Улс төрийн халуун сэдэв

Г.Занданшатарыг угтах НАЙМАН СОРИЛТ

МАН-ын Бага хурал өчигдөр шийдвэрээ гаргаж, Гомбожавын Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тогтлоо.

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг, заалнаас Д.Амарбаясгалан, С.Нэргүй, Г.Тэмүүлэн нарыг нэр дэвшүүлснээр Бага хурал уг асуудлыг хэлэлцсэн. Д.Амарбаясгалан, С.Нэргүй хоёр нэрээ татаж, санал хураалт Г.Занданшатар ба Г.Тэмүүлэн нарын хооронд явагдсан.

Саналын харьцаа 67:33 юм байна. МАН-ын Бага хурал ихэвчлэн 100 хувьд дөхөх хэмжээний саналаар шийдвэр гаргадаг бол энэ удаа харьцаа нөгөө тийш багагүй хэлбийсэн шинж бий. МАН гэдэг институци үеийн үед, шинэ үе нь хуучнаа давж манлайлдаг жишгээр явж ирсэн. Харин өдгөө 1980-аад оны залуусын манлайллыг 1970-аад оны төлөөлөл нь эргээд авчихаж байгаа дүр зураг анхаарал татаж байгаа.

Ямартай ч Г.Занданшатарын нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар оруулна. Эрх баригч намын кандидатыг парламент хүлээн авах нь бараг тодорхой. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах нь ойлгомжтой болчихоод буй Г.Занданшатарыг юу хүлээж байна вэ?

Бага хурлын үеэр тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа “Л.Оюун-Эрдэнийн бодлогыг үргэлжлүүлнэ” гэж хэлсэн тухай мэдээлэл байгаа юм.

Нэг: Эдийн засаг

Өнөөдрийн байдлаар инфляц улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.8 хувь байна. Хүн амын тал нь төвлөрдөг Нийслэлд, иргэдийн дансан дахь мөнгөний 10 хувь зүгээр л цаас болчихоод байгаа гэсэн үг.

Нөгөө талаас ам.долларын ханш дорвитой бууж өгөхгүй явсаар 3575 төгрөгт хүрчээ. Нэг хэсэг 3600 төгрөгийг давсан удаатай.

Харин гадаад валютын нөөц өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 5.2 тэрбум ам.доллар байгаа. 2025 оны эхэнд 4.8 тэрбум руу буучихаад байсан нөөцийг үе шаттай арга хэмжээ авсны дүнд ингэж нэмэгдүүлсэн. 5.2 тэрбум бол харьцангуй бүх цаг үеийн графиктай харьцуулахад өндөр дүн мөн.

Иргэдийн гол бухимдал хийгээд хүлээлт энд л бий. Ам.долларын ханш буугаасай, инфляц багасаасай, авдаг цалин амьдралд хүрдэг болоосой гэсэн хүсэлтээс эхэлнэ.

Хоёр: Татварын реформ ба ААН-үүд

Үүний тулд дахиад иргэдийн нуруун дээрх татварын дарамт, ААН-үүдийн хувьд бүр там болчихоод байгаа бизнесийн орчинд үлэмж анхаарах шаардлагатай.

Иргэдийн зүгээс татварын реформыг удаа дараа шаардаж байгаа. НӨАТ болон ХХОАТ-ыг ядаж шаталсан байдлаар авдаг болох шаардлагыг тавьж буй.

Түүнээс гадна ажил олгогч дээр ирдэг дарамт бүр ярвигтай. Мэдээж ААН-үүдийн ихэнх үүдээ барьчихсан.

2024 оны сүүлээр гэхэд Монгол Улсад 247 мянган хувийн ААН бүртгэлтэй байсан. 30 гаруй хувь нь “Үйл ажиллагаагаа түр зогсоосон” гэх ангилалд орчихсон. 20 хувь нь “Үйл ажиллагаа явуулж эхлээгүй” ангилалтай.

Уг нь 2019 онтой харьцуулахад ААН-үүдийн тоо 1.6 дахин нэмэгдсэн нь энэ. Гэвч бүртгэлтэй ААН-үүдийн тал хэсэг нь огт үйл ажиллагаа явуулахгүй байгааг дээрхээс харж болно.

Мөн Монгол Улсын нийт ажиллах хүчний 40 хувь нь л хувийн ААН-д харьяалагдаж байгаа юм. Төрийн байгууллагад 20 хүрэхгүй хувь. Тэгэхээр зөрүү 40 хувь нь бол өрхийн юм уу хувь хүний бизнест хүчин зүтгэдэг болж таарч байгаа. Ажилчид нь ч, ажил олгогч нь ч татвар төлөхөөс айж байгаа хэлбэр.

Энэ бүхэн ААН-үүдийн өр, зээл, нийгмийн даатгал-татварын шимтгэл зэргээс үүдсэн - томоохон реформын шинжтэй бодлого хоолойд тулаад ирчихсэн.

Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсоны дараа Засгийн газар нь татварын багц хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барих гэж байгаагаа мэдээлсэн. Ихээхэн судалсан, санал онол авсан гэж байгаа ч мөн л тогтолцооны шинжтэй өөрчлөлт бага ажиглагдсан. Энэ хуулийн төслүүд дээр ч Ерөнхий сайдын хувьд шинэ нүдээр харах шаардлага байгаа.

Гурав: Төрийн албыг цомхотгох

Төрийн алба улам л данхгар болсон. Гурван нам хамтарч, Засгийн газар байгууллаа гээд яамдын тоог нэмсэн. Дагаад хэрэгцээтэй эсэх нь үл мэдэгдэх албан тушаалууд ч “үйлдвэрлэгдсэн”. Бүтээмжийн менежер, ийм тийм үндэсний хорооны дарга, сайд гэсэн албан тушаалуудыг дээрээсээ эхлээд халах цомхотгох шаардлага бий. Үнэхээр МАН дангаар засаглана гэж үзвэл одоо үүнийгээ хийх ёстой. Яамдын чиг үүргийг ч дахин оновчтой хуваарилах, танхимын бүтцээ маш ухаалгаар төлөвлөх хэрэгтэй болчихоод буй.

Дэд сайдын суудлыг танасан шигээ маш оновчтой нүдээр харж, төрийн албанд реформ хийсэн нь зүйтэй. Сүүлдээ Монголд өөрөө хөдөлмөрлөж, бизнес хийж, мэддэг чаддаг салбартаа дурлан ажиллая гэхээсээ илүү төрд ойртож, төрд наалдаж, төрөөс найдвартай цалинжих гэсэн бүлэг хүмүүс үржин олширсоор байна.

Энэ бол тун буруу жишиг. Төрийн албан хаагч гэж явдаг эмч, багш нарын цалинг дорвитой нэмж чаддаггүй, төсөв нь хүрдэггүй атлаа шинэ албан тушаал нэмж үйлдвэрлээд байх нь утгагүй харагдаж байгаа.

Дөрөв: Намуудтай учраа олох, парламентыг бас хүндэтгэх

Улс төрийн онолын хувьд парламентад олонх болсон бол дангаар засаглах ёстой. Тэгээд улс төрийн үзэл баримтлалын хувьд өөр чиг баримжаатай нөгөө нам сөрөг хүчин хийх учиртай. Ингэж хяналт, тэнцэл явдаг.

Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлсэн явдлыг: Хамтрахаас өөр аргагүй сонголт гэж тайлбарлацгааж байгаа. Үнэхээр ч цаашид нэг нам үнэмлэхүй олонх санал авдаг байдал халагдаж, намуудын суудал тэнцэж, ойртож ирэхээр дүр зураг ажиглагдсан. Ижил сонгуулийн тогтолцоотой бусад орнуудын жишиг бас ийм.

Аль нь ч бай, парламенттай учраа олж ажиллаж чадах эсэх л Ерөнхий сайдын толгой дээр ирж байгаа сорилт.

Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр АН, ХҮН намыг урьж, засагтаа хамтарч ажилласан ч түүнийг эргээд татаж унагасан гол шалтгаан бас л АН, ХҮН нам дотроос явсан нь илэрхий юм.

Тэгэхээр дангаар засаглаж байгаад учраа олох уу. Эсвэл дахиад хамтрал, нэгдэлд урих уу. 68 суудал байгаа ч гэлээ эвгүйдвэл эвгүйдэх нь адаглаад Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр харагдсан. АН-ын бүлэг ярилцаад, санал хураалтад орохгүй гээд шийдчихэд л асуудалд үлэмж нөлөөлж байгаа юм.

Нөгөө талаас, парламентыг бас парламент гэж хүндэтгэдэг байх шаардлага бий.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн сөрөг тал бол УИХ-ын дээр гараад суучихсан явдал юм. Давхар дээлт сайд нартай. Засгийн газар нь хууль санаачилдаг. УИХ-ын биш Засгийн газрын өргөн барьсан хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, шууд л дэмжчихдэг байдал руу, ийм хайрцаглалт руу явуулсан.

2016.01.01-2025.03.07-ны хооронд нийт 473 хууль баталсан байна. 107 нь анхдагч хууль, 98 нь шинэчилсэн найруулга, бусад нь нэмэлт өөрчлөлт, хууль хүчингүй болсонд тооцох зэрэг агуулгатай. Энэ 473-аас ердөө 125-ыг нь УИХ санаачилсан байна. Харин Засгийн газар 337, Ерөнхийлөгч 11 хууль санаачилж, өргөн барьсан байгаа юм.

Нэг ёсондоо УИХ-ын гишүүдийн хууль санаачилдаг, орж ирсэн хуулийг өргөн хүрээнд хэлэлцдэг, мэтгэлцдэг байдал маш суларсан.

Л.Оюун-Эрдэнэ реформын шинжтэй томоохон ажлуудыг богино хугацаанд явуулахын тулд идэвхийлэн ажиллаж байсныг ойлгоно. Гэхдээ буруу жишиг л бол буруу жишиг юм.

Товчхондоо, Г.Занданшатар бол Д.Амарбаясгалангаас дутуугүй үүрэг хариуцлагыг УИХ-ын өмнө хүлээх болно.

Тав: “Алсын хараа-2050”, бүсчилсэн хөгжил, 14 мега төсөл

Нэгэнт Л.Оюун-Эрдэнийн бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн бол дээрх түлхүүр үгсийг ярих ёстой.

Хүн нь солигдвол ажил зогсдог байж болохгүй, энэ тэгвэл жинхэнэ дарангуйллын тогтолцоо хэмээх нийгмийн шүүмжлэл багагүй ирээд байгаа. Энэ зөв. Л.Оюун-Эрдэнийн үед УИХ-ын даргаар ажиллаж байсны хувьд Г.Занданшатар үзэл санаа, зорилго чиглэлийг нь ойлгож байх учиртай.

Хамтарсан Засгийн газар нь тарчихаар 14 мега төсөл гэдэг нэр томъёо хаачих хараахан тодорхойгүй байна.

Ямартай ч энэ 14-ийг хийнэ гэж зорьсон:

  1. Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр зам, терминал барих
  2. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо төмөр зам барих
  3. Тавантолгойн дулааны ЦС барих
  4. Эрдэнэбүрэнгийн УЦС барих
  5. Эгийн голын УЦС барих
  6. Сэргээгдэх ба тархмал эх үүсвэрийн эрчим хүчийг нэмэгдүүлэх
  7. Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор барих
  8. Зэс боловсруулах цогцолбор барих
  9. Гангийн цогцолбор барих
  10. Газрын тос боловсруулах үйлдвэр барих
  11. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих
  12. Монгол-Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлэх
  13. Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолойг барих
  14. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөх

Хараар тодруулсан нь эхэлчихсэн гэсэн үг. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох гэдэг урт настай удаан жаргалтай асуудлыг хөдөлгөчихсөн. Цаана нь дахиад хоёр боомт холбогдохоор хүлээгдэж байгаа. Хоёр УЦС-ын асуудлыг гацаахгүй үргэлжлүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг шийдэх гээд цаашилна. Сэргээгдэх эрчим хүч гэдэг салбарт Т.Доржханд багагүй ахиц гаргаад байсан, энэ ч бас үргэлжлэх ёстой.

Цаашлаад урт хугацааны хөгжлийн чиг баримжаагаа батлаад авна гэдэг чухал, Л.Оюун-Эрдэнэ анх удаа тэгж ажилласан. 2050 он хүртэл зурагласан. Тэнд муугүй заалтууд туссан. Хийж чадвал 2050 он гэхэд Монгол өөдөлнө.

Мэдээж бүсчилсэн хөгжлийн бодлогыг ч бас алдаж, анхаарахгүй орхиж болохгүй. Улаанбаатарт л шигддэг байдлаас гарахгүй гэвээс Монголд хөгжил ярих боломж өөрөө байхгүй юм.

Зургаа: Баялгийн сан, Ухаа худаг...

Шинэ Засгийн газраас асуух ам бол Ухаа худаг гэсэн хэлц хүртэл гарчээ.

Нээрэн, Л.Оюун-Эрдэнэ огцроод л Ухаа худгийн асуудал намжих юм бол түүнийг огцруулсан шалтаг биш шалтгаан энэ байсан гэдэг таамаг батлагдах болно. УИХ дээр ажлын хэсэг байгуулчихсан, Засгийн газар санал дүгнэлтээ УИХ-д хүргүүлчихсэн, хоёр боть ном хүртэл хэвлэчхээд байгаа сэдэв. Үнэхээр Монголын төрийг гурван үсэгтэй компани мэддэг юм уу, өнөөдөртөө гурван үсэгтэй нам захирдаг юм уу гэдгийг одоо л харна гэсэн үг.

Ухаа худгийг залгаад Үндэсний баялгийн сангийн сэдэв бол асар чухал. Баялгийн сан нэгэнт хууль нь батлагдчихсан агуулга. Харин стратегийн ордуудын 34 хувийг төрд авах яриа хэлэлцээ маш их галыг дагуулсан. Ерөөсөө он гараад л, “Хаврын улс төр ширүүхэн өрнөх нь ээ” гэлцээд удаагүй явтал Л.Оюун-Эрдэнэ өөрөө онхолдоод ойчсон. Энэ бүхний эхлэл, өрнөл, төгсгөлд байсан сэдэв энэ мөнөөсөө мөн юм.

Н.Номтойбаяр шинэ Засгийн газарт орох гээд гүйж яваа гэгдэж буй. Тэгвэл Нарийнсухайт, Цагаан суваргын 34 хувийг авч чадахгүй. Өгөхгүй ч гэсэн байна лээ. Тэгэх гэж л Н.Номтойбаяр УИХ дотор сууж, төдийлөн сөрөг хүчний байр суурь илэрхийлэхгүй, байдлыг ажиж анзаарч яваа. Г.Занданшатар стратегийн ордуудын 34 хувьд ноогдох ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж чадах юм уу? Өнөөдрийнх шиг Эрдэнэт, Тавантолгой, Оюу толгой гуравтаа найдсан тийм баялгийн сантай үлдэх юм уу гэдгийг одоо харна.

Долоо: Оюу толгой ба Рио Тинто

Л.Оюун-Эрдэнийн хамгийн том гавьяа бол Оюу толгойн хэлэлцээ байв. “Рио Тинто” групптэй мэддэг чаддаг, хэлтэй устай хүмүүсийг нь урьж авчраад нэгэн түвшинд анх удаа эрх ашгаа хангуулж хэлэлцээ хийсэн хүн бол тэр.

Дүнд нь 34 хувьд ноогдох өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцалж, хэд хэдэн чиглэлд “Рио Тинто”-г буулт хийлгэж чадсан. Дараа нь “Рио Тинто” нь “Туркоиз Хилл Ресурсес”-ийн бүх хувьцааг худалдаж авах, “Онтрэ гоулд”-тай хамтын ажиллагаагаа түргэсгэх зэргээр барьц ахиулсан нь ч бас үнэн юм.

Нөгөө талд Монголын Засгийн газар “Рио Тинто”-той татварын маргаантай явсаар байгаа. “Рио Тинто”-гийн төлье гэсэн татвар нь үнэндээ гэм буруугүйн болзолтой, ойлголцох агуулгатай тохиролцоо гэдгийг шинжээчид тогтоож, авлигын шинжтэй үйлдэл гэж үзэн Их Британийн шүүхэд өгчихөөд байгаа юм. Нэмээд “Онтрэ”-гийн нэмэлт талбайд олборлолт эхлэх гээд, “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал ажлаа өгчихөөд, саяын засаг төр бужигнахад гурван үсэгтэй компани гэхээсээ “Рио Тинто” ихээхэн оролцоотой байсан гэх мэдээллүүд чих дэлсээд өнөөдрийг хүрчихлээ.

Одоо Монголын шинэ Ерөнхий сайдтай “Рио Тинто”-гийн шинэ захирал шууд нүүр тулна. Тэд “Онтрэ”-г, арбитрын маргааныг ярина. Үүн дээр Г.Занданшатарын бүх зүйл харагдана.

Найм: Улстөрчийн хувьд тэр хаана зогсох вэ

Шударга хэлэхэд, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бэлтгэгдэх дүр бол Г.Занданшатар гэгдэж байгаа.

Дахиад шударга хэлэхэд, Г.Занданшатар тойрогтоо очоод, нутгийнхнаасаа ч санал авч чадаагүй, УИХ-д гараагүй.

Тэгээд Ерөнхийлөгчийн дэргэд очсон.

Ерөнхийлөгч гэдэг институц цаашид хэрхэх юм гэсэн асуулт өнөөдөр монголчуудын өмнө ирчихээд байгаа. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг УИХ нь хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргаагүй байхад орж ирмэгцээ “Харамсалтай нь энэ ЗГ огцорлоо” гээд хэлчихдэг Ерөнхийлөгчтэй болчихсон. Парламентыг захирдаг, Засгийн газрын унагадаг ийм дүр дураг өнгөрсөн өдрүүдэд харагдсан уу харагдсан.

Энэ бас нам доторх үеийн хагарлыг ч харуулж байгаа юм. Ер нь үеийн хагарал гэдэг утгагүй асуудал нийгэмд ч байж болохгүй. Ах нь сургаж, дүү нь сонсдог жамтай. Дэлхийн бусад оронд манайхаар бол эрүү өвдөг нь нийлсэн өвгөчүүд төр барьж байна.

Тэгэхээр үеийн хагарал гээч сэдэв дээр эвлэрүүлэх, нэгтгэх, улстөрчийн хувьд засаглалын хуваарилалт, тэнцлийг ардчилсан зарчмаар нь харах зэргээр ихээхэн ухаан Г.Занданшатараас шаардагдана. Эцсийн мөчид хоёр жил хүрэхгүй хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаад Ерөнхийлөгчид дэвших юм уу. Намын даргаа авах юм уу гээд олон шийдвэр түүнээс шалтгаална, тэр бас өөрийгөө харуулах юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 10, 2025 08:48

Зөв

Зочин
Зочин
6 сар 10, 2025 09:19

Эрүүл мэнд нь дийлэхгүй ярьж хэлж бгаагаа өөрөө ч ойлгохоо байсан хүн ш дээ Зандан

Zochin
Zochin
6 сар 10, 2025 09:36

Татварын шинэчлэлээ яар�##�тай хиймээр байна. Аливаа татварыг шат�##�сан хэлбэрээр авах маш буруу заав�##� түүнийг буруу ашиглах боломж олгоно гэсэн үг. Зүгээр жигд жаахан бууруулахад л болно. Наөт г жигд 5%, бүгд төлдөг байхад л хүрээ нь өргөжөөд төлөлт нь сайжирна. Эсвэл наөт н 5% дээр нэмэх нь худ�##�дааны 2% гэдэг ч юм уу.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 10:15

Ман намын лидер гүй бүгд хулгайч нар болхоор занданшатар 2 хүүхэддээ БЗсангаас зээл авсан яаж хэзээ төлсөнөө хэлэх хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 10, 2025 10:47

tiim

зочин
зочин
6 сар 10, 2025 11:18

14 мега төслийг бүгдийг нь хэрэгжүүлнэ гэвэл Оюунэрдэнээс ялгарах юм �##�га даа заримыг нь хасаж бас эрэмбэлж чадахгүй юм бол бас л баахан мөнгө идэх нь дээ.Яагаад ингэж бичээд байгаа вэ гэвэл төсвийн төслүүд төсөвлөсөн мөнгөөрөө огт хийгддэггүй юм.Жишээ дурдв�##� 2 тэрбумын төсөвтэй үйлдвэрийг 500 саяар барьж байсан шүү

зочин
зочин
6 сар 10, 2025 11:20
Reply to  зочин

Ууучлаарай үйлдвэр биш шүү обьект

irgen
irgen
6 сар 10, 2025 11:31

энэ хүн бол билэг тэмдэг Бусад бүх зүйлийг ХҮРЭЛХҮҮ л мэднэ ш дээ

Зочин
Зочин
6 сар 10, 2025 12:12

Bagabandi shig end tend bilegdliin loozon yarij yavdag jaaxan maanagduu ch um shig nuxur duu. Yaxav said darga yavax zayatai tursun um bgaa biz.. Gexdee enenees neg ix um xuleegeed nemergui ee. Xurelsugiin eelhit xuuxeldei..

Зочин
Зочин
6 сар 10, 2025 12:31

1 жил хүрэхгүй огцрох биз

Ulaan
Ulaan
6 сар 10, 2025 12:58

Mungu tsaas bolj bg asuudliig Javhlantai tootsoo hiih heregtei ! ter huvia bodson luivarchin , ahiad ulsiin sand buu oruul !

Холбоотой мэдээ

Back to top button