Их Британийн эдийн засаг тавдугаар сард дахин ширгэж, хэтийн төлөв санаа зовоов

Их Британийн эдийн засаг тавдугаар сард таамаглалаас гажиж, дахин агшсан болохыг баасан гарагт /2025.07.11/ нийтлэгдсэн тоо баримт харуулжээ. Энэ нь дунд тус улсын шинэ Сангийн сайд Рэйчел Ривст нэмэлт дарамт болж байна.
Үндэсний статистикийн газар мэдээлснээр, тавдугаар сард дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 0.1 хувиар буурчээ. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард 0.3 хувиар буурсан билээ. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж, тавдугаар сард Их Британийн эдийн засагт өсөлт гарч ажиглагдаж, 0.1 хувиар нэмэгдэнэ гэж таамагласан байжээ. Тэгвэл албан ёсны мэдээллээр үйлчилгээний салбар бага зэрэг өссөн ч, үйлдвэрлэл болон барилгын салбар уналттай байснаар нийт эдийн засгийг доош татжээ.
Энэ оны эхний улиралд өсөлт сайн байсан ч, хоёрдугаар улирал буюу 4–6-р саруудад эдийн засаг саарч магадгүй гэж шинжээчид үзэж байна. ДНБ ширгэж буйг харуулсан тоо баримт Их Британийн Төв банк ирэх сард бодлогын хүүг бууруулах магадлалтай гэсэн хүлээлтийг улам нэмэгдүүлэв.
Нягтлан бодогчдын холбооны эдийн засгийн захирал Сурен Тиру хэлэхдээ “Ийм сул үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт үзүүлэхэд хөдөлгөгч хүч дутаж байгааг харууллаа. Тиймээс инфляц түр хугацаанд өссөн ч гэсэн ирэх наймдугаар сард бодлогын хүү буурах нь бараг тодорхой боллоо” гэжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармерын засгийн газар эхний жилдээ эдийн засгийн өсөлтийг үр дүнтэй дэмжиж чадсангүй. Ажил олгогчдын татвар нэмэгдэж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын худалдааны дайн тус улсын эдийн засагт дарамт учруулж байна.
АНУ руу чиглэсэн Их Британийн экспорт энэ оны эхээр огцом өссөн. Учир нь АНУ-ын импортлогчид Трампын шинэ тарифын өмнө бараагаа нөөцлөх гэж оролдсон юм. Гэвч дөрөвдүгээр сард экспорт огцом буурч, тавдугаар сард ердөө 4.4 тэрбум фунт стерлинг (6 тэрбум ам.доллар) болж бага зэрэг сэргэжээ. Энэ нь бараг 3 жилийн өмнөх түвшиндээ эргэн очсон гэсэн үг.
Одоо эдийн засагчдын үзэж буйгаар, Рэйчел Ривс дараагийн төсөвт дахин татвар нэмэхээс өөр аргагүй байдалд орж магадгүй. Тэрээр анхнаасаа үүнийг зайлсхийхийг хүсэж байсан ч нөхцөл байдал амаргүй байна. Их Британийн Сангийн сайд Ривс "Өнөөдрийн үзүүлэлтүүд сэтгэл гонсойлгож байгаа ч би эдийн засгийн өсөлтийг сэргээхээр шийдсэн хэвээрээ байна" гэж мэдэгджээ.
2025 оны эхний улиралд Их Британийн эдийн засаг Их долоон улсын дундаас хамгийн хурдтай өссөн. Тиймээс Их Британийн Төв Банк 2025 онд бодлогын хүү өсгөх төсөөллөө 1 хувь болгон нэмэгдүүлсэн юм.
Гэхдээ энэ өсөлтийн ихэнх нь дөрөвдүгээр сард дууссан орон сууцны худалдан авалтын татварын хөнгөлөлт дуусахаас өмнө үл хөдлөх хөрөнгийн зах зээл идэвхэжсэнтэй холбоотой аж. Мөн үйлдвэрлэгчид АНУ-ын гаалийн татвар хэрэгжиж эхлэхээс өмнө бүтээгдэхүүнээ гаргах гэж яарсан зэрэгтэй холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
Их Британийн Төв банкны үзэж буйгаар, 2025 оны хоёрдугаар улиралд эдийн засаг ойролцоогоор 0.25 хувиар өссөн байх магадлалтай. Харин тавдугаар сарын уналтын дараа, хоёрдугаар улиралд ямар нэгэн өсөлт гаргахын тулд зургаадугаар сард дор хаяж тогтвортой үзүүлэлт гарах шаардлагатай гэж Үндэсний статистикийн газар мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.