Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи сонгуулийн тогтолцоондоо томоохон шинэчлэл хийж, санал өгөх насыг 16 болж бууруулна

Их Британийн засгийн газар пүрэв гарагт /2025.07.16/ тус улсын ардчиллын тогтолцоонд томоохон шинэчлэл хийх гэж буйгаа мэдэгджээ. Энэ шинэчлэлийн хүрээнд 16 нас хүрсэн иргэдэд бүх сонгуульд санал өгөх эрх олгохоор төлөвлөж байгаа аж.

Засгийн газар мэдээлснээр, энэхүү өөрчлөлт нь ардчилалд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн Их Британи даяар сонгогчийн тэгш эрх тогтоохын тулд ийм шийдвэр гаргасан байна. Шотланд ба Уэльс аль хэдийн залуу сонгогчдодоо орон нутгийн сонгуульд оролцох эрх олгосон байгаа.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер “ITV News” сувагт хэлэхдээ “Тэд ажил хийж чадна, татвар төлдөг. Татвар төлж байгаа бол татварыг хэрхэн зарцуулах, төр ямар бодлого явуулахад оролцох эрхтэй байх ёстой гэж би боддог” гэжээ.

Ийм шинэчлэл хийхийн тулд тус улсын парламент дэмжих ёстой. Өнгөрсөн онд явагдсан парламентын сонгуулийн үеэр Стармер энэ бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан юм. Түүний нам парламентад олонх тул шинэчлэл хийхэд саад учрахгүй байх магадлалтай.

Сонгуульд ялалт байгуулснаас хойш Стармерийн рейтинг огцом унаад буй. Их Британийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд Стармер хэд хэдэн амжилтгүй алхам хийсэн нь үүнд нөлөөлжээ. Хамгийн сүүлийн санал асуулгуудаас харвал түүний нам Их Британийн барууны чиглэлийн Их Британийн шинэчлэл намын ард, хоёрдугаарт жагсаж байна.

“Merlin Strategy” фирм 16-17 насны 500 залуусын дунд явуулсан санал асуулгаар 33 хувь нь Стармерийн Хөдөлмөрийн нам, 20 хувь нь Их Британийн шинэчлэл нам, 18 хувь нь Ногоон нам, 12 хувь нь Либерал Ардчилсан нам, 10 хувь нь Консерватив намыг дэмжинэ гэжээ.

Албан ёсны тоо баримтаас харвал Их Британид 16-17 настай 1.6 сая орчим хүн амьдардаг. Өнгөрсөн жилийн сонгуулийн үеэр нийт 48 сая хүн санал өгөх эрхтэй байсан юм. Тус сонгуулийн ирц 2001 оноос хойш үзэгдээгүй бага байжээ. Дараагийн сонгууль 2029 онд болно.

Бусад орнуудад явагдсан судалгаанууд санал өгөх насыг бууруулах нь сонгуулийн үр дүнд нөлөөлдөггүй гэх үр дүнгүүд гарч байсан. Гэхдээ 16 насандаа санал өгөх эрхтэй болсон залуус 18 насандаа анх удаа санал өгөх хүмүүсээс илүү сонгуульд оролцдог болохыг тэдгээр судалгаанууд харуулжээ.

Сонгууль шинэчлэлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Даррен Хьюз “16 наснаас санал өгөх эрхтэй болсноор залуус иргэний боловсролоор дамжуулан санал өгөх дадалд суралцах боломж нэмэгдэнэ” гэж хэлсэн байна.

Мөн шинэчлэлийн хүрээнд санал өгөгчийг таних бичиг баримтын хүрээг өргөтгөх юм. Шинэчлэл хийснээр иргэд Их Британид олгосон банкны карт, жолооны үнэмлэх болон ахмад дайчдын үнэмлэхийн дижитал хувилбарууд ашиглан сонгууль өгөх боломжтой болох аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button