Улс төрийн халуун сэдэв

Улс төрд намар ирчихлээ

Наадмын дараа намар гэдэг ч энэ жил намрыг улсын биш Увсын наадам зааглалаа.

Улсаараа Увс аймгийнхны бүтээлч, хөдөлмөрч зан чанарыг хэвийн ба хэтийдсэн аль аль хэм хэмжээнд нь ярьж хэлэлцэцгээв. Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэхийн тулд бүгдээр л эрвийх дэрвийхээр хичээжээ. Олон хоногийн сэдэв зөвхөн тэдний бүтээн байгуулалт, дэг журам, нээлтийн тоглолтын найруулга, Ю.Цэдэнбал агсан, Ардын жүжигчин С.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг тойрон эргэлдэв.

Харин одоо дахиж наадамлах утгагүй. Зуны сүүл сар ч дундаа орох гэж байна. 2026 оны улсын төсвийг цаасан дээр "зураад" эхэлсэн. Удахгүй УИХ-ын гишүүдэд өргөн барина, наймдугаар сардаа багтаана. Адаглаад хожимдсон хойно нь "Үрэлгэн төсөв болжээ" гэж популизм хийх эрхийг олгохгүйн тулд төсөв тойрч маргалдах шаардлагатай цаг үе яг одоо ирж байна.

Намрын улс төрд ямар үйл явдлууд хүлээгдэж эхлэв?

Ерөнхий сайд Г.Занданшатар 100 хоногийн хөтөлбөрөө батлах ёстой. Наадмын өмнө олон нийтээс санал авч, нэн тэргүүнд шийдэх ёстой асуудлуудыг жагсааж авсан байгаа. Хөтөлбөрт ямар ажлууд багтах вэ, тэдгээрийг хэзээнээс эхлэн тоолох 100 хоногт багтаан амжуулах вэ гэдэг анхаарал татаж байна. 14 мега төсөл гэдэг шиг 100 хоногийн ажлын төлөвлөгөө гэсэн нэр томъёо өөрөө Г.Занданшатарын ажлыг ч, улс төрийг ч илэрхийлэх учир намрын ихэнх сэдэв энд базагдаж явах болов уу. Одоогоор Ерөнхий сайд Г.Занданшатар энэ талаар дуугараагүй байна.


Түүнчлэн, татварын реформыг энэ жил багтааж хийнэ гэвэл төсвийг яаж "боох" нь маш их анхаарал татна. Одоогоор НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох агуулга Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед боловсруулагдсан багц хуулийн төсөлд багтсан байгаа. Үүнийг Г.Занданшатар өөрийн санаачилга болгон "рийлс" хийж мэдээлсэн нь татварын реформыг нэр төдий хийх үү, нэг мөсөн үр дүнд хүргэх үү гэдэг асуудлыг дагууллаа.


Сангийн сайд дахин гол дүр болох хүлээлт нэгэнт үүсэв. Б.Жавхлан сайд 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн тус бүрд 1.5 тэрбум төгрөг хуваарилах асуудлыг дэвшүүлсэн. АН-ын бүлэгт ч дэмжүүлэх агуулгаар хэлүүлсэн. М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал нарын гишүүд наадмын цагаар ч гэлээ олон нийтэд мэдээлсэн нь анхаарлын төвд оруулж чадсан. Энэ мэтээр ирэх жилийн төсвийг өвөл биш өнөөгийн наймдугаар сард ил, далдаар хэлэлцэх процесс илүүтэй анхаарал татахаар байна. Ардчилсан нам Засгийн газраас гарчихсан учир, одоо төсвийг нам дамнасан өнцгөөр илүү бүтээлчээр өнгийж харах шаардлага бий.

Төсөв гэдэг энэ сэдвийг Г.Занданшатар өөртөө татаж, мөн олон нийтээр ил хэлэлцүүлдэг боллоо гэж пиардсан. Наймдугаар сарын 1-15-ны хооронд төсөвт олон нийт шууд хяналт тавина хэмээсэн.


Б.Жавхлангаар улбаалж Б.Чойжилсүрэнгийн ам, ажлыг нягтлан шалгах нь чухал болж байна. Б.Жавхлангийн тойрог Дархан-Уул аймагт Б.Чойжилсүрэн эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлж, Б.Чойжилсүрэнгийн тойрог Увс аймгийн 100 жилийн наадамд Б.Жавхлан төсвийн дэмжлэг үзүүлсэн нь тодорхой боллоо. Аль аль нь татвар төлөгчдийн мөнгө байв. Энэ мөнгийг өөрийн халааснаас гаргасан мэт сайрхаж ярилцлага өгсөн нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд авсан. Ч.Хүрэлбаатар аймгийнхаа 100 жилд ирээгүй, урилга ч хүлээн аваагүй нь Б.Чойжилсүрэн энд "хаанчилж" эхэлснийг илтгэж байгаа. Ч.Хүрэлбаатар ирээгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч очив шүү дээ. Нэг ёсондоо Монголын улс төрд Б.Чойжилсүрэнгийн мөнгө маш том байр суурийг эзэлчихжээ.

Тийм учир Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцох хүн олдохгүй. Атал түүний хариуцсан эрчим хүчний салбарт, ТЭЦ-4-т гарсан осол тэргүүтэй олон асуудал хүлээгдэж байна. Б.Чойжилсүрэнгийн мөнгөтэй, нөлөөтэй нь хамаагүй, хамаарах боломжгүй түвшний асуудлууд гэсэн үг. Түүнд "Өвөл айсуй" гэдэг үгийг хаяглавал зохилтой.


Зунжин ажилласан Х.Нямбаатарыг намар унагах сонирхол хөшигний ард хэвээр бий. Наадам хүлээж ч цөхсөнгүй, ажиллагаанууд ил түвшинд гарч эхлэв.

Мэдээж Л.Оюун-Эрдэнэ унасан тул Х.Нямбаатарыг унагаж авах л логик тодорхой бүлгийн сонирхол дотор нуугдаж байгаа. Д.Сумъяабазарын үед эхэлж, Х.Нямбаатарын үед хэрэгжсэнээр Улаанбаатар бие даасан хуультай, өөрийн төсөвтэй, ирээдүйд хэд хэдэн томоохон төслийн шавтай болчихсон. Иймээс Улаанбаатар бол эрх мэдэл, мөнгөнд дуртай хүнд шунамаар л бүтэц болсон.

Гэвч энд ажлыг богино хугацаанд амжуулж, үр дүн гаргах л чухал. Өнгөцхөн косметик засвар биш ул суурьтай өөрчлөлт, урт хугацааны үр дүнд хүрэхийн тулд төлөвлөгөөтэй ажиллана. Үе үеийн хотын дарга нараас Х.Нямбаатар шиг ажилласан нь үгүй юм. Тэр өөрөө ч хүсээд энд байгаа юм биш гэдгийг уншигчдад сануулах илүүц. Хот дээр нам нь авчирснаар ХЗДХ-ийн сайдаа ажиллаж байсан Х.Нямбаатарын улс төрийн карьер шууд зогсож, гал тогооны хүн болчихсон.

Одоо намартаа Х.Нямбаатарыг болиулах ашиг сонирхлууд илүү хүчтэй илрэхээр харагдаж эхэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 2, 2025 13:26

Улсын ерөнхийлөгчийн өөдөөс тува нөхөр оросоор үг хэлээд байгаа нь доромжлол шиг санагдсан шүү.

Зочин
Зочин
8 сар 2, 2025 14:30

Чойжилсүрэн Жавхлан нарыг ш�##�гаач АТГ.

иргэн
иргэн
8 сар 2, 2025 15:00

хотын даргыг сольж болохгүй дээ хуульч хүн болохоор яаж ажиллахаа хэнээс ч илүү мэднэ бусад дарга нар хөдөлж чадахгүй басйан нь хуулиа мэдэхгүй л байхгүй юу даа

Холбоотой мэдээ

Back to top button