Нийгэм мэдээ

Амарч, зугаалахдаа стандартын бус завь, хийлдэг гудас ашиглахгүй байхыг сануулж байна

Наадмын амралттай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар болон бусад холбогдох албанаас хамтарсан хэвлэлийн хурал зарлаж, зарим сэрэмжлүүлэг мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийлээ.

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана,

"Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 4-ний өдрийн байдлаар ой хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй 71 гомдол мэдээлэл, зөрчлийн шинжтэй таван гомдол мэдээллийг бүртгэн шалгасан. Үүнээс 55 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 12 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, таван гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Мөн 12 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаснаас найман гомдол мэдээллийн эзэн холбогдогчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Одоо дөрвөн гомдол мэдээллийн эзэн холбогдогчийг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хувь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдож буй.

Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа,

“Улсын хэмжээнд долдугаар сарын 09-ний байдлаар 12 аймгийн 26 суманд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсаны найм нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 27.6 хувь, амь насаа алдсан хүний тоо 32.5 хувиар тус тус буурсан хэдий ч  өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 5 хоногийн хугацаанд 18 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн.

Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

6-р сарын 24-нөөс долдугаар сарын 4 хүртэл гэмт хэргийн шинжтэй гурав, зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Дээр дурдсан дөрвөн гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хуурайшилт ихтэй газар аянга бууснаас ой хээрийн түймэр гарсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа" гэлээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button