Бүрхэг, бороотой өдөр танд санал болгох 5 кино

Бороотой өдөр ямар нэг кино эхлүүлэхээр төлөвлөсөн ч, сонгож чадахгүй эргэлзэж байвал дараах кинонуудыг танд санал болгож байна.
1.Найруулагч Spike Jonze-гийн 2013 онд бүтээж, гол дүрд нь Joaquin Phoenix, Amy Adams, Rooney Mara нарын тоглосон "Her" киног санал болгоё.
Theodore нэртэй зохиолч эрд тохиолдох ганцаардал хийгээд хүний сэтгэлийн нарийн мэдрэмжүүдийг гүнзгий дүрслэн харуулсан кино юм.

2. Өмнөд Солонгосын алдарт найруулагч Пак Чан Вукийн ээлжит нэгэн шидээвэр болох Decision to Leave киноны гол дүрд Хятадын алдарт жүжигчин Tang Wei уригдан тоглосон билээ.
Мөрдөн байцаагч Jang Hae Joon ээлжит нэгэн хүн амины хэргийг мөрдөх явцдаа Song Seo-rae гэх эмэгтэйд өөрийн эрхгүй татагдана. Гэмт хэргийн үйл явдлаар дэвсгэрлэн хайр сэтгэлийн адармаатай бөгөөд сэтгэл хөдөлгөм үйл явдлыг тус кинонд найруулагч Пак Чан Вук тун урнаар илэрхийлэн харуулдаг.

3. Найруулагч Derek Tsang-ийн бүтээсэн Better Days кино нь 2019 онд бүтээгдсэнийхээ дараа олон улсын кино наадмуудаас 70 гаруй шагнал хүртэж, Оскарын шагналд мөн нэр дэвшээд амжсан юм.
Өсвөр насны охин Chen Nian сургуулиас ирэх дарамтыг, дээрэлхэгчдээс ирэх доромжлолыг тэсвэрлэх нь түүнд дааж давашгүй зүйл мэт. Харин түүнийг Xiao Bei гэх танхай хүү өмгөөлөн тэмцэнэ. Хятад даяар төгсөлтийн шалгалт гэдэг хамгийн түгшүүртэй агаад амьдралыг нь шийдэх сонголт болдог. Үүнийг дагасан дарамт, тэвчээр, ганцаардлыг Chen Nian охин даван туулахад нөхөрлөл түүнд үлдсэн цор ганц итгэл найдвар байх болно.

4. Найруулагч Yorgos Lanthimos-н 2015 онд бүтээсэн The Lobster кино нь одоог хүртэл бүх цаг үеийн шилдэг арт кино жагсаалтад багтсаар буй. Гол дүрд Colin Farrell, Rachel Weisz нар тоглосон бөгөөд David гэх эр ганц бие байгаагийнхаа "шийтгэлээр" нэгэн зочид буудалд ирдэг.
Тэнд 45 хоногийн дотор хосоо олж чадахгүй бол амьтан болж хувирах бөгөөд David хэрвээ хосоо олж чадахгүйд хүрвэл өөрийн хувирах амьтнаар хавчийг нэрлэх болно. Нууцлаг, сэтгэл түгшээм үйл явдлууд нь үзэгчдийг ховсдох мэт татах бөгөөд нэгэн хэвийн атлаа, давчдам өдрүүдийн дунд David хосоо олж чадах уу эсвэл хавч болон хувирах болов уу.

5. Мексикийн найруулагч Alejandro Iñárritu-гийн Biutiful кино нь нэр шигээ зураг авалт хийгээд, киноны агшин бүр нь "үзэсгэлэнтэй" кино юм.
Гол дүрд Javier Bardem тоглосон бөгөөд хорт хавдраар удалгүй үхнэ гэдгээ мэдсэн эр өөрийн хүүхдүүддээ үргэлжид сэтгэл зовно. Нийгмийн дунджаас доод давхаргад өдөр бүрийг хэрхэн даван туулах, амьдралаа хэрхэн баталгаатай байлгах зэрэг нь цаг үргэлж сорилт байх болно. Гэхдээ гол дүрийн Uxbal бол хүүхдүүдийнхээ ирээдүйг өөрчлөх хүсэл эрмэлзлэл, аав хүний хариуцлага, тэвчээр, сонголтуудыг өөрийнхөө бий болгож, туулж яваа нэгэн юм.

Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.