Энэтхэг хойд дүрийн асуудал дээр Далай ламыг дэмжиж, Бээжинг сөрөв

Энэтхэгийн засгийн газрын ахлах албан тушаалтан Далай ламын хойд дүрийн асуудлыг зөвхөн Далай лам өөрөө болон түүний байгуулсан байгууллага л тодруулах эрхтэй гэж мэдэгдлээ. Энэ нь Бээжингийн удаан илэрхийлж ирсэн байр суурийг няцаасан явдал болов.
Лхагва гарагт /2025.07.02/ Далай лам мэдэгдэл хийхдээ амьсгал хураасныхаа дараа дахин хувилан төрнө гэж мэдэгдсэн. Түүний хойд дүр хэн болохыг зөвхөн өөрийнх нь үүсгэн байгуулсан Гадэн Подран сан л тогтооно гэж хэлсэн юм. Мөн тэрбээр өмнө өөрийнх нь хойд дүр БНХАУ-ын хилээс гадна, чөлөөлт ертөнцөд мэндэлнэ гэж мэдэгдэж байсан билээ.
Бээжин Далай ламын залгамжлагчийг тодруулах эрх нь Хятадын эзэнт гүрний үеэс уламжлагдаж ирсэн гэж мэдэгддэг.
Тэгвэл Энэтхэгийн парламент ба цөөнхийн асуудал эрхэлсэн сайд Кирэн Рижижү Пүрэв гарагт сэтгүүлчдэд хандан “Дээрхийн гэгээн Далай ламын хойд дүр хэн гэдгийг өөр хүн зааж, шийдэх эрхгүй. Зөвхөн Далай лам өөрөө, эсвэл түүний байгууллага л шийдэх эрхтэй” гэж хэлжээ.
Мөн тэрбээр нэмж хэлэхдээ “Дэлхий даяарх шавь нар нь энэ шийдвэрийг зөвхөн Далай лам л гаргах ёстой гэдэгт итгэдэг. Энэ нь маш чухал асуудал” гэсэн байна.
Өөрөө буддын шашинтай Рижижү Энэтхэгийн Дарамсала хотод ням гарагт /2025.07.06/ болох Далай ламын 90 насны төрсөн өдрийн баярт оролцоно. Түүнтэй хамт Энэтхэгийн бусад өндөр албан тушаалтнууд ч мөн ёслол очих юм.
Энэтхэгт олон арван мянган төвөд буддын шашинтай хүмүүс оршин суудаг. Мөн олон энэтхэгчүүд Далай ламыг хүндэтгэн үздэг. Олон улсын харилцааны шинжээчдийн хэлж буйгаар, Далай лам Дарамсалад амьдарч буй явдал нь Энэтхэгт Хятадтай харилцахад тодорхой хэмжээнд давуу тал болж өгдөг.
Энэтхэг, БНХАУ-ын харилцаа 2020 оны хилийн зэвсэгт мөргөлдөөний дараа хурцадсан ч, сүүлийн үед аажмаар сэргэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.