СПОРТ

Сэлэнгэ нутгаас мэндэлсэн цорын ганц их мастер А.Энхтуулын тухай СОНИРХОЛТОЙ 15 баримт

Монголчууд оюуны спортын төрөлд шилдэг гэдгээ баталсан анхны төрлийн нэг нь шатар. Эл спортоор дэлхийд эх орныхоо нэрийг дуурсган, анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн болж яваа тамирчдын нэг нь их мастер Алтан-Өлзийн Энхтуул билээ. 26 настай түүний тухай сонирхолтой 15 баримтыг уншигч та бүхэнд сонирхуулъя

ЕСӨН НАСТАЙДАА ШАТРЫН СПОРТОД ХӨЛ ТАВЬСАН

НЭГ: 26 настай А.Энхтуул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат. Есөн настайдаа “Төр монгол” клубийн дасгалжуулагч Ц.Батболдоор шатар заалган, эл спортод хөл тавьсан түүхтэй. Түүний амжилт, ур чадвар ахисаар 11 настайдаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Энэ л үеэс А.Энхтуул гэдэг нэр шатрын спортын дэвжээнд сонсогдож эхэлсэн юм.

ДАШТ-Д ТҮРҮҮЛСЭН АНХНЫ ШАТАРЧДЫН НЭГ

ХОЁР: Монголчууд дэлхийн анхны аварга шатарчдаа 2006 онд өлгийдсөн түүхтэй. Тэр жил Чех улсад болсон өсвөр үеийн ДАШТ-ий багийн төрөлд тэрбээр Ц.Батболд дасгалжуулагчийн удирдлагад, Ц.Сайханцэцэг, Ц.Саруул, Н.Бадамханд нарын хамт түрүүлж, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. А.Энхтуул олон улсын тэмцээнд анх оролцохдоо дэлхийн аварга болсон нь тэр. Тэгэхдээ багаа ахлан, нэгдүгээр ширээнд тоглосныг нь онцолъё. Тэгж Монгол Улсад зөвхөн шатрын бус, оюуны спортын түүхэнд дэлхийн анхны аварга мэндэлсэн юм.

П.ЖИГЖИДСҮРЭН ГАВЬЯАТЫН ШАВЬ

ГУРАВ: Түүнийг дэлхийн аварга болдог жил буюу 2006 онд Ц.Батболд багш АНУ-ыг зорьж, А.Энхтуул Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн удирдлагад бэлтгэл хийж эхэлжээ. Тэд түүнээс хойш өдий хүртэл амжилтын төлөө хамтдаа зүтгэж яваа юм.

14 НАСТАЙДАА НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-ээс МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН

ДӨРӨВ: Дэлхийн аварга болсныхоо дараа жил өсвөр үеийн Азийн АШТ-д анх удаа оюунаа сорихдоо V байрт шалгарч, ирээдүйд юм дуулгахаа харуулжээ. Тивдээ төдийгүй дэлхийд цахиур хагалж эхэлсэн А.Энхтуул Монголынхоо шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөх нь олны анхаарлыг татаж байв. 14 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, шилдгүүдийн залгамж халаа болохуйц тамирчин торниж буйгаа мэдрүүлсэн юм. 

МОНГОЛЫН ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР ШАЛГАРАВ

ТАВ: 14 настайдаа Германд болсон дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцохдоо Монголын багийн хамгийн залуу шатарчин нь байв. Гуравдугаар ширээнд тоглосон А.Энхтуул хэзээний туршлагатай тамирчин шиг өрсөлдөн, багийнхнаасаа хамгийн өндөр оноо авч, манай тамирчид С хэсэгт тэргүүлэхэд ихээхэн нэмэр болжээ. Түүгээр ч үл барам эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолны хоёр болзол биелүүлсэн юм. Эл амжилтаараа Монголын шилдэг хүүхдээр шалгарчээ. 

ДАШТ-ий ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ ШАТАРЧИН

ЗУРГАА: А.Энхтуул 2009 онд Азийн бүсийн АШТ-д 15 настайдаа оролцохдоо долдугаар байрт шалгарчээ. Дараа жил нь Турк улсад болсон сурагчдын ДАШТ-д Монголоос 17 хүртэлх насны ангилалд түрүүлж, анхдагч болжээ. Учир нь түүнээс өмнө монгол шатарчдаас ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн аварга төрөөгүй байсан юм. Түүний амжилт булган сүүлтэй байж Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул, Д.Батсүрэн тэргүүтэй дэлхийн олон аварга мэндэлсэн билээ.

16 НАС ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНУУЛАВ

ДОЛОО: Тэрбээр ДАШТ-д түрүүлсэн амжилтаараа 16 нас ч хүрээгүй байхдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос “Алтан гадас” одон гардсан юм. Тэр жилээ МУИС-д сурах урилга авсан ч их мастер болох зорилгодоо хүрэхийн тулд ОХУ-ын Москва хотыг зорьсон юм.

2016 ОНЫ ДЭЛХИЙН ОЛИМПОД МОНГОЛЫН ШАТАРЧДААС ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАСАН

НАЙМ: Хоёр жилд нэг удаа болдог шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох нь шатарчин бүхний мөрөөдөл. 14-хөн насандаа түүндээ хүрсэн А.Энхтуул шатрын дэлхийн олимпиадад 2016 онд оролцохдоо ч мөн гялалзаж, Монголын эмэгтэй багийнхнаас хамгийн сайн тоглосон. Дөрөвдүгээр ширээнд суусан тэрбээр 11 өргөөс зургаа хожиж, дөрөв тэнцэн, нэг дийлдсэн юм. Хэрвээ сүүлийн өрөгт хожсон бол хувийн дүнгээр мөнгө юм уу хүрэл медаль хүртэн, анхдагч болох байв. 

Хэдийгээр медалийн оосроос атгаад алдан, XV байрт ухарсан ч чансаагаа 14 оноогоор ахиулсан.

ДАСГАЛЖУУЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ОХУ-Д СУРСАН

ЕС: А.Энхтуул Москва хот дахь ОХУ-ын Биеийн тамир, аялал жуулчлалын их сургуульд дасгалжуулагч мэргэжлээр сурсан. Хичээлийнхээ хажуугаар их мастер Игорь Глек, Николой Чадаев нарын удирдлагад бэлтгэл хийн, тэмцээнд оролцсон юм. Москвад сурч, бэлтгэл хийхэд зардал өндөртэй нь мэдээж. 

ХИЧЭЭЛИЙНХЭЭ ХАЖУУГААР ШУУГИУЛСАН НЬ

АРАВ: Тэрбээр ОХУ-д сурч байхдаа Монголын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн болов. 2011 онд өсвөр үеийн ДАШТ-ий 18 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртэн, олон жил тасраад байсан амжилтыг буухиалсан нь өнөө хүртэл давтагдаагүй байна. 

Тэр жилээ 18 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, монголчуудаас анхдагч болсон. ДАШТ-ий хос медальтан тэрбээр түүнээс хоёр жилийн дараа Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд рапид төрөлд түрүүлсэн Монголын анхны шатарчин болж, жимийг нь гаргажээ.

МОНГОЛЫН ГУРАВ ДАХЬ ЭМЭГТЭЙ ИХ МАСТЕР

АРВАН НЭГ: ОХУ-д очсон түүний зорилго 2014 онд биелж, Монголын долоо, эмэгтэйчүүдээс гурав (түүнээс өмнө Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг) дахь их мастер болсон билээ. А.Энхтуул зорилгодоо хүрснийхээ дараа “Сити” дээд сургуулийн 30 багш, оюутантай зэрэг тоглолт хийн, баяраа тэмдэглэсэн. 

Түүний амжилт булган сүүлтэй байж зөвхөн эмэгтэй шатарчдаас л гэхэд Д.Номин-Эрдэнэ, Б.Амина, Ү.Үүрийнтуяа нар шатрын оргил цолд хүрээд байна.

АЗИЙН ШАТРЫН ХОЛБООНД АЖИЛЛАСАН УЛСЫНХАА АНХНЫ ХҮН

АРВАН ХОЁР: 2015 онд сургуулиа төгссөнийх нь дараа буюу 21 настай байхад нь А.Энхтуулыг Азийн шатрын холбооноос урьсан. Улмаар тэрбээр тус холбоонд төдийгүй АНЭУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт монголчуудаас анх удаа ажилласан юм. Англи, орос, хятад хэлтэй түүний ур чадвар Азидаа үнэлэгдсэн нь тэр. А.Энхтуул тэнд жил гаруй ажиллахдаа Азийн шатрын холбооны гадаад харилцааг хариуцан, олон улсын цөөнгүй тэмцээн зохион байгуулжээ. 

АНЭУ-ын ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧААР ШАЛГАРСАН

АРВАН ГУРАВ: А.Энхтуул Азийн  шатрын холбоонд ажиллахын сацуу АНЭУ-ын Ал-Эйн хотын шатрын клубийн тамирчдыг дасгалжуулж, нэг шавиа Арабын орнуудын аварга болгосон. Улмаар тэр жилээ АНЭУ-ын шилдэг дасгалжуулагчаар шалгарсан юм. Тэрбээр хэдийгээр Азийн шатрын холбоотой хоёр жилийн гэрээ байгуулсан ч тамирчны замнал, бэлтгэлдээ анхаарахын тулд 2016 оны эхээр цуцалжээ. А.Энхтуул эх орондоо ирэхийнхээ өмнө болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс багийн болон ганцаарчилсан блиц, стандарт төрөлд гурван мөнгөн медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм.

ШИНИЙГ САНААЧЛАГЧ

АРВАН ДӨРӨВ: Сэлэнгэ аймгаас мэндэлсэн анхны төдийгүй цорын ганц их мастер А.Энхтуул шатрын спортыг сурталчлахын тулд үргэлж шинийг санаачилдаг. Олон хүнтэй зэрэг тоглолт хийхийн зэрэгцээ нүдээ боож байгаад (мөн олон хүнтэй) өрсөлдсөн.

Эдгээрээс олны сонирхлыг хамгийн их татсан нь дархан аварга А.Сүхбаттай кроссфит чессээр өрсөлдсөн явдал. Оюуны болон хүчний спортыг хослуулсан эл төрлөөр оюунаа сорьсон тэдний өрсөлдөөн Монголдоо анхдагч. 

“ЭЛИТ БРАЙН” ОЛОН УЛСЫН АКАДЕМИЙГ БАЙГУУЛАВ

АРВАН ТАВ: Ирээдүйд шатрын сургуультай болох мөрөөдөлтэй А.Энхтуул 2018 оноос дасгалжуулагчийн замналдаа түлхүү анхаарах болсон. Тэрбээр Азийн шатрын холбооны салбарыг “Элит брайн” нэртэйгээр Монголдоо нээж, “Элит брайн” олон улсын академи, клубийг үүсгэн байгуулж, өдгөө дасгалжуулагчаар нь ажиллаж байна. Тус академийн захирлаар А.Энхтуулын ээж Х.Валя ажилладаг. Ээж, охин хоёр хамтдаа Монголын шатрын спортыг улам хөгжүүлэх, олон шилдэг тамирчин бэлтгэхийн төлөө зүтгэж явна.

2019 оны шилдэг клубээр “Элит брайн” клуб шалгарсан юм. А.Энхтуулын шавь нараас өсвөрийн УАШТ-ий медальтан төрж, К.Жаннур насанд хүрэгчдийн олон улсын чансаатай болжээ. Хэдхэн хоногийн өмнө Г.Тэнүүн АНУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
батсүх
батсүх
2020-01-11 11:40

2014 Онд шатрын олимпиадад яваагүй шүү битгийхудлаа бич

Zochin11
Zochin11
2020-01-11 22:16
Reply to  батсүх

Bitgii ataarhaj Bai. Hol yavahgui shuu

Зочин
Зочин
2020-01-11 13:29
Reply to  батсүх

2014 оролцсон гэсэн юм ерөөсөө �##�га, эхлээээд сайн уншчаад шүүмжил

Zochin11
Zochin11
2020-01-11 22:18

Uneheer shatart gerel gargaj olon huuhduudiin itgel bolj yavaa MUNDAG shatarchin shuu. Jil bur sonirholtoi zuil sedej bdag.

Zochin11
Zochin11
2020-01-11 22:21

16-d ni 2018 onoos 64 uhaalag devter gargasan yum shuu. Uneheer heregtei mundag odoo ch urgeljlel devter garch bgaa

Холбоотой мэдээ

Back to top button