Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулж байна.
“Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар баялаг бүтээгчдийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, түүнтэй уялдуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих хуулийн төслүүдийг ирэх намрын УИХ-ын ээлжит чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэх тухай тогтоол баталлаа. Ирэх оны төсөв дээр 14 шаардлагыг хангаагүй төслийг үргэлжлүүлэхгүй. Эдийн засаг агшиж байгаа үед эдийн засгийг тэлэх буюу мөнгө олдог, валютийг нэмэгдүүлэх төслийг дэмжих шаардлага үүсэж байна. Экспортыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлүүдийн ачааг хөнгөлөх үүднээс бодлогоо тодорхойлох нь чухал юм. Гэхдээ төсвийн тодотголоор 2.1 их наядыг хэмнэж чадсан.
Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, өчигдөр хуралдсан. Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг хөнгөлөх, журмуудыг багасгах шийдвэрүүдийг гаргаад явж байна. Хугацаатай 21 үүрэг даалгаварыг өгсөн. Гашуунсухайт-Ганцмод дээр Ерөнхий сайд ажиллахдаа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгана. Худалдаа экспортыг нэмэгдүүлэхэд хүнээс хамааралтай ажиллаж байгааг хялбаршуулах аргуудыг судлаж байна.
Гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 140 орчим их наядын төслийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй. Хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд холбогдох хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлын мөрөөр ажилладаг арга замыг илүү сайжруулахад анхаарч ажиллана. Ирж буй гомдлуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэх тал дээр ажиллах шаардлага бий. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулагчийн гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэх тогтоолыг гаргасан.
Өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн И-Кабинет дээрээс боомтууд, зөвшөөрлийн явцыг шууд хяналт тавьж яваад, эргээд мэдээлдэг систем рүү явах, илүү хариуцлагажуулах тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ” гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.