БНСУ-д нүүрээ таниулж төлбөр төлдөг үйлчилгээ дэлгэрч байна

Нүүр таних технологийг гар утасны түгжээ тайлах, нисэх буудлын хил гаалийг нэвтрэх зэрэг таних хэрэглээнд түлхүү ашигладаг. Тэгвэл уг технологийг БНСУ-д төлбөр төлөх хэрэгсэл болгон ашиглах нь нэмэгдсэн байна.
Хүмүүс бэлэн мөнгө, зоосоор төлбөр төлдөг байснаа технологийн шинэчлэлээр өөрчилж карт, гар утсаараа тооцоо хийдэг болсон. Тэгвэл царайгаа таниулж тооцоо хийхийг БНСУ-ын санхүүгийн компаниуд дараагийн үеийн төлбөрийн систем гэж үзэж байгаа тул тус зах зээлд сууриа эзлэхийн тулд эрчимтэй өрсөлдөж эхэлжээ.
“Shinhan Card” компани анх 2019 онд төв байрныхаа цайны газар болон кофе шопуудад туршилтын нүүр таниулж төлбөр төлдөг хөтөлбөр эхлүүлсэн. Удалгүй уг системийг Ханяны их сургуулийн кампус дахь дэлгүүр болон “Homeplus” дэлгүүрийн салбарууд хэрэгжүүлсэн юм.
Энэ төлбөрийн систем нь байсан ч хэрэглэгчид банк руу очиж нүүрнийхээ зургийг бүртгүүлэх шаардлагатай нь хүндрэл учруулжээ. Мөн тухайн үед олон нийт нүүр таних технологийг тийм ч таатай хүлээн аваагүй байна.
Тэгвэл одоо энэхүү үйлчилгээг зарим супермаркетуудад ашиглаж эхэлжээ. Харин өнгөрсөн жил “Naver Pay” болон “Toss” зэрэг финтекийн томоохон компаниуд уг салбарт орж ирсэн нь нөхцөл байдлыг эрс өөрчилсөн аж. Тэр хоёр компани дотооддоо төлбөрийн зах зээлийг ноёрхдог. “Naver Pay”, “Toss” хоёр цахим бус төлбөрийн салбарт ч мөн ноёрхлоо тогтоохыг зорьж байгаа юм.
Тэдний гол хэрэглэгчид болох технологид ойр, залуу үеийнхэн нь “нүүрээр төлөх” үйлчилгээний үндсэн зорилтот хэрэглэгчид болох боломжтой. Мөн нүүр бүртгэх, зөвшөөрөл өгөх үйл явц нь аппликейшнээр хийж болох тул залуу үеийнхэн энэ үйлчилгээг ашиглахад илүү хялбар.
Өнгөрсөн оны гуравдугаар сард “Naver Pay” энэхүү системийг их сургуулиудын кампус дээр нэвтрүүлж эхэлсэн байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд тэд өөрсдийн гэсэн төлбөрийн цэг гаргах гэж буй нь хэрэглээг улам эрчимжүүлэх хүлээлттэй байна.
“Naver Financial” компанийн технологийн захирал И Сын Бэ “Энэ бол хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ. Хэрэглэгч нэг удаа ашиглаж үзсэний дараа дахин өөр төлбөрийн үйлчилгээ авахыг хүсэхгүй болтол нь хялбар байх юм. Үүний зэрэгцээ луйвраас сэргийлэх аюулгүй байдлын дэвшилтэт системтэй” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.