Чуулган | Г.Занданшатар: Тодотгол хийснээр тэнцвэржүүлсэн орлогыг ₮3.2 их наядаар, зарлагыг ₮1.8 их наядаар бууруулна

"Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг"-ийг яаралтай горимоор хэлэлцэхээр болсон. Энэ дагуу үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар "хэмнэлтийн тодотгол"-оо танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр, "Монгол Улсын 2025 оны төсөвт хийх ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-ыг боловсрууллаа. Нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүслээ.
Энэ нөхцөл байдал цаашид даамжирч болзошгүй байна. Хэрэв төсөвт яаралтай тодотгол хийж, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох урсгал зардлаа танаж, импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй тохиолдолд инфляц улам эрчимжиж, төгрөгийн ханш суларч, улмаар ард иргэдийн аж амьдрал, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд томоохон эрсдэл учирч болзошгүй байна.
Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсад өрхийн орлого өсөхгүй тохиолдолд инфляц 1 хувиар нэмэгдвэл 24 мянга орчим хүн ядууралд өртөх эрсдэлтэй гэж тооцсоныг энд онцолмоор байна.
2025 оны төсвийг баталж байх үед нүүрсний үнийг 105 ам.доллароор төсөөлж байсан бол БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч, нүүрсний үнэ даруй 40 гаруй ам.доллароор буурч 70 ам.доллар болж, ойрын 1-2 жилд энэ түвшиндээ хадгалагдахыг олон улсын байгууллагууд сануулж байна. Орос-Украйны дайн дуусах, Европ руу чиглэсэн манай худалдаа, экспортын гацаа түгжрэл арилах нааштай хандлага ажиглагдахгүй байна.
Нэгэнт хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжүүлж, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг царцаахаар тооцлоо. Ингэснээр төсвийн зардал 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтын хүрээнд Засгийн газар 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоол гаргасан. Энэ тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 2 их наяд 44.2 тэрбум төгрөгөөр төсвийн зарлага буурах болно.
2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байна.
Эдгээр төсвийн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байгаа болно" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.