Манай улсад айлчлах Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито гэж хэн бэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлах гэж байна.
Энэ нь Япон Улсын Эзэн Хаан анх удаа Монгол Улсад айлчлах гэж байгаа хэрэг юм. Энэ жил 65 настай Эзэн Хаан Нарүхито Японы Гакүшүин их сургуулийг түүхийн ухаан, Оксфордын их сургуулийг гидрологи (гол мөрөн, усны нөөцийг судлах, голын тээвэр) мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд англи, франц хэлийг өндөр түвшинд эзэмшжээ.
Тэрбээр Европ, Хойд Америкаар аялсныхаа дараа 1988 онд Гакүшүин их сургуулийг магистр зэрэгтэй дүүргэсэн. Төгсөлтийн судалгааны ажлаа “18-19 дүгээр зууны Темза мөрний тээвэр” сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо гаргасан.
Үер, ус зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрдэм шинжилгээний бүтээл сонирхдог.
Мексик Улсад 2006 онд болсон “Дэлхийн усны 4 дэх удаагийн форум”-д оролцож, “Усны нөөцийн менежмент ба тогтвортой хөгжил” сэдвээр лекц уншсан.
2007-2015 онд НҮБ-ын “Ус ба эрүүл ахуйн асуудлын зөвлөл”-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр ажилласан.
Түүний эцэг Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр сэнтийгээсээ бууж, 05 дугаар сарын 01-ний өдөр Нарүхито хаан ширээнд заларсан. Мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн.
Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако-той 1993 онд гэрлэсэн. Тэдний охин Гүнж Аико нь 2001 онд төрсөн, Японы Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан.
Эзэн хаан Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 оны 07 дугаар сард Монгол Улсад айлчилж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.