Ипотекийн зээлтэй иргэд даатгуулах эсэхээ өөрсдөө шийднэ

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт маргааш буюу /2025.08.01/-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Даатгалын гол зорилго нь Ипотекийн зээлээ даатгуулсан иргэдийн амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орсон тохиолдолд ипотекийн зээлийн үлдэгдлийг нь даатгалын компани нөхөн төлж, зээлдэгч болон гэр бүлийг нь санхүүгийн хүндрэлд орохоос бүрэн хамгаалах зорилготой зохицуулалт аж.
Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, олон нийтийн дунд үүсээд буй асуудалд хандан дараах мэдээллийг гаргалаа.
Урт хугацааны даатгагч болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкнуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов.
Үүнд:
- Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдлийн хүрээнд эрсдэл учрах шалтгаан, нөхцөлийг зээлдэгч, даатгуулагч нар сайн дураар, чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлэх;
- 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхцөлийг дордуулахгүй /даатгалын хураамжийг нэмэгдүүлэхгүй, бусад нөхцөлийг дордуулахгүй/-гээр даатгалын бүтээгдэхүүний сонголтыг даатгуулагчид олгох;
- 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл тус гэрээ хүчинтэй байх талаар даатгуулагчид мэдээлж ажиллах;
- Зээлдэгч даатгуулагч нарт уг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулж ажиллах.
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтын дагуу зээлдэгч, даатгуулагч нар учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой аж.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.