Хонконгийн цагдаа нар “салан тусгаарлах” сэдэвтэй тоглоом татахгүй байхыг анхаарууллаа

Хонконгийн цагдаа нар Тайваньд хөгжүүлсэн гар утасны тоглоомыг “салан тусгаарлах” шинжтэй хэмээн тодорхойлж, хүмүүст татахгүй байхыг анхааруулжээ. Утас дээрээ тус “Reversed Front: Bonfire” нэртэй тус тоглоомыг татвал баривчлах хүртэл арга хэмжээ авч болох юм.
Тус тоглоом нь Бүгд найрамдах ард улс нэртэй коммунист дэглэмийг унагаах сэдэвтэй. Тоглогчид Тайвань, Хонконг, Монгол, Төвд, Казак, Манжуур зэрэг газруудтай холбоотой бүлгүүдэд элсэж болдог аж. “Reversed Front: Bonfire” тоглоомын сайт дээр “Бүх зүйл зохиолын шинж чанартай, энэ тоглоомд БНХАУ-ын агентлаг, бодлого, угсаатны бүлэгтэй ижил төстэй зүйлс байгаа нь зориудын шийдэл” гэж бичжээ.
Тоглогчид мөн коммунистуудын талд орж болдог байна. Гэсэн хэдий ч Хонконгийн цагдаа нар “Reverse Front: Bonfire” нь зэвсэгт хувьсгалд уриалж, Тайвань болон Хонконгийн тусгаар тогтнолыг сурталчилж байна гэж мэдэгджээ. Хэрвээ тоглоомыг татаж авбал үймээн самуун бүхий материал эзэмшсэн хэрэгт буруутгагдах боломжтой аж. Харин тоглоом дотор худалдан авалт хийвэл хөгжүүлэгчийн салан тусгаарлах, урвуулах ажилд нь санхүүжилт өгсөн гэж үзнэ хэмээн цагдаа нар мэдэгдсэн байна.
Мөн тоглоомыг бусдад санал болговол салан тусгаарлахыг өдөөсөн гэмт хэрэгт буруутгагдах боломжтой юм. “Reversed Front: Bonfire” тоглоомыг “ESC Taiwan” нэртэй компани хөгжүүлжээ. Тус компани мэдэгдэл хийхдээ Хонконгийн цагдаа нар ийм анхааруулга гаргасны дараа тоглоомыг хүмүүс татаж авах нь нэмэгдсэн гэсэн юм.
Лхагва гарагт /2025.06.11/ “ESC Taiwan” мэдэгдэхдээ тус тоглоом Хонконгийн App Store-д татан авалтаараа тэргүүлсэн гэсэн аж. Тус компани нэмж мэдэгдэхдээ “Хэрэглэгчдийг тоглоомоо татахдаа Apple ID-ийнхээ бүс нутгийг өөрчлөхийг зөвлөж байна” хэмээжээ.
Цагдаа нар анхааруулга гаргаж буй нь Хонконг дахь ардчиллыг дэмждэг сөрөг хүчнийхний эсрэг явуулж буй арга хэмжээнүүдийн нэг юм. 2020 онд Бээжин Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсан. Шүүмжлэгчид хэлэхдээ тус хуулийг эрх баригчид улс төрийн сөрөг хүчин, үйлдвэрчний эвлэл, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ном хориглох зорилгоор ашигладаг гэж буй.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.