Нийгэм ярилцлага

Д.Нямсамбуу: Тэр цагийг угтаж хэлбэрийн биш агуулгын буддизм илт анзаарагдам түгэн дэлгэрч байна

Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Д.Нямсамбуу гавжтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр өнөөдөр Гандантэгчинлэн хийд дээр болох олон үйл ажиллагааны бэлтгэл ажилтай, ихээхэн завгүй байж таарсан юм.

-Бурхан багшийн дүйчин өдрийг цагаан хоол иддэг, бүх нийтээр нэг амардгаас гадна мөн чанарын хувьд юу гэж ойлгох юм бэ?

-Мөн чанар гэхээр философийн асуулт болно. Бурхны шашны мөн чанар, цаашлаад амьдрах болон байхын утга учир юу вэ гэсэн асуулт тавигдана.  

Баярлах, хөөрөх, догдлох ба сайдах муудах гээд агшин зуурын амьдралын ард бүгдээрээ л үүнийг асуух болдог. Бид бүгд хугацаатай ирсэн юм байна. Хэр удахыг хэн ч мэдэхгүй юм байна. Тэгвэл энэ хугацаанд байхын утга учир юу вэ. Юунд тулд бид амьдарч байна вэ. Үүнд философи болон шашны философууд хариулдаг.

Христийн шашинд чиний байгаагийн утга учир гэж бий. Чи агуу их төлөвлөгөөний нэг хэсэг, эзэн чамайг бүтээсэн шүү дээ гэж хариулдаг. Харин бурхны шашин хүнийг мөнх бус, ер хорвоогийн бүх зүйл хувирч өөрчлөгдөж байдаг. Төдийлөн төгс төгөлдөр утгатай зүйл хорвоод алга. Гэхдээ үнэн, зөв байж болно. Бусдыг хүндэлж болно. Энэ бол утга байж мэдэх юм гэдэг. Бүр цаашилбал их тогтвортой аз жаргал ер нь хорвоод алга. Бидний эрэл сурал болоод байгаа өнгө мөнгөнөөс бүр ч олдохгүй юм байна. Тэр тогтвортой амар амгалан бидний сэтгэл дотор бий бөгөөд муу сэтгэлийн дөнгө хүлээснээс ангижирч чадвал жинхэнэ эрх чөлөөнд хүрнэ гэдэг.

Нөгөө талаас зовлон байгаа нь үнэн байна. Энэ зовж шаналж байгаа хүмүүсийг зовлонгоос салгаж гаргах нь мөн л энэ хорвоогийн утга учир юм.

-Тэгвэл энэ амьдралын утга учир нь Бурхан багшийн дүйчин өдөрт уялдахаараа?

-Нэгэнт амьдралын утга учир ийм хойно тэр бүгдийг хийж гүйцэтгэх өдөр гэсэн үг. Муу сэтгэлийн дөнгө хүлээснээс ангижирч, бусдад туслах нь хамгийн эрхэм дээд гэвэл түүнийг хэрэгжүүлье. Эрхэм дээд гэж харж байгаа боловч хүмүүс бид өдөр тутам хэрэгжүүлж чаддаггүй.

Тийм учраас нэг ч гэсэн өдөр бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гэж оролдох нь чухал юм.

-Тодорхой дэг жаяг буюу цагаан хоол идэх, нохой шувуу хооллох мэтээр хайрцаглаж эдгээрийг ойлгодог шүү дээ. Гол учрыг нь ойлгочихсон бол заавал ингэх албатай юу?  

-Тэд бол нөгөө л философитойгоо уялдаж байгаа үйл хэрэг шүү дээ. Хэрхэн бусдад тустай байх вэ, яаж бусдад хорлолгүй байх вэ гэдэг дээр гарч ирсэн үйл хэрэг. Дахиад л цаад утга санаа нь чухал юм. Муу сэтгэлийн эрхэнд одохгүй байх нь л энэ өдөр хамгийн чухал. Хамгийн түрүүнд өөрийнхөө сэтгэлийг анзаар л гэж хэлдэг. Нэг өдрийн дотор хэдэн уур, хэдэн шунал төрж байна, үүнийг анзаарч, тоолоод үз.

-Шинэ хамба Д.Жавзандорж бурхны номыг монгол хэлээр уншдаг болох зэрэг олон шинэчлэлийг эхлүүлж, Х Богд маань ч тодрон залраад багагүй хугацааг өнгөрөөлөө. Бурхны шашинд өрнөж байгаа сүүлийн үеийн шинэчлэлүүдийг асууж сонирхмоор байна?

-Энэ бол өмнөхөө үгүйсгэсэн болчих учраас хариулахгүй.

-Фактуудыг дурдах байдлаар та сонирхуулж болно шүү дээ?

-Тэгэхгүй.

-Ер нь манай улс ирээдүйд дэлхийн бурхан шашинтны нэгэн төв болох боломжтой, маш чухал цаг үед амьдарч байна шүү дээ. Энэ утгаар хөгшин, залуу бүхий л үеийнхэн бурхны шашныг илүү агуулгын хувьд шинээр ойлгох шаардлагатай учраас асууж байгаа юм аа?

-Тийм ээ, нийгэм өөрчлөгдөж байгаа учир бурхны шашны сургаалийг хүмүүст хүргэх арга ч өөрчлөгдөх ёстой. Буддын сургааль өөрөө орчлонгийн мөн чанарыг тайлбарладаг болохоор дэлхийн хаана ч хүчинтэй. Сургаалийн мөн чанар нь юниверсаль зүйл. Харин хүмүүст хүргэх хайрцаг сав, баглаа боодол нь өөрчлөгдөх хэрэгтэй.

Х Богд заларсан талаар та ярьж байна. Ийм нөхцөл байдал бол байгаа. Өмнөдийн уламжлал, Зүүн өмнөдийн уламжлал, Хойд Энэтхэгийн уламжлал гэж дэлхийн буддын шашныг гурав хуваадаг. Хойд Энэтхэгийн уламжлал бол тусгаар тогтносон улсууд дотроос ганц Монгол Улсад л бий. Үүний лидер нь Далай лам. Гурван том урсгалын нэг учир маш үнэ цэнтэй, хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ урсгалын нэгэн төв болж, ганцхан Монголын биш дэлхийн сүсэгтэн, хүн зонд Хойд Энэтхэгийн гэдэг философи, буддизмыг тогтвортой хүргэх боломж бол байгаа.

Монголын бурхны шашны олон зуун жилийн турш манлайлагч нь байсан Богд лам маань тодорчихсон байна. Өмнөд Энэтхэгт маш том цол хамгаалсан Д.Жавзандорж лхаарамба маань хамба болсон байна. Өндөр мэргэжил эзэмшсэн лам нар жил бүр ирж байна. Иймд хэлбэрийн биш агуулгын буддизм болох, болгох алхам илт анзаарагдам өргөнөөр хийгдэж байна даа.

-Дараагийн удаа илүү дэлгэрэнгүй ярилцана гэдэгт итгэж байна, танд баярлалаа.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэмбэрэл Ц.профессор..доктор
Дэмбэрэл Ц.профессор..доктор
6 сар 11, 2025 13:58

Тун зөв чиглэл гарах нь ээ..гэж ойлголоо...гэхдээ өөрчлөх.тунгаан бодох юм маш их..та нартай нэг уулзах уу...яахав ???..Та�##�лаараа бологтун..99119695

Зочин
Зочин
6 сар 11, 2025 17:34

Авгайтай лам нартаа арга хэмжээ аваачээ. Ном уншуулах сонирхолгүй болж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button