Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ болон бусад ардчилсан орнуудын сонгуульд хүйсийн ялгаа гарч байна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль маргааш /2025.06.03/ явагдана. Тус сонгуульд залуу эмэгтэйчүүдийн ихэнх нь эрх баригч, консерватив үзэлтэй намыг эсэргүүцэж сөрөг хүчин Ардчилсан намд санал өгөх төлөвтэй байна. Харин залуу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ яг эсрэгээр консерватив намаа дэмжих төлөвтэй байгаа юм.

Дэлхийн ардчилсан хэд хэдэн орнуудад Z үеийн сонгогчдын дунд хүйсийн ялгаа улам бүр нэмэгдэж буйн хамгийн сүүлийн жишээ нь БНСУ боллоо. Сүүлийн жилүүдэд явагдсан сонгуульд залуу эрчүүд барууны намуудыг, харин эмэгтэйчүүд зүүний хүчнийг илүү дэмжих хандлагатай болжээ.Цар тахлын өмнөх жилүүдэд залуу үеийнхэн зүүний намуудыг нийтлэг дэмждэг байсан юм. Тэгвэл одоо залуус дунд хандлага нь ийнхүү хүйсээрээ өөрчлөгджээ

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хойд Америк, Европ, Ази тивийн олон арван оронд сонгууль явагдсан. Тус сонгуулийн үр дүнгүүдээс хүйсээр ялгарч буй чиг хандлага бэхжиж, зарим тохиолдолд улам хурцдаж байгаа нь ажиглагдана. Тодруулбал, 20-иод насны, нийгэмдээ сэтгэл дундуур залуу эрэгтэйчүүд улс төрийн барууны үзэл рүү хазайж байгаа нь юм.

Анхны сонгуулиа өгч буй БНСУ-ын иргэн И Жон Мин бол тэдний нэг. Тэрбээр маргааш болох сонгуульд барууны үзэлтэй Шинэ реформын намын нэр дэвшигч Си Жүн Согт саналаа өгөхөөр төлөвлөж байна.Ии Жүн Сог жендерийн тэгш байдлын яамыг татан буулгах амлалт өгсөн. Зөвхөн эрчүүд цэргийн алба хаадаг явдалд бухимдаж буй И Жон Мин зэрэг олон залуу эрчүүд түүнийг дэмжиж буй.

И Жон Мин хэлэхдээ “Залуу эрэгтэй хүний хувьд 21, 22 насан дээрээ цэргийн алба хаах шаардлагатай болдог. Үе тэнгийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад цэрэгт явснаар нийгмийн олон үйл ажиллагаанд бүрэн оролцох боломжийг хаадаг тул энэ нь маш шударга бус санагддаг” гэсэн юм.

“Gallup Korea” агентлагийн өнгөрсөн сард нийтэлсэн санал асуулгаас харвал 18–29 насны эрэгтэйчүүдийн бараг 30 хувь нь Шинэ реформын намыг дэмжихээр төлөвлөж байгаа. Харин залуу эмэгтэйчүүдийн дунд энэ хувь ердөө 3 хувь л тус намыг дэмжиж саналаа өгнө гэжээ. Ерөнхий дүнгээр авч үзвэл, эрэгтэйчүүдийн тал илүү нь барууны намуудыг дэмжиж байгаа бол эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь зүүний Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжиж байна. Харин нас ахих тусам энэхүү хүйсийн зөрүү багасах хандлагатай үр дүн гарчээ.

Зургийн эх сурвалж: Reuters

Лондоны Кингс коллежийн улс төр, эдийн засгийн судлаач И Сү Хён “Өмнөд Солонгосын олон залуу эрэгтэй нийгмийн хүлээлтэд хүрч чадахгүй байгаагаа мэдэрдэг. Сайн цалинтай ажилд орох, гэр бүл зохиох, байртай болох зэрэг шаардлагад дарамтлагдаж байгаа” гэж хэлсэн байна. Үүний буруутан нь феминизм хэмээн үзэж, олон эрчүүд эмэгтэйчүүд ажлын байранд давуу эрх эдэлж байна гэж итгэдэг хэмээн И Сү Хён хэлсэн юм.

Гадаадын орнуудад ч ийм хүйсийн зөрүү үзэгдэж байгаа. Европын холбоонд ийм хүйсийн зөрүү ажиглагдсан орнуудын нэг бол Франц. Өнгөрсөн жил тус улсад парламентын сонгууль явагдахад 18–34 насны эрэгтэйчүүдийн олонх нь Марин Ле Пений удирдсан барууны намд саналаа өгсөн бол эмэгтэйчүүдийн дэмжлэг харьцангуй сул байв.

Их Британид ч мөн адил хандлага илэрч үзэгдсэн. Залуу эрэгтэйчүүд консерватив намыг дэмжих хандлага илүү. Барууны орнуудад залуу эрчүүд цагаачлал, хүйсийн цөөнх, эмэгтэйчүүд, үндэстний цөөнхийг дэмжих бодлого нь ажлын байрын өрсөлдөөнийг нэмэгдүүлж байгаа гэж буруутгадаг.

Германд өнгөрсөн хоёрдугаар сард болсон холбооны сонгуульд цагаачлалын эсрэг байр суурьтай “AfD” нам 20.8 хувийн санал авч түүхэн амжилт гаргасан. Үүний гол шалтгаан нь залуу эрчүүдийн дэмжлэг байв. Тухайлбал, 18–24 насны эрчүүдийн 27 хувь нь “AfD”-г дэмжсэн бол ижил насны эмэгтэйчүүдийн 35 хувь нь  зүүний “DL” намд саналаа өгсөн байна.

“DL” намыг дэмжигч 18 настай Молли Линч “Зарим залуу эрчүүд барууны суртал ухуулгад автаж байна. Тэд эрх мэдлээ алдаж байна гэж боддог” гэжээ. “DL” нам уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдлын эсрэг бодлого амласан учир саналаа өгсөн гэж Линч хэлжээ. Тэрбээр нэмж “Гэхдээ үнэндээ тэд эмэгтэйчүүдийг дээрэлхэж байсан өмнөх 'эрх мэдлээ' л алдаж байна. Өмнө нь эмэгтэйчүүд тэгш эрх эдэлдэггүй байсан шүү дээ” хэмээсэн юм.

Хүйсийн ялгаатай байдал зөвхөн Z үеийнхнээр хязгаарлагдахгүй. 30–40 орчим насны миллениал үеийнхэн дунд ч энэхүү ялгаа олон жилийн өмнөө ажиглагдсан билээ.

Канад улсад өнгөрсөн сард болсон сонгуульд 35–54 насны эрэгтэйчүүдийн 50% нь сөрөг хүчний Консерватив намыг дэмжсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канадын эсрэг тариф тогтоосны дараа сонгуулийн уур амьсгал эрс өөрчлөгдөж, Либерал нам ялагдал хүлээх төлөвтэй байсан ч эмэгтэй сонгогчдын хүчтэй дэмжлэгийн ачаар эрх баригч хэвээр үлдсэн юм.

Өнгөрсөн жил явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 18–29 насны эрэгтэйчүүдийн талаас илүү нь Трампыг дэмжжээ. Харин залуу эмэгтэйчүүдийн 61 хувь нь Камала Харрисыг дэмжсэн байна. Өнгөт арьст залуусын хувьд хүйс харгалзахгүйгээр Харрисыг ихэнх нь дэмжсэн.

Кингс коллежийн Ии Сү Хён “Хэрвээ ирээдүй үе хүйсийн ялгаагаар хуваагдаж, бие биетэйгээ ойлголцох, нийгмийн зөвшилцөлд хүрэх чадвараа алдах юм бол татвар болон нийгмийн халамжийн томоохон шинэчлэлүүдийг хийхэд маш хүндрэлтэй болно” хэмээн анхааруулсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2025 08:54

Манайд бол хоорондоо ялгарах үзэл баримтлөлгүй бөөрөнхий намууд хоорондоо эвцэлдээд засаг барих жүжиг тоглоод ард түмнээр наадам наргиа хийж доромжилж байна.

Холбоотой мэдээ

Back to top button