"Монголын эдийн засгийн форум-2025": Шинэ Засгийн газар бизнест ээлтэй татварын орчныг бүрдүүлж өгч чадах уу

"Монголын эдийн засгийн форум-2025" Төрийн ордонд үргэлжилж байна. Форумын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар цаашид гадны хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийг ялангуяа уул уурхайн салбарыг бүх талаар дэмжих, үүн дотроо зэс, алт, газрын ховрын элемент зэрэг байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах агуулгаар цаашид бодлого хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон юм.
Мөн бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхэд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Энэ агуулгад тулгуурласан "Эрдэнэс Монгол" нэгдлээр дамжуулан төрийн бодлогыг илүү шинэ түвшинд хэрэгжүүлнэ гэв. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлээр өмнөх Засгийн газрын тавьсан мега төслийн зорилгуудыг урагшлуулж, цаашид Монгол Улс эрчим хүч экспортлох тал дээр ажиллана хэмээн мөн онцоллоо.
Харин Монголын эдийн засгийн форумын Удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг "Иргэд бизнес эрхлэгчдийн хувьд тодорхойгүй, ойлгомжгүй асуултад хариулт авах боломжийг өнөөдрийн форумд олгоно. Цаашид шинэ Засгийн газар иргэд, бизнесийн салбарынханд татварын таатай, ээлтэй орчныг бүрдүүлж, гадны хөрөнгө оруулалтыг татаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадах уу, мега төслүүд урагшлах уу, популист улс төрөөс салж, шинэ технологи боломжуудыг нутагшуулж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд бодлого хэрэгжүүлэх үү, улс орноо хөгжүүлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх боловсон хүчнээ хэрхэн тогтоох юм зэрэг олон асуултад хариулт авахаар өнөөдрийн форумд чуулж байна" гэв.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчид болоод гадны хөрөнгө оруулагч зочид төлөөлөгчдийн зүгээс манай улсын татварын орчныг цаашид хэрхэн илүү сайжруулах, төр үүнд ямар оролцоотойгоор ажиллах зэргээр нээлттэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЧАДАХГҮЙ ЭЭ