Судалгаа: Өөдрөг үзэлтэй хүмүүсийн тархины үйл ажиллагаа ижил төстэй байж магадгүй

Японы эрдэмтэд ирээдүйг өөдрөг хардаг хүмүүсийн тархины үйл ажиллагаа ижил төстэй хэв маягтай байдгийг олж тогтоожээ. Японы Кобэ их сургуулийн судалгааны тэргүүлэх зохиогч Күниаки Яанагисава “Өөдрөг хүмүүс ирээдүйн тухай бодлоо нийтлэг нийтлэг мэдрэлийн хүрээ ашигладаг бололтой. Энэ нь ижил бодол санаатай байна гэсэн үг биш, харин тархины мэдээлэл боловсруулалтын хэв маяг нь төстэйг илтгэнэ” хэмээн хэлэв.
Өмнөх судалгаануудын өөдрөг хүмүүс нийгэмд илүү амжилттай байдаг гэх дүгнэлт үзүүлснийг тайлбарлахад тусална гэж тэр хэлсэн юм.
Яанагисава нэмж “Өөдрөг хүмүүсийн нийгмийн амжилтын суурь нь магадгүй энэ нийтлэг бодит байдал байж болох юм гэдгийг шинэ судалгааны үр дүн харуулж байна. Энэ нь зүгээр л эерэг хандлагын тухай биш. Тэдний тархи шууд утгаараа нэг ижил долгион дээр байна. Ийм ижил долгионтой байснаар илүү гүнзгий, зөн совингоороо ойлголцох боломжийг бий болгодог байж магадгүй” гэжээ.
“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн тэрхүү судалгаанд 87 хүн оролцсон байна. Тэдний өөдрөг байдлыг тодорхойлохын тулд эрдэмтэд асуумж авсан аж.
Мөн оролцогч бүр тархины MRI авхуулж, дүрс оношилгоонд орж байхдаа янз бүрийн ирээдүйн үйл явдлын талаар төсөөлсөн байна. Судлаачдын зааврын дагуу тэд заримдаа эерэг ирээдүйг төсөөлсөн юм. Жишээ нь дэлхийгээр тойрон аялж байгаа гэх мэт. Мөн сөрөг байдлаар ирээдүйг төсөөлсөн байна.Тухайлбал ажлаасаа халагдах гэх мэт. Судлаачид зарим оролцогчдоос үхэлтэй холбоотой нөхцөл байдлыг ч төсөөлөхийг хүссэн байна.
Ийнхүү тархины бичлэг хийснийхээ дараа өөдрөг үзэлтэй хүмүүсийн ирээдүйг төсөөлөхтэй холбоотой тархины хэсэг болох их тархины дунд хэсгийн (MPFC) үйл ажиллагаа ижил төстэй байгааг тогтоожээ.
Яанагисавагийн хэлснээр, гутранги хүмүүсийн хувьд тархины үйл ажиллагаа янз бүрийн байдалтай гарсан аж. Энэ нь ирээдүйд болзошгүй сөрөг үйл явдлыг бодох үед гарч ирэх асуудлууд нь илүү олон талтай байдагтай холбоотой байж магадгүй гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ өөдрөг хүмүүс ирээдүйгээ нийгэмд нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн зорилго, үзэл баримтлалын төсөөлж, гутранги хүмүүс өөрийн шалтгаанаар тэдгээр зорилгоос салангид байж магадгүй. Иймээс тэд ирээдүйгээ өөр өөр байдлаар төсөөлдөг байж болох юм гэж Яанагисава тайлбарласан юм.
Судлаачид энэ үр дүнг Лев Толстойн Анна Каренина романы эхний өгүүлбэртэй зүйрлэсэн байна. Тус роман “Аз жаргалтай айлууд бүгд ижилхэн, харин аз жаргалгүй айл бүр өөрийнхөөрөө аз жаргалгүй байдаг” гэж эхэлдэг.
Эрдэмтэд “Энэ зарчмыг үндэслэн бид өөдрөг хүмүүс бүгд ижилхэн боловч, өөдрөг бус хүн бүр ирээдүйг өөр өөрөөр төсөөлдөг гэж дүгнэж байна,” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.