Улс төрийн халуун сэдэв

Тойм: Зарим сэдвийг сануулъя гээд санаа зовмоор Г.Занданшатарын ЗГ-ын нүүр тулсан эхний долоо хоног

1.

Удтал хүлээлгэсэн шинэ Засгийн газар энэ долоо хоногт эмхлэгдэж, хоёр ч удаа хуралдчихлаа. Хуралдааны сэдэв мэдээж 2025 оны төсвийн тодотгол, мөн ТЭЦ-3 дээр гарсан асуудлыг хэрхэн богино хугацаанд засаж, засварлах тухай байв.

Эрчим хүчний яаман дээр очиж ажиллахдаа Ерөнхий сайд Г.Занданшатар “Шөнө ч нойр хүрэхгүй байна” гэж хэлсэн нь улстөрчийн хувьд тэр өөрийгөө ихээхэн зөв долгион дээр тааруулсны шинж. Популист үг ч гэлээ энэ бүгдийн ард бодит ажил хэрэг өрнөж байдаг. Б.Чойжилсүрэн сайдад хатуу үүрэг өгөгдсөн гэсэн үг.

Тэгэхээс аргагүй, энэ Засгийн газар МАН-ын Их хурал хүртэл тогтвортой ажиллалаа гэж бодвол ажилласан шиг ажиллах шаардлагатай тулсан. Одоо энэ танхимд улс төр хөөцөлдөх цаг хийгээд зав байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Тэмүүжин нар хэлнэ лээ. Г.Занданшатар 100 хувь өөрийн хүслээр танхимаа байгуулж чадаагүй гэдгийг. Энэ үнэн, улс төрийн зарчмыг, төрийн ажил хэргийг бодсон ч ийм олон сайдыг улираахгүй, наад зах нь Г.Дамдиннямын уул уурхайн салбар дээр тавьж, Чинбатын Номинг Чинбатын Ундрамаар солихгүй байсан.

Энд бүхэлдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө лавхан орсон бөгөөд сайд нар ч эхнээсээ “Ерөнхийлөгч надад ингэж захисан” мэтийн үг хэлэн гүйлдэж байгаа.

Засгийн газар маш чадамжгүй хийгээд хэврэгхэн байгуулагдсан. Б.Чойжилсүрэн энэ салбарт байж л байсан. Өмнө нь Сангийн сайд ч хийсэн. Өнөөдөр эрчим хүчний салбар ямар байна? Өөрийнх нь орон сууцны хороолол л нэмэн сүндэрлэсээр, “Улаанбаатар палас”-ыг хүртэл буулгаж аваад барилга барьж эхэлсэн нь саяхан. Б.Жавхланг геополитикийн амаргүй бүх цаг үед ажилласныг нь ойлгож байгаа ч Л.Оюун-Эрдэнэ огцорчихоод байхад тэр огцрохгүй байна гэдэг бүх талаар утгагүй үйлдэл. Сүүлийн үед сэтгүүлчид ч Б.Жавхлангийн амыг асууж, өөрөө шаварт унасан шарын эзэн болчихоод хүндхэн байдалд ажиллаж байх шиг байна. Улайм цайм сошиал баг ажиллуулан барин гүйсээр С.Бямбацогт ЗГХЭГ дээр ирчихлээ, хийж гийгүүлсэн нь үзэгдэж харагддаггүй Б.Дэлгэрсайхан ч улирчихлаа.  

УИХ дээр танилцуулахдаа санамсаргүй орхичихдог Б.Батцэцэгээс бусад нь хариуцсан салбартаа онц үр дүн гаргасан гэхэд хэцүүхэн хүмүүс байвч улирлаа.

Шинэ сайд нар нь гэтэл Д.Батлут, Э.Бат-Амгалан, Л.Мөнхбаатар, Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Батбаатар (энэ хүн бол ЗГ-т хамтарсны дүнд олж авсан ИЗНН-ын хөөрхий ганц суудлын эзэн). Тэдний дийлэнх Ерөнхийлөгч дээр ороод шууд илгээлт даалгавраа авч, сайдын суудал гуйсан гэгдсэн.

Бүхэлдээ МАН-ын 68 гишүүний 48 нь Г.Занданшатарт сайд болох хүслээ албан ба албан бусаар илэрхийлсэн тухай мэдээлэл бий. Нөгөө талаас, шинээр сонгогдсон гишүүд нэгдэж, сайд нарыг улираахгүй байх болон жендерийн тэгш байдлыг хангах шаардлага тавьсан ч талаар болсон. Харин Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар огт өөрийн хүмүүсийг “түлхээгүй”. Энэ дундуур босож ирсэн Засгийн газар одоо нүүрээ түлчихэлгүй шиг ажиллах ёстой.

Наадам хаяанд ирчихсэн, дараа нь намар хүлээчихсэн, удалгүй л өвөл айсуй гээд сууж байх энэ их ажлын дундуур тэд адаглаад АН-ынхан шиг шийр зааж ажиллах эсэх нь эргэлзээтэй. Огцрох улс төрийн нөхцөл байдал үүсвэл бушуухан шиг арилаад өгөх шинж тэмдэг эхнээсээ анзаарагдаж байгаа. Тэд их айдастай ажлаа эхлүүлж байна.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ цаашид зүгээр суухгүй. Д.Амарбаясгалан ч түүнтэй хамт гэдгээ одоог хүртэл илэрхийлж байна. УИХ-ын чуулган дээр шинэ сайд нарын нэрсийг овогтой нь дуудаж, хуралдаа ир, ирцээ бүртгүүл хэмээн шахаад авлаа. Өмнө нь ч “давхар дээл”-тэй гишүүд төдийлөн чуулганд суудаг байгаагүй болохоор энэ удаагийн мэдэгдэл нь улс төрийн байр суурийг нь илэрхийлж өгч байгаа юм. Тэдний хувьд дараагийн нүүдлээ бодно, тийм ч амар ил бөгөөд далдаар зодуулж нүдүүлэн суух улс биш билээ.

Тэгэхээр дараагийн хагарал, дараа дараагийн эргэлтийн өмнө Г.Занданшатарын Засгийн газар тун ажил хэрэгч, хамгийн эерэгтээ “Богино хугацаанд сайн ажилласан” гэдэг тодотгол зүүж үлдэх үүлэн чөлөөний наранд амжиж хөдөлцгөөх ёстой харагдаж байгаа.

2.

Нүүрсний үнэ тавдугаар сарын дундаас хойш 120 юаниар унажээ. Энэ мэтчилэн тооцоолоогүй асуудал бийг Б.Жавхлан сайд учирлаж байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан, тавдугаар сарын 31-ний босго ч хүлээгдэж байсныг ярилаа. Дээр нь Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх нь төсөв тодотгох хуульд заасан үндсэн шаардлага. Эдгээрийн дүнд энэ удаагийн тодотголын төслийг оруулж ирнэ, өчигдрөөс эхэлж 14 хоног тоолон хэлэлцээд, өргөн барина гэдгээ ярилаа.

Тавдугаар сарын 31-ний заалт анх удаа хэрэгжиж байгаа юм билээ. Үүнээс өмнө гэрээгээ хийж, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж амжаагүй бол шууд санхүүжилтийг нь өгөхөө больдог заалт байна. Энэ хүрээнд ЭМЯ л гэхэд тоног төхөөрөмж шинэчилнэ гэж төсөвт тавиулчихаад, тавдугаар сарын 31-нээс өмнө тендерээ шалгаруулж амжаагүй байсан учир автоматаар тануулж байгаа аж. Ийм маягаар 535 тэрбум төгрөгийг шууд хэмнэнэ гэлээ.

2.3 их наядын алдагдлыг тэглэж, тодотгох ёстой учир цаана нь 1.8 үлдэж байгаа. Үүн дээр бодит тодотгол хийгдэх бөгөөд, ингэхдээ эрүүл мэнд ба боловсролын салбарт гар дүрэхгүй гэж онцолсон. Харин бусад салбарын урсгал зардлаас хасна. Мөн зэрэгцээд төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох том гал руу орж явчихлаа. Үүнийг өмнөх хамтарсан ЗГ-ын үед төсвийн хүрээний мэдэгдэл дотор оруулж баталсан юм билээ. Одоо хэрэгжүүлье гэж байна. Түрүүнд дурдсанчлан, 14 хоногийн дараа тодотгол өргөн баригдана. Гэхдээ оны сүүлээр дахиад ч 2 орчим их наядыг тодотгох боломж үүсэж болзошгүйг салбарын сайд хэлсэн.

3.

Харин ТЭЦ-3-ын асуудал дээр БЭТ томилсон. Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэхийг ажлаас нь чөлөөлж, БЭТ болгож байгаа юм байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гарч ирсэн энэ албан тушаалыг Г.Занданшатар үргэлжлүүлэн ашиглахаар шийджээ.

Одоогийн байдлаар ослын шалтгаан ч тодорхойгүй байгаа. Засварлаж амжина гэж бол Б.Чойжилсүрэн сайд хэлэхгүй байна. 7 тэрбумаар барилга засна, 8.5 тэрбумаар гэмтсэн зуухны схемийг дулаан үйлдвэрлэх горим руу солино. Харин ослын шалтгаан тодорхой болж, хэрэв турбогенераторын суурь гэмтээгүй байх аваас шиэ турбин суулгана. Ийм л яриатай байна.

Нэг ёсондоо өвөл 40-45 мВт-ын дутагдал үүснэ, үүнийг далд хийх боломжгүй юм байна. Тиймд өөр эх үүсвэрээр орлуулах ажил хийгдэж байна л гэдэг хүрээнд Б.Чойжилсүрэн сайд хамгийн сүүлийн байдлаар мэдээлэл өглөө.

Нөгөө талаас Т.Доржхандын ахалж байсан Эрчим хүчний үндэсний хороог татан буулгахаар болжээ. Г.Амартүвшингээр ахлуулсан “Эрчис Монгол” гэж компани бол ослын дараа шууд менежментийн эрх хэрэгжүүлэх 66 хувиа яаманд буцаагаад өгчихсөн байгаа.

Үнийг нь нэмж, өөд нь татна гэж ХҮН, АН-тай нийлж давхисан эрчим хүчний салбар одоо тэр манатай болчихлоо. Энэ асуудлаас хэрхэн гарах нь Г.Занданшатарын Засгийн газрын гол шалгуур юм.

4.

Үндэсний их баяр наадмыг ч С.Амарсайхан хийдгээрээ хийчих байх. Харин өвлийн түлш буюу хагас коксжуулсан нүүрс импортоор авах асуудалд Засгийн газар өөр чиглэл өгчихөөд байна.

Аль С.Одонтуяа сайдын үед л сайжруулсан шахмал түлшний мидлинг болохгүй болчихжээ, хүрэн нүүрс хэрэглэе гэдэг шийдвэр гарсан. Улмаар Монголдоо хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барья гэсэн ч ажил хэрэг бололгүй, сайд нь огцорсон билээ. Улмаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болон эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр, зөвхөн энэ өвөл БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс оруулж ирж, савлан түгээх ажил яригдаж байгаа.

Үүнийг Х.Нямбаатар ганцаараа санаачилчихсан мэт ярьдаг. Х.Нямбаатарын сандал суудал ч шинэ ЗГ бүрэлдэхтэй зэрэгцэн ганхаа савлагаатай. Үүнд ч уялдаад явчихсан сэдэв. Үнэндээ бол Монголд нүүрс коксжуулдаг үйлдвэр байхгүй. Атал Ерөнхий сайд Г.Занданшатар, үүнийг дотоодын ААН-ээр шийд гэж үүрэг өгсөн байх юм. Хамгийн хямд, хэмнэлттэй бөгөөд энэ өвөлдөө агаарын бохирдолгүй байх шийдэл дээр харин ингэж популист хандав уу гэж харах өнцөг байна. Дотоодын ААН гэхээр нөгөө л ЭТТ, “Энержи ресурс”. Тэднээс энэ өвөл хэрхэн хагас коксжуулсан нүүрс авах нь оньсого.

Ямартай ч шинэ Засгийн газрын эхний долоо хоног ийн өнгөрч байна. Ирэх долоо хоногоос татвар, НДШ-ийн реформ зэрэгцээд эрчээ аван хөдөлж, МҮХАҮТ-ын танхимын Ерөнхийлөгчөөр Б.Лхагважав түр хугацаанд ажиллах юм байна. Тэгэхээр сөхөрсөөр байгаа ААН-үүдийн дуу хоолой бас хүчтэй орж ирнэ гэсэн үг.

Энэ дундуур яамныхаа нэрийг ч зөв биччихэж чаддаггүй, эр ба эм үгээ ялгадаггүй Г.Дамдиннямаас Ухаа худаг мэтийг шахаж шаардан сануулах ч үнэндээ ахдах нь ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button