НАТО-гийн уулзалтын дараа ч гэсэн Путиний амбицын талаар Трамп, Европ санал зөрж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Владимир Путин бол гурван жил үргэлжилж буй Украины дуусгах арга хайж яваа хүн. Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте өөр байр суурьтай байна. Рютте энэ долоо хоногт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнууд батлан хамгаалах салбартаа хөрөнгө нэмж оруулахгүй бол ОХУ гуравхан жилийн дотор НАТО-гийн гишүүн улсад халдаж магадгүй гэж анхааруулсан юм.
Нидерландын Хааг хотноо болсон тус дээд хэмжээний уулзалтыг ихэнх хүмүүс амжилттай боллоо гэж үзэж буй. Гишүүн орнуудын ихэнх нь батлан хамгаалахын зардлыг ДНБ-ийхээ 5 хувь болгох АНУ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь НАТО-г мөнгө сорогч шүүмжилж байсан Трамп байр суурь нь уулзалтын үеэр үзэл бодол нь өөрчлөгдсөн гэж хэлсэн юм. Тэр Рюттетэй нөхөрсөг харилцаа үүсгэж, Рютте ч Трампыг “геополитикийн хүүхдүүдээ” чиглүүлж байгаа хатуу “аав” гэж зүйрлэсэн.
Гэвч лхагва гарагт /2025.06.25/ өндөрлөсөн уг уулзалт АНУ болон Европын орнууд ОХУ-ын зэвсэгт хүчний амбицыг өөрөөр хардаг гэдгийг илүү тод харуулав. Сүүлийн үед АНУ-ын Бүгд найрамдах намын хэд хэдэн хууль тогтоогч ОХУ-ын эсрэг илүү хатуу байр суурь илэрхийлэх болсон. Трамп энхийн хэлэлцээ хийх гэсэн хүсэл нь сайн ч Путин үнэндээ хэлэлцээ хийх сонирхолгүй гэж тэд үзэж буй.
Лхагва гарагт /2025.06.25/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Путин Украинаас гадна өөр газар нутгийн амбицтай байж магадгүйг үгүйсгээгүй. Гэхдээ ОХУ хүн хүч, зэвсгийн хохирол их амсаж байгаа учир Путин дайныг хурдан дуусахыг хүсэж байгаа гэж Трамп хэлсэн юм. Тэр “Би нэг л зүйлийг мэдэж байна. Тэр энэ асуудлыг дуусгамаар байгаа. Энэ бүх зүйл түүнд хэцүү байгаа” гэж хэлсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Трамптай санал нэгдэж байгаа юм. Тэр “Politico” агентлагт ярилцлага өгөхдөө АНУ ОХУ-д нэмэлт хориг тавихыг хойшлуулж байгаа нь хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхолтой холбоотой гэсэн. “Хүн болгоны хүсэж байгаа алхмыг хийж, ОХУ-д илүү хатуу хориг тавивал хэлэлцээ хийх боломжоо алдана” гэж тайлбарлан ярьжээ.
Харин бусад НАТО-гийн албан тушаалтнууд үүнээс өөр бодолтой байгаа юм. Мягмар гарагийн мэдэгдэлд НАТО-гийн ахлах албан тушаалтан “ОХУ жинхэнэ хэлэлцээ хийх сонирхолгүй, гал зогсоох талаар ч ярихгүй байна” гэсэн. Тэрбээр нэмж “Орос зөвхөн тодорхой газар нутгийг захиргаандаа авах гэж байгаа юм биш, харин хөрш орнууддаа өөрийн улс төрийн хүсэл зоригийг тулгахыг зорьж байна” хэмээсэн байна.
Рютте ОХУ-ын үзүүл буй аюулыг оршин тогтнолд тулгарсан асуудал гэж нэрлэсэн. Тэр “Бид одоо хөрөнгө оруулалт хийхгүй бол Оросууд 3, 5 эсвэл 7 жилийн дараа НАТО-гийн газар нутагт ямар нэгэн зүйл туршиж үзэх эрсдэл бодитоор бий” гэж хэлсэн юм.
Зөвхөн АНУ л ОХУ-ын талаар эерэг чиг хандлагатай НАТО-гийн гишүүн улс биш. Лхагва гарагт Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “Орос НАТО-д бодит аюул учруулж чадахуйц хүчтэй биш” гэж хэлсэн. Орбан Европын холбооны шүүмжилдэг, Трампын холбоотон гэдгээрээ алдартай.
НАТО-гийн өөр нэгэн албан тушаалтан мэдээлэл өгөхдөө эвсэл дотор ОХУ-ын талаарх байр суурь зөрүүтэй байгаа гэдгийг үгүйсгэсэн юм. Лхагва гарагт гарсан НАТО-гийн хамтарсан мэдэгдэлд ОХУ-ын үзүүлж буй урт хугацааны аюул гэж тодорхой дурдсан гэдгийг тэр албан тушаалтан онцолжээ.
ОХУ-ын хувьд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын талаар мэдэгдэл хийхдээ батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж буйг нь шүүмжилсэн байна. Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова НАТО-г батлан хамгаалахын салбартаа мөнгө дэмий үрж байна гэжээ. “Хүмүүсийн халаасыг дахин хоосолж байгааг зөвтгөх цорын ганц арга нь ОХУ-ын үзүүлж буй аюул гэх зохиомол зүйлийг дурдах явдал бололтой” гэж тэр хэлсэн байна.
Их Британийн дипломатч асан Филипп Дикинсон хэлэхдээ, ОХУ-ын зорилгын талаар нийтлэг ойлголт НАТО-д байхгүй байгаа нь ирээдүйд энхийн хэлэлцээнд хүндрэл учруулна гэж анхааруулжээ. Тэр “Энхийн гэрээ хийх нь зөвхөн Трамп, Путин хоёрын асуудал биш. Европын орнууд зайлшгүй оролцох ёстой. Тиймээс холбоотнууд Путин яг юу хүсэж байгааг ойлголцож байх шаардлагатай” гэж хэлсэн юм. Дикинсон “ОХУ-ын талаарх стратеги байхгүй байгаа нь энэ уулзалтаар юу хийж чадаагүйг харуулж байна” хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!