БНСУ "Jeju Air"-ийн онгоцны ослын шалтгааныг нисгэгчид рүү чиглүүлсэн нь дэлхий даяар шуугиан тарилаа

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард “Jeju Air” компанийн Boeing 737-800 загварын онгоц осолдож, 181 хүн сууж явсны зөвхөн хоёр нь л амь гарсан. Тус ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа юм. Ажилд оролцож буй мөрдөн байцаагчид шинэ мэдээлэл өгөхдөө шувуу мөргөсний улмаас нисгэгчид унтраасан хөдөлгүүр ажиллаж байсан гэжээ. Нисгэгчид ниссээр байж болох байсан гэж мөрдөн байцаагчид хэлсэн юм.
Мөрдөн байцаагчид БНСУ-ын нутаг дэвсгэрт гарсан хамгийн олон хүний амь насыг авч одсон тэрхүү ослын эцсийн тайланг гаргаагүй байгаа. Гэхдээ онгоцны хоёр хөдөлгүүрийн талаарх мэдээлэл олон нийтэд илж болж буй.
Хохирогчдын гэр бүлүүд гомдол мэдүүлсний улмаас ил болгоогүй урьдчилсан тайланг “Reuters” агентлаг олж авсан юм. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн хөдөлгүүртэй холбоотой мэдээллийг сонсоод бурууг нисгэгчид рүү төвлөрүүлэх гэж оролдсон шинжтэй байна хэмээн тайланг олон нийтэд гаргахгүй байхыг хүссэн. Учир нь тус тайланд нисгэгчдийг буруутгасан мэт харагдаж байгаа ч бусад хүчин зүйлсийг огт авч үзээгүй гэж тэд үзжээ. Тайланг долоодугаар сарын 19-нд нийтлэх байсан юм.
Мөрдөн байцаагчид тэр урьдчилсан тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл гаргасан нь энэ аж.
Зүүн хөдөлгүүр баруун хөдөлгүүрээсээ арай бага гэмтэл авсан гэдгийг урьдчилсан тайлан онцолсон. Гэвч шувуу мөргөснөөс 19 секундийн дараа зүүн хөдөлгүүрийг унтраасан юм.
Тэгвэл нэмэлт мэдээллээс харвал хөдөлгүүрт гал гарч, утаа ялгарч байсан ч нисэх хэмжээний хүч ялгаруулж болох байжээ. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа хэдэн сар үргэлжлэх төлөвтэй байгаа. Онгоцны багийнхан яагаад хөдөлгүүрийг унтраах шийдвэр гаргасныг одоогоор тайлбарлаагүй байна. Шалгалтын явцад ослын өмнөх онгоцны техникийн байдал болон нисгэгчдийн тухайн үед ямар ойлголтод хүрээд байсан нь тодорно.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нисэх онгоцны осол олон талт шалтгаантай байх нь элбэг учир бүх баримтууд ил болоогүй нөхцөлд буруу дүгнэлт хийхээс болгоомжлох хэрэгтэй юм. Тэр мөрдөн байцаагч мэдээлэл өгөхөөс өмнө БНСУ ослын урьдчилсан тайланг олон нийтэд нийтлэх гэж байгаад больсон байдаг.
Хохирогчдын гэр бүлийнхэн бухимдалтай байгаа

Олон улсын дүрмээр бол нисэхийн ослын мөрдлөг буруутан хайх биш, шалтгааныг тогтоох зорилготой байдаг. “Jeju Air”-ийн нисгэгчдийн үйлдвэрчний эвлэл мэдэгдэл хийхдээ Солонгосын Агаар, төмөр замын ослын шалгалтын газар (ARAIB) “Зүүн хөдөлгүүрт асуудал байгаагүй мэтээр олон нийтийг төөрөгдүүлж байна” хэмээсэн юм.
БНСУ-ын Нисгэгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо "Иргэний агаарын тээврийн 6,500 нисгэгч бид, Агаар ба төмөр замын ослын мөрдөн шалгах зөвлөл төвийг сахих зарчмаа алдаж, утгагүй тайланд гаргасанд дургүйцэж, бухимдаж байна" гэжээ.
“Jeju Air”-ийн Нисгэгчдийн эвлэл болон амиа алдсан хүмүүсийн гэр бүл баримт зөвхөн тайланг бус баримт нотолгоог нь олон нийтэд хамт танилцуулахыг шаардсан байгаа. Хохирогчдын гэр бүлийн үзэж буйгаар ослын улмаас олон хүн амь үрэгдэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь нисэх онгоцны зурвасын төгсгөлд байрласан бетонон бүтэц. Олон улсын стандартаар ийм төхөөрөмжийг онгоц мөргөхөд хялбархан эвдрэх материалаар хийх ёстой.
Мүаны нисэх буудал Тээврийн яамны шууд харьяанд байдаг учраас олон хүний амь хохирсон гол шалтгааныг бетонон бүтэц эсвэл шувуу мөргөлт гэж мэдээлэхийг засгийн газар хүсэхгүй байж магадгүй гэж зарим нисгэгч сэжиглэж буй.
Харин Солонгосын тээврийн яамнаас мэдээлснээр тус улсад ийм бетон, ган хийцтэй далантай 7 нисэх буудал байгаа ба тэдгээрийг сайжруулахаар төлөвлөж байгаа аж.
Нэмэлт мэдээллээс илүү олон асуулт гарч ирж байна
Одоогоор хүмүүсийн анхаарал онгоцны хоёр хөдөлгүүрийн арай бага гэмтсэнийг нь нисгэгчид унтраасан байж болзошгүй гэдэг баримт дээр төвлөрч байна. Энэ нь 1989 онд Английн Кегворт хотод болсон осолтой төстэй юм. Тухайн үед нисгэгчид эвдрэлгүй хөдөлгүүрийг андуурч унтраасан нь осол гарахад хүргэсэн.
Тэр ослын дараа нислэгийн дүрэм журмуудыг өөрчилж, онгоцны багийнхны харилцаа, онцгой байдлын журмыг сайжруулсан байдаг.
Нэмэлт мэдээлэлд арай бага гэмтсэн гэх хөдөлгүүр яг ямар түвшинд ажиллаж байсан, мөн нисгэгчид ямар өөр арга хэмжээ авах боломжтой байсан талаар мэдээлэл байхгүй. Онгоц газардахдаа газардах төхөөрөмжөө буулгалгүй, анхны төлөвлөсөн зурвасаас эсрэг чиглэлд эргэж газардсан.
АНУ-ын Ослын Шалгалтын Зөвлөлийн хуучин шинжээч Грег Фейт нэмэлт мэдээллийг хараад, шинэ баримт зүүн хөдөлгүүр ямар нөхцөл байдалтай байсан мөн хөдөлгүүрүүдтэй холбоотой системүүдийн нөхцөл байдлыг дурдаагүй байна гэжээ.
“ARAIB” эцсийн тайлангаа ирэх жилийн зургаадугаар сард гаргах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters, Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.