёрыг сайн найз болгосон юм болов уу.

-Хамгийн сайн найзад нь тусламж хэрэг болвол чи хэрхэн тусалдаг вэ?

-Тусалдаг гэдгээ мэдэж байгаа ч тусалсныгаа бол санахгүй байна. Гэхдээ бас би сайн найзынхаа гэрийн хаягийг мэдэхгүй. Манайхаас хол байдаг. Тусламж хэрэгтэй болсон үед нь туслах боломжгүй л юм байна даа. Угаасаа хүний гэрийн хаяг гэдэг нууц зүйл. Хамаагүй энд тэнд ярьж, зааж өгч болохгүй. Яах вэ танд бол би гэрийн хаягаа хэлж өгч болно шүү. Та миний хувьд хамаагүй хүн шиг санагдахгүй байна.

-Чиний хэлсэн үг намайг маш их баярлууллаа. Баярлалаа. Хэн нэгний хувьд хамаагүй хүн биш, нууцаа ч хэлж болох хүн гэдэг нь ямар хүнийг хэлдэг юм бол?

-Хамгийн дотно, гэр бүлийн, хайртай хүмүүс. Бас тэр хүнд итгэж болох мэдрэмж төрсөн бол тэр хүн хамаагүй хүн биш болно. Бүх хүмүүс ийм байдаггүй л дээ. Миний л бодол ийм.

-Бүтэн нэг өдрийг ганцхан хүнтэй өнгөрөөнө гэвэл хэнтэй өнгөрөөх вэ?

-Ээжтэйгээ л өнжинө. Ээж минь надад маш олон зүйлийг зааж, тайлбарлаж өгдөг. Миний хамгийн хайртай хүн учраас ээжийгээ сонгоно. Аавдаа гэхдээ хайртай шүү. Нэг л хүн сонгох шаардлагатай болбол л гэсэн юм.

-Амралтаараа юу хийж өнгөрүүлэх вэ. Чи бодож, ярилцаж амжсан уу?

-Би сурагчдын амралтаар бас зун ээжтэйгээ Түнхэл явдаг. Тэнд Нямаа эгч гээд ээжийн эгч нь амьдардаг. Түнхэлд очоод би цэцэг услах, гэр орны ажилд нь тусалдаг. Гэхдээ хар салхины талаар сонсоод би явмааргүй байгаа. Ээжийгээ ч бас явуулмааргүй байна. Хар салхи далай болон устай газар болбол их аюултай юм байна лээ. Гэхдээ Түнхэлд "Хараа" гол л гэж байгаа болохоос далай байхгүй л дээ. Бага зэрэг болгоомжлоод л байна.

-Хар салхины талаар хаанаас мэдсэн бэ. Хөдөө гол байгаа болохоор аюултай гэж бодож байгаа юм уу?

-Ер нь бол тийм. Би хар салхины талаар зурагт үзэж байхдаа л мэдээлэл авсан. Гэхдээ Монголд хар салхи болж байгаагүй. Ер нь бодоод байхад Түнхэл явмаар санагдлаа. Хар салхи чинь нээрээ л болохгүй байх магадлал нь өндөр юм чинь.

-Тусламж хэрэгтэй хүмүүст туслах боломжтой шидэт дохиуртай болбол ямар хүмүүст туслах уу?

-Сайн хүнд л тусална. Муу хүнд туслахгүй. Муу хүнд тусламж хэрэгтэй гэхээр нь тусалсан чинь хууртагдвал хэцүү. Муу хүнд тусална гэж хэзээ ч байхгүй. Манай аавын хэлснээр хуурч байгаад машиндаа суулгаад авч явах санаатай муу хүмүүс байдаг гэсэн. Тийм хүмүүст туслах ямар шаардлагагүй.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох талаараа бодож амжсан уу?

-Шүдний дагинад дуртай учраас шүдний эмч болъё гэж төлөвлөсөн. Шүдний эмч бас нэг талаасаа худалдагчтай адилхан санагддаг. Яагаад гэвэл мөнгөний тооцоо хийдэг. Тэгэхээр мөнгө их олдог юм шиг ээ. Гэхдээ эрдэмтэн болбол илүү их мөнгө олно. Энэ талаар бодоод миний эцсийн сонголт шүдний эмч гэдэг дээр үлдсэн.

-Зургаадугаар сарын 1-ний өдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болдог шүү дээ. Чиний хувьд энэ өдрөөр ихэвчлэн юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Зургаадугаар сарын 1 бол хүүхдийн баяр. Хүүхдүүд хүссэн зүйлээ хийж болдог өдөр. . Би парк дээр өдөржингөө тоглоно гэж төлөвлөсөн. Хамгийн сайхан өдрүүдийн нэг нь. Бэлэг авна бас тоглоом дээр тоглоно. Би энэ баярт маш дуртай.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button