Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зуны цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн салбар тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зуны зуслан, цэцэрлэг гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулахаар өчигдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 25-ний өдөр хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 200 орчим хүүхэд, эцэг эхчүүдийг хамруулж байсан бол энэ жил дөрвөн ээлжээр нийт 100 хүүхдийг эцэг эхийн хамтаар сувилахаар төлөвлөжээ.
Зуны зуслан цэцэрлэгт аутизм, тархины саажилт, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд 10 хоногийн хугацаанд өдрийн дэглэмийн дагуу хөдөлгөөн засал, хэл засал, хөдөлмөр засал, чийрэгжүүлэлт, аялал зугаалга гэсэн хөтөлбөрөөр амардаг байна.
Монгол Улсын Боловсролын тухай хуульд хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулна гэж заасан байдаг. Зулзагын голын нарсан ойн цэвэр агаарт байрлах энэхүү зуны цэцэрлэгт Дархан төдийгүй, Сэлэнгэ, Булган, Улаанбаатар зэрэг бусад аймаг орон нутгаас зорин ирэх хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.