Трамп, Маск хоёрын үнэтэй салалт

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн ойрын хүмүүсийн нэг байсан. Тэгвэл тэр хоёр Конгресс авч хэлэлцэж буй хуулийн төслийн улмаас “саллаа”. Тэдний харилцаанд сэв суулгасан зүйл бол Трампын санаачилсан татварын хөнгөлөлт олгох, төсвийн зардлын хуулийн төсөл юм.
Энэхүү хуулийн төсөл АНУ-ын гадаад өрийг их хэмжээгээр нэмнэ гэгдэж буй. Конгрессын төсвийн алба лхагва гарагт /2025.06.04/ нийтэлсэн тооцооллоор бол тус хуулийн төсөл АНУ-ын 36.2 их наяд ам.долларын гадаад өрийг 2.4 их наяд ам.доллароор өсгөх хандлагатай байгаа.
Маск тэрхүү хуулийн төсөл АНУ-ын гадаад өрийг маш ихээр нэмнэ хэмээн энэ долоо хоногт шүүмжилж эхэлсэн. Тэр мягмар гарагт /2025.06.03/ “Намайг уучлаарай гэхдээ би тэвчиж чадахаа байлаа. Энэ их хэмжээний, хэрцгий, гахайнуудаар дүүрсэн Конгрессын төсвийн хуулийн төсөл бол жигшүүртэй зүйл. Энэ төслийг дэмжиж саналаа өгсөн хүмүүс ич. Та нар буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байгаа” гэсэн юм.
Дараа нь лхагва гарагт /2025.06.04/ “Төсвийн алдагдлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхгүй шинэ хуулийн төсөл боловсруулах ёстой. Америк өрийн боолчлол руу хурдан явж байна” гэж өөрийн сошиал хуудас дээрээ бичсэн.
Пүрэв гарагт /2025.06.05/ Трамп Маскт хариу өгснөөр тэдний харилцааны нөхцөл байдал эрс дордсон юм. Трамп Германы канцлер Фридрих Мерзтэй уулзаж байхдаа сэтгүүлчдэд хэлэхдээ “Илон бид хоёр сайхан харилцаатай байсан. Би Илонд маш их урам хугарч байгаа. Түүнд их тусалсан. Тэр хуулийн төслийн талаар энд сууж байгаа хэнээс ч илүү мэднэ. Хуулийн төсөлд дургүй байгаагүй. Цахилгаан машины мандатыг бууруулна гэдгийг мэдсэнийхээ дараа гэнэт дургүй болсон” гэж хэлжээ.
Үүнд Маск хариулахдаа “Худлаа. Хуулийн төслийг надад нэг ч удаа харуулаагүй. Бас чимээгүй шөнө баталсан болохоор Конгресс дэх хэн ч унших цаг гараагүй” гэж бичсэн юм. Мөн Маск Трампыг Жеффри Эпштейний арал руу явж байсан, түүнийг огцруулах ёстой гэж хэлжээ. Жеффри Эпштейн нь өөрийнхөө хувийн арал дээр бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан хэргээр шоронд хоригдож байхдаа нас барсан хүн юм.
Тэр хоёр бие биедээ хэд хэдэн удаа хариу өгч, Трамп эцэст нь Илоны компаниудад засгийн газраас олгодог гэрээний мөнгөнүүдийг цуцална гэж сүрдүүлжээ. Трамп ингэж мэдэгдсэний дараа Илон “SpaceX” компанийн Dragon хөлгийг үйл ажиллагааг шууд зогсоож эхэлнэ хэмээсэн байна.
Дэлхийн хамгийн чинээлэг болон хамгийн хүчирхэг хүний салалт ихээхэн үнэтэй тусаж байна. Тэдний зөрчлийн улмаас “Tesla” компанийн хувьцаа 14 хувиар буурч, зах зээлийн үнэлгээнээс нь 150 тэрбум ам.доллар арчигджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.